Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаанхад–Гашуунсухайт чиглэлийн 30.8 км авто замыг бусдад эзэмшүүлж, зам ашигласны төлбөрөөс ашиг хүртдэг гэх гомдлын дагуу Авлигатай тэмцэх газар хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус аймгийн Засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжийн дагуу уг авто зам болон түүний зурвас газрыг төрийн бус байгууллагад гурван жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна.

Гэвч гэрээний хэрэгжилт хангалтгүй, зам ашигласны төлбөрийг орон нутгийн авто замын санд бүрэн төвлөрүүлээгүй, холбогдох байгууллагууд хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илэрчээ.
Тодруулбал, 2024-2025 онд тус замаар аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл давхардсан тоогоор 95,840 удаа зорчсон бөгөөд нийт 958.3 сая төгрөгийн төлбөр төвлөрүүлэх ёстой байснаас ердөө 438.2 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Мөн гэрээний талуудын хооронд ашиг сонирхлын зөрчил үүсэж, бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогджээ.

Үүнтэй холбогдуулан АТГ-аас гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах, зам ашигласны төлбөрийн бүрдүүлэлтийг сайжруулах, тээврийн хэрэгслийн бүртгэлийг технологийн шийдэлд тулгуурлан боловсронгуй болгох зөвлөмжийг аймгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.
Зөвлөмжийн дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулж, дутуу төвлөрүүлсэн 103 сая төгрөг болон бүртгэлд тусгаагүй 65,815 удаагийн тээвэрлэлтэд ногдох 658.1 сая төгрөгийг нөхөн төвлөрүүлэх арга хэмжээ авчээ.
Ингэснээр нийт 761.19 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэх арга хэмжээ авсан талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!