Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Төсвийн тухай хуульд нийслэлийн төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаярт нийслэлийн 2027 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр /2026.11.20/ өргөн барилаа.

Төсвийн төслийг өргөн барихад НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт нар мөн байлцлаа.

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулахдаа нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна.

Ирэх оны төсөвт иргэн төвтэй байх зарчмыг баримталж, иргэдийн санал, хүсэлт, нийтийн хэлэлцүүлэг, судалгаанд үндэслэн нийслэлийн өмнө тулгамдаж буй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудлыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлжээ.
Мөн төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлж, иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг тусгасан байна. Үүнд, нийтийн тээврийн их багтаамжийн үйлчилгээг эхлүүлэх, нийтийн тээврийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зөвхөн түлшний асуудалд төвлөрөхгүйгээр гэр хорооллын янданг бууруулах, цэвэр халаалтын төхөөрөмж нэвтрүүлэх, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарчээ.
Түүнчлэн төсвийн зардлыг оновчтой болгож, үр ашиггүй ажиллаж буй 1000 орчим орон тоог цөөлөхөөр төлөвлөсөн байна. Ингэснээр хэмнэгдсэн хөрөнгийг ажлын ачаалал өндөртэй албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр төсвийн төсөлд тусгасан талаар Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээллээ.
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын холбогдох хороод болон төлөөлөгчдийн бүлгүүдээр хэлэлцүүлж, улмаар НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Нидерланд улсын Хувийн мэдээлэл хамгаалах газар (AP) AI ухаалаг нүдний шил худалдан авахгүй байхыг зөвлөж
Нидерланд улсын Хувийн мэдээлэл хамгаалах газар (AP) AI ухаалаг нүдний шил худалдан авахгүй байхыг зөвлөж
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!