Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын дарга Б.Батбаатар улс төр дэх утсан хүүхэлдэй болж хувирлаа. Эрх баригчид түүнийг хүссэнээрээ удирдаж, хүссэнээ хэлүүлж, хийлгэж, бас хөдөлгөж байна. Харин намын дарга Б.Батбаатар үүнийг нуухын тулд “Бид 118 хүний эсрэг дөрвүүлэхнээ шахам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна, Сүүдрийн Засгийн газар байгуулна” гэж “томорч” харагдана. Өнөөх бардам ам, шалдан гуя гэдэг нь энэ бололтой.
Тус нам өнгөрсөн УИХ-ын сонгуулийнүр дүнд жагсаалтаар дөрвөн суудал авч, намынхаа түүхэнд бичигдэх чухал амжилтыг үзүүлсэн. Тодорхой хэлбэл, ИЗНН-ын дарга Б.Батбаатар болон М.Нарантуяа-Нара, Р.Батболд, С.Замира нар сонгогчдын намд өгсөн саналаар УИХ-ын гишүүн болцгоосон юм. Гэвч сүүлийн өдрүүдэд намын дарга, дэд даргынх нь зөрчил хурцдаж, иргэдийн тус нам, тус намаас сонгогдсон гишүүдэд итгэх итгэл алсарсаар байна. Үүнд оройлон үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс нь намын дарга Б.Батбаатар, дэд дарга асан М.Нарантуяа-Нара нар юм.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дэд дарга асан М.Нарантуяа-Нара намын даргыгаа сонгуулийн дараа санхүүгийн тайлан, тооцоогоо танилцуулсангүй. УИХ-ын чуулганд суудаггүй, хурууны хээгээ уншуулах гэж, эс бөгөөс үг хэлэх зорилгоор л орж ирдэг хэмээн шүүмжилсэн юм. Хариуд нь намын дарга нь Үндэсний хороогоо өнгөрсөн амралтын өдөр хуралдуулж, Нараг дэд даргынх нь албан тушаалаас буулгасан. Мөн үеэр түүнийг намаас хөөх санал ч гарсан байдаг.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар энэ талаар “Үндэсний хорооны хурал дүрмийн дагуу болсон. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор найман дэд даргаа чөлөөлж, дахин санал хурааж, шинээр дэд дарга нарыг томилсон. Хуульд нийцүүлж, жендерийн тэгш байдлыг хангасан. Ирц бүрдсэн, манай намын удирдлагад миний ах, дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд байхгүй” хэмээсэн юм. Мөн улстөрчдийн мэхийг 20 жил хийж, хийлцсэн бөгөөд нам доторх зөрчлөө гаднаас шидсэн “чулуу” гэлээ. Үнэндээ тэр өөрөө намаа хагалган бутаргах “чулуу”, эрх баригчдын утсан хүүхэлдэй болчихоод байгаа билээ.
НАМДАА ХАГАС ТЭРБУМЫГ ХАНДИВЛАСАН ГЭХ Ч 20 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГО, 243 САЯ ТӨГРӨГИЙН БЭЛЭН МӨНГӨТЭЙ
Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ИЗНН-ын жагсаалтад багтахын тулд 200 сая төгрөг хандивласнаа ил болгов. Харин намын дарга нь түүнийг 125 сая төгрөг л өгсөн, би өөрөө 500-600 сая төгрөг хандивласан. Сонгуульд нийт тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэлээ.
Намдаа хагас тэрбум төгрөг хандивладаг даргын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогыг нь харвал, түүний орлого ердөө 20 сая төгрөг. Гэр бүлийн орлогогүй, амины болон нийтийн гээд ямар нэгэн орон сууцгүй, барилгагүй, хашаа байшингүй, хаана амьдардаг нь тодорхойгүй, орон гэргүй, эс бөгөөс хэн нэгнийд толгой хорогддог бололтой. Мөн тээврийн хэрэгсэлгүй, газаргүй, малгүй, үнэт эдлэл ч үгүй, харин гагцхүү 243 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байх юм. Гэтэл ийм хөрөнгөтэй тэрбээр намдаа хандивлах хагас тэрбум төгрөгөө хаанаас гаргасан бэ гэдэг нь асуулт дагуулна. Хэрэв түүнийг 500-600 сая төгрөгтэй байсан, тэгээд түүнийгээ хандивласан гэж үзвэл санхүүжилтийнх нь эх үүсвэрийг олох шаардлагатай болж байгаа юм.
ЗОРИГ НЬ ХЭН БЭ
ИЗНН бол зоригоо чангалсан иргэдийн нам хэмээн дарга нь онцоллоо. 24 жилийн түүхтэй тус намын түүх дарга Б.Батбаатарынх нь үед тасарч магадгүй нь. Учир нь энэ намын дотоод зөрчил хэрээс хэтэрч, иргэдэд “Аль ч нам ялгаагүй. Бараг МАН, АН нь дээр юм биш үү дээ” гэх чимээгүй утгыг давхар дайж байна.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Манай намд асуудал байхгүй. Нам бол хувийн байгууллага биш, ИЗНН ард түмний нам байх ёстой” гэж мэдэгдсэн. Түүнчлэн чуулганы хуралдааныг үе үе тасалдагаа “Санал хураахгүй чуулганы үеэр гишүүд танин мэдэхүйн шинж чанартай асуулт асууж байгаа нь цаг үрж байна” хэмээн өөрийгөө өмөөрлөө. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, Сүүдрийн Засгийн газар байгуулах гэж байгаа бүхэл бүтэн намын даргын амнаас гармааргүй л үг.
Б.Батбаатарын хувьд МУИС-ийг эдийн засаг, бизнесийн удирдлагын магистр, мөн эрх зүйч мэргэжлээр төгссөн. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. 2016 онд АН-аас хөөгдөж, УИХ-д нэр дэвшиж чадаагүй. Харин 2020 онд ИЗНН-аас УИХ-д нэр дэвшсэн ч модоо барьсан гэдэг. Улмаар намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2023 онд даргаар сонгогдон, өдгөө УИХ-ын гишүүд болоод байгаа юм.
ИЗНН бол Монголын улс төрд гуравдагч хүчний орон зайг бий болгохоор, төр, нийгмийн нэр зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны үйл хэргийг үргэлжлүүлэхээр байгуулагдсан нам. Гэтэл өнөөдөр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь байтугай, нам дотроо хөлөө жийлцэж, эрх баригчдын утсан хүүхэлдэй хийсээр ирэх сонгуулиар тоос адил замхрах бололтой. ИЗНН-ын “зориг” нь намын дарга, намынхан нь бус, тэднийг утсан хүүхэлдэй адил удирдаж, хооронд нь хагарган бутаргаж байгаа хүмүүс л болж таарах нь.
УЛС ТӨР ДЭХ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ |