Түүний амнаас гарч байсан хэд хэдэн тод үг өнөөдөр ч хүмүүсийн ой санамжид хадгалагдаж үлдсэн.
-“Эбигийн хонгилыг нураана”
-“Цагаан суваргыг төрд эргүүлж авна”
-“Амиа алдахаас ч айхгүй тэмцэнэ”
-“Хурц намайг баривчлах гэж байна” Эдгээр нь тэр үеийн олон нийтийн бухимдал, шударга ёсны хүслэмжлэлийг яг онож, түүнийг нэг төрлийн “ард түмний баатар” болгосон.
Гэвч эрх мэдэлд хүрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болсных нь дараа дүр зураг өөрчлөгдсөн. У.Хүрэлсүхэд олон нийт итгэсээр, дэмжлэг өгсөн гол шалтгаан бол түүний хуучин эрх мэдэлтнүүдтэй хатуу тэмцэнэ гэсэн амлалт байлаа. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд: Г.Занданшатартай ойртсон. Х.Баттулгатай (Женко) сүжирч, хамтран ажилласан. Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёртой бүр нэг талд гарч, тохиролцоо хийсэн гэх улстөрийн алхмууд гарсан. Үүний тод жишээ нь: У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналыг гаргаж байсан нь “анх Хурц намайг барих гэж байна” гэж ярьж явсан дүртэй нь тэс өөр харагддаг. Энэ бол түүний улс төрийн “хоёр нүүр”-ний тодорхой жишээ. Өнөөгийн нөхцөл байдал: Занданшатарыг дэмжиж буй Ерөнхийлөгч Одоо У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувиар намынхаа дотоод өрсөлдөөнд шууд оролцож, Г.Занданшатарыг илт дэмжиж буй нь улс төрийн “хуучин хэв маяг” үргэлжилж байгааг харуулж байна. Занданшатар бол өөрөө өмнөх тогтолцооны салшгүй нэг хэсэг. Тэгвэл шударга ёсны төлөө тэмцэгч гэсэн дүрээр гарч ирсэн Ерөнхийлөгч яагаад өнөөдөр хуучны хүчний төлөөлөл болсон хүнийг дэмжиж байна вэ? Эндээс хоёр том дүгнэлт гарна.
1. Хувийн амбиц ба улс төрийн ашиг сонирхол шударга ёсны амлалтаас үргэлж илүү гардаг. У.Хүрэлсүхийн өмнөх мэдэгдлүүд бол ард түмний дэмжлэг авахын тулд хэлсэн улс төрийн популизм байсан гэдэг нь тодорхой болж байна.
2. Монголын улс төрд эвсэл, тохиролцоо, эрх мэдлийн наймаа бол үнэн хэрэгтээ гол тоглоомын дүрэм. Өчигдөр дайсан байсан хүн өнөөдөр нөхөр болж, маргааш дахин дайсан болохоос ч буцахгүй. Энэ нь улс төрийн институц сул, хувь хүний тохиролцоон дээр бүх зүйл эргэдэгтэй холбоотой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол шударга ёсны туг барьсан удирдагчийн дүрээр гарч ирсэн ч, эрх мэдэлд хүрмэгцээ хуучин тогтолцооны нэг хэсэг болж хувирсан улстөрч. Өнөөдөр тэрбээр намын даргын сунгаанд хүртэл шууд оролцож, өөрийн тааллаар “хүнийг сойж” буй нь институцийн хариуцлага, ардчиллын зарчмыг доройтуулж байна.
Энэ бол Монголын ардчиллын хамгийн том эмгэнэл. Хүн солигддог, гэхдээ тогтолцоо өөрчлөгддөггүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!