"Татварын хуулийн шинэчлэл"-ийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. Хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь бизнесийн орчинг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын татварын шинэ зарчмуудыг нэвтрүүлэхэд, татварын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход чиглэгдэж байгаа юм.
-Татварын багц хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Яг ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ард иргэдийг ажилтай, орлоготой болгох шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улсын татварын албанд нийт 132500 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг ч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 85 хувийг 398 аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Татварын албанд бүртгэлтэй ААН-ийн нэг хүрэхгүй хувь нь улсын төсөвт хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Үлдсэн 15 хувийг татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 99 хувь нь бүрдүүлдэг гэж ойлгож болно.
-Татварын хуулийг өөрчлөхөөр оруулж ирсэн зорилго нь юу вэ?
-Татвар төлсөн ААН-ийн орлогын байдлыг судалж үзээд тогтолцоог өөрчлөх ёстой гэж шийдэж, татварын шинэчлэлийг оруулж ирсэн. Татвар төлөгчдөө болон эдийн засгийн орлогоо нэмэх зорилго тавьсан. Нэг үгээр хэлбэл, татварын хуульд өөрчлөлт оруулж, татвар тайлагнахад энгийн, хялбар болгож байна. Түүнчлэн төлдөг хувь хэмжээг нь буулгаж, хөрөнгө оруулагчаа эргэж нөхөж авах хугацааг нь сунгаж өгч байгаа юм. Татварын багц хуулиас гадна 20 гаруй дагалдах хуульд өөрчлөлт оруулж өгнө.
-Хуулийг шинэчилсэнээр эдийн засагт ямар үр дүн нөлөө гарах вэ?
-Эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэх нааштай үр дүн авч ирнэ гэж тооцоолж байна. Аж ахуйн нэгжийг дотоод, гадаад гэж ялгаварлахгүй, адилхан авч үзнэ. Энэ нь бизнес эрхлэх таатай орчин, аж ахуйн нэгжийн ажлын байрыг бий болгох чиглэлийн шинэчлэлийг хийж байна гэж ойлгож болно. Татварын хувь хэмжээг өөрчилж байгаа. Өөрчлөгдөж байгаа тоо болгон буурсан. Өсөөгүй. Тайлагналтын хэмжээг "Эрдэнэт" үйлдвэр ч бай, найман нэрийн дэлгүүр ч бай жилд дөрвөн удаа тайлан гаргана. Ингэснээр бид бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж өгч байгаа юм. Энэ мэт үр дүн гарна гэж тооцоолж байна.
-Ажлын байр бий болгоно гэлээ. Аль салбарт хамгийн их ажлын байр нэмэгдүүлэх вэ?
-Хэд, хэдэн салбарыг онцолж хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, аялал жуулчлалын салбар. Энэ салбарыг хөгжүүлэх гэхээр агаарын тээврийн асуудал хөндөгддөг. Тиймээс Эдийн засгийн чуулга уулзалтаар энэ асуудлыг шийднэ, хэлэлцэнэ. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбарт нэлээн анхаарч ажиллана. Дээр нь, мэдээллийн технологийн салбарт хөгжил, дэвшил бий. Тиймээс энэ чиглэлд ч мөн түлхүү анхаарч ажиллана. Ажлууд ч хийгдэнэ.
-Хувийн хэвшлээ хэр дэмжиж ажиллах вэ?
-Хувийн хэвшлийг тууштай, бодлогоор дэмжиж ажиллахад анхаарна. Учир нь төр бүгдийг нь хийх гээд хутгалдаж оролцохоор хувийн хэвшлийнхэн нь санал, санаачилга гаргахаа больдог. Хувийн хэвшлийнхэн нь хийх гээд зүтгэхээр төр өөр газар, өөр төслийг дэмжчихдэг. Энэ нь хувийн хэвшлийнхэнд асар том эрсдлийг авч ирдэг. Үүнийг олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр хувийн хэвшлийнхэн хэлдэг, анхааруулдаг.
-Хөрөнгө оруулалтын тухайд?
-Бид хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрийг идэвхтэй хийж байгаа. Сангийн яамнаас гадны зээл тусламжаар хэрэгжих төслийг сайн анхаарч ажиллаж байна. Зээл биш хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Ийм байр суурийг барьж ажиллаж байна.
-Ойрын хугацаанд хөдөлгөх томоохон ямар төсөл байна вэ?
-Одоо хэрэгжээд явж байгаа том төслүүд байна. Тухайлбал, Оюу толгой болон Таван толгой төсөл. Дэд бүтцийн томоохон төслүүд ч байна. Дээр нь аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэх, орон нутагт түүх соёлтой холбогдсон зүйлч байна. Тэгэхээр бид том нэг, хоёр төслөөсөө илүү татвар төлөгчдийнхөө суурийг өргөн болгож өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн үр ашиггүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг олон нийтэд санал болгох, хувьчлах ажлыг Засгийн газар түлхүү хийнэ. Үүнийгээ ч "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-доо тусгаж өгсөн. Цаад агуулга нь эдийн засгаа л солонгоруулах юм.
-Ер нь татварын хуулийн шинэчлэлийг олон улсын холбогдох хуультай хэр уялдуулж байгаа вэ?
-Энэхүү татварын шинэчлэлийг ганц Монголдоо хийгээгүй. Бусад оронтой ямар байна тэр нь эргэж Монголд орж ирэх валютын урсгал болон хөрөнгө оруулалтад нөлөөлдөг. Тиймээс бид бусад орон татварын хуульдаа ямар өөрчлөлт хийж байна тэрхүү чиг хандлагыг нь харгалзан үзэж байна. Тухайлбал, АНУ-ыг авч үзвэл аж ахуйн орлогын албан татварын төлөх хэмжээ 35 хувь байсныг 20 хувь болгосон. Үүнийг дагаад Хятад улс татварын хуульдаа өөрчлөлт оруулаад эхэлчихсэн байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр энэ мэт арга хэмжээг аваад эхэлчихсэн болохоор бид яг энэ цаг мөчид шинэчлэл хийхгүй л бол хоцорно.
Б.Анир