Сарын 4.5 хувиас өндөр хүүтэй зээл олгосон ББСБ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлнэ

Иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас барьцаатай буюу уламжлалт зээл авахад зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байгаа бол технологид суурилсан, аппликейшнээр дамжуулан зээл олгодог байгууллагууд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17.1-т заасан зөвлөлөөс тогтоосон сарын 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээлийг иргэдэд олгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтаар илэрсэн. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн нөхцөлийг ил тод хариуцлагатай болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс ББСБ-уудын сарын зээлийн хүүг дээрх зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүний дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Мөн иргэд нэгэн зэрэг олон зээлтэй болох, зээлийн давхардал үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай бүрд холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхаар болов. Зээлийн хүүгийн тогтоосон дээд хэмжээг зөрчсөн ББСБ-д иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар тус хуралдаанаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд нэмэлт санхүүгийн дарамт үүсгэж байгаа зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамжийг зохицуулах зорилгоор холбогдох хууль тогтоомж, журамд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь иргэдийн зээлийн дарамтыг бууруулах, зээлийн үйлчилгээний зардлыг багасгах, зээл авах нөхцөлийг илүү ойлгомжтой, ил тод болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа юм.

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ“ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ“ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!