Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙГ “ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛИЙН ХАЯАЛУУД ЭЭЛЖИЛЖ УДИРДАХ НЬ ШУДАРГА УУ

Хоёр жил хагасын өмнө “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс сүр дуулиантайгаар төрд авсан Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д “Шилэн” хочит Б.Цогтгэрэл эзэн суучихжээ. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийг төрд авсан цагаас нь удирдсан анхны захирал Л.Наранбаатар нь Б.Цогтгэрэлийн хамаатан. Тэгвэл Л.Наранбаатарыг халааг авсан одоогийн захирал Д.Баттүвшин нь мөн л Б.Цогтгэрэлийн хамаатан. Тэгээд болоогүй, “Цемент шохой” ТӨХК-ийн газар, хэлтсийн дарга нар нь ч Б.Цогтгэрэлийн “хамсаатан”-ууд байх ажээ.

Одоо он дарааллаар нь ойлгомжтойгоор тайлбарлъя.

2020 оны дөрөвдүгээр сарын 21. “Шилэн” хочит Б.Цогтгэрэл, Пауэрлифтингийн дэлхийн аварга Х.Угтахбаяр нар Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс төрд буцааж авахыг шаардсан 4324 иргэний гарын үсэгтэй шаардах бичгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өргөн барив. Өөрөөр бол, 2015 онд “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгт хувьчлалаар очсон Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг төрд буцааж авах МАН-ын “захиалга”-тай акцыг “Шилэн” хочит Б.Цогтгэрэл эхлүүлсэн нь энэ байлаа.

Тайлбар: “Шилэн” хочит Б.Цогтгэрэл, Пауэрлифтингийн дэлхийн аварга Х.Угтахбаяр, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, 2020 он

2022 оны гуравдугаар сарын 23. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг төрийн мэдэлд авахаар шийдвэрлэв. Нөгөөдөр нь буюу 2022 оны гуравдугаар сарын 25-нд Эдийн засагч гэх Л.Наранбаатарыг “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.

Тэгвэл “Шилэн” хочит Б.Цогтгэрэл, Л.Наранбаатар хоёр хаяалууд буюу тун ойрын хамаатан. Тодруулбал, Б.Цогтгэрэлийн ээжийнх нь ээж буюу эмээг нь Мөрийн Дуламсүрэн гэдэг. Харин Мөрийн Дуламсүрэнгийн төрсөн дүүг нь Мөрийн Балдан-Осор гэдэг. М.Балдан-Осорын хүү Б.Лүндэг, Б.Лүндэгийн хүү нь Л.Наранбаатар юм. Өөрөөр бол, тун ойрын хамаатнууд. Тэд өөрсдөө ч тун дотно байцгаадаг.

Тайлбар: "Шилэн" хочит Б.Цогтгэрэл, "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар, "Цемент шохой" ТӨХК-ийн Шуурхай удирдлагын газрын дарга Х.Угтахбаяр, 2022 оны долдугаар сар, Сэлэнгэ аймаг

2023 оны арванхоёрдугаар сарын 28. “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд ажлаа хүлээлгэж өгөв. Улмаар хаваржин Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудыг Б.Цогтгэрэлтэй “хөтлөлцөн” тойрсон ч мандатгүй хоцорсон. Харин түүний оронд Б.Цогтгэрэл нэр дэвшээд унасныг санаж буй байх.

Тайлбар: "Шилэн" хочит Б.Цогтгэрэл, "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар, 2024 оны дөрөвдүгээр сар, Сэлэнгэ аймаг

2024 оны нэгдүгээр сарын 5. Л.Наранбаатарын оронд “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын худ, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томилов. Гэвч Л.Элдэв-Очир “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэлийн захирлын албан тушаалд ганцхан сар болоод чөлөөлөгдөв.

2024 оны хоёрдугаар сарын 9. Л.Элдэв-Очирын оронд “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Дамдинсүрэнгийн Баттүвшин гэх залууг томилов. Д.Баттүвшин одоог хүртэл “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.

Тэгвэл “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин нь мөн л “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн хамаатан. Тодруулбал, “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн нагац эгч Л.Оюундарийн бага хүү нь “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин юм.

Тайлбар: "Шилэн" хочит Б.Цогтгэрэл, "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин, хамаатнуудын уулзалт, 2021 он, Дархан хот

Тайлбар: "Шилэн" хочит Б.Цогтгэрэл нагац ах, эгч нарын хамт. "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшингийн ээж Л.Оюундарь

Үргэлжлүүлэн, “Цемент шохой” ТӨХК-ийн газар, хэлтсийн дарга нарыг танилцуулъя

Эхэнд дурдсанчлан, “Шилэн” хочит Б.Цогтгэрэл 2020 онд Пауэрлифтингийн дэлхийн аварга Х.Угтахбаяр гэх дүүтэйгээ хамтран “Цемент шохой” үйлдвэрийг төрд авах акцыг эхлүүлж, Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж байв. Гэтэл өнөөх Х.Угтахбаяр нь 2022 онд Л.Наранбаатарыг гүйцэтгэх захирал болмогц “Цемент шохой” ТӨХК-ийн Цементийн үйлдвэрийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Гэтэл одоо Х.Угтахбаяр нь “Цемент шохой” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн даргаар дэвшин ажиллаж байгаа ажээ.

Тайлбар: 2022 оноос "Цемент шохой" ТӨХК-ийн Цементийн үйлдвэрийн дарга, Шуурхай удирдлагын төвийн даргаар ажиллаж байгаа Х.Угтахбаяр

“Цемент шохой” ТӨХК-ийн Ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл технологийн газрын даргаар Т.Алтанхуяг гэх залуу ажиллаж байгаа. Тэгвэл Т.Алтанхуяг нь “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн дүү Х.Угтахбаярын 10 жилийн нэг ангийн найз. Мөн л пауэрлифтингийн тамирчин. Тэгээд болоогүй, Т.Алтанхуяг, Х.Угтахбаяр хоёр 2017 онд “Сэлэнгэ аймгийн хүч тамирын холбоо” ТББ-ыг хамтран байгуулж, эзэмшиж ирсэн.

Тайлбар: "Цемент шохой" ТӨХК-ийн Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга Т.Алтанхуяг, "Цемент шохой" ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн дарга Х.Угтахбаяр

“Цемент шохой” ТӨХК-ийн Дотоод хяналт, шинжилгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргаар А.Энхбаяр гэх залуу ажилладаг. А.Энхбаяр нь “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар ажиллаж байгаад “Цемент шохой” ТӨХК-д очсон. “Шилэн” хочит Б.Цогтгэрэл “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн. Тэгэхээр Б.Цогтгэрэл өөрийнхөө удирдлага доор ажиллаж байсан А.Энхбаярыг “УБТЗ” ХНН-ээс “Цемент шохой” ТӨХК-д аваачсан гэж харах бүрэн үндэслэлтэй.

“Цемент шохой” ТӨХК-ийн Бизнес удирдлагын газрын даргаар Л.Нямбаяр гэгч ажиллаж байгаа. Л.Нямбаярын тухайд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнгийн “Хас медиа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Мөн МАН-ын томилгоогоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын даргаар ажиллаж байсан. Сонирхуулахад, тэртээ 2015 онд Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр хоёр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн сэнтийг булаацалдан талцаж байх үед Л.Нямбаяр, Б.Цогтгэрэл хоёр Л.Оюун-Эрдэнийн талд зогсож байлаа.

“Цемент шохой” ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газрын даргаар А.Галбаатар гэгч ажилладаг. А.Галбаатар нь “Шилэн” хочит Б.Цогтгэрэлтэй нэгэн үеийн МАН-ын зүтгэлтэн бөгөөд 2016-2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Улмаар МАН-ын томилгоогоор “Цемент шохой” ТӨХК-д газрын даргын албан тушаалд очсон. Сонирхуулахад, А.Галбаатар нь МАН-ын Тэргүүний ажилтан өргөмжлөлтэй, МАН-ын Эх орны төлөө медальтай нэгэн.

Уг нь “Цемент шохой” ТӨХК дотоодын цементийн хэрэгцээний 30 хувийг, шохойн хэрэгцээний 90 хувийг хангадаг. Нийтдээ 800 гаруй ажилчинтай, жилд 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог нүсэр компани. Харамсалтай нь, ганцхан гэр бүл буюу Хиад жинчин овгийн Б.Цогтгэрэлийн удмынханд “эзлэгдчихжээ”.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙГ “ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛИЙН ХАЯАЛУУД ЭЭЛЖИЛЖ УДИРДАХ НЬ ШУДАРГА УУ
УЛС ТӨР ДЭХ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ
УЛС ТӨР ДЭХ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.