Монгол иргэдэд жагсаал зохион байгуулж буй газраар зорчихгүй байхыг анхааруулав

ФРАНЦ УЛСАД ОРШИН СУУГАА БОЛОН ТУС УЛСАД ЗОРЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бүгд Найрамдах Франц Улсад 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амьжиргааны өртгийн өсөлт, нийгэм, эдийн засгийн асуудлыг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал, цуглаан болж, Парис, Марсель, Лион, Бордо, Лимож зэрэг хотод нийтийн эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, галдан шатаах, дээрэм тонуулын хэрэг гарсан байна.

Франц Улсын Дотоод хэргийн байгууллагын мэдээлснээр жагсаалын үеэр 2,000 гаруй хүнийг баривчилж, нийтийн хэв журам сахиулах ажиллагаанд оролцсон 600 гаруй алба хаагч гэмтжээ. Тус улсын эрх баригчид цаашид нөхцөл байдлыг тогтворжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн байна.

Иймд Франц Улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Үүнд:

- Жагсаал, цуглаан зохион байгуулагдаж буй газар болон ойр орчмоос хол байх, олон хүн цугларсан, нөхцөл байдал хурцдаж болзошгүй бүсэд зорчихоос зайлсхийх;

- Цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, шаардлагыг биелүүлэх, орон нутгийн эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх;

- Галдан шатаалт, мөргөлдөөн, дээрэм тонуул гарсан бүсэд ойртохгүй байх, шаардлагагүй тохиолдолд хотын төв болон жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх;

- Нийтийн тээвэр, авто замын хөдөлгөөний өөрчлөлтөд анхаарах, зорчих маршрутаа урьдчилан шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын төлөвлөгөөгөө өөрчлөх;

- Хувийн бичиг баримт, мөнгө, гар утас болон бусад эд зүйлсээ сайтар хамгаалах, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ тогтмол холбоотой байх.

Иргэд Та бүхэн аливаа эрсдэлтэй нөхцөл байдалд өртсөн тохиолдолд аюулгүй газарт нэн даруй шилжиж, Франц Улсын цагдаа болон холбогдох шуурхай тусламжийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Монгол Улсын иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангана уу.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ

Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Хаяг: Ambassade de Mongolie, 5, Avenue Robert Schuman, 92100 Boulogne-Billancourt

Утас: 33 (1) 46052812, 33 (1) 4605 23 18 (Консул)

Шуурхай утас: +33 626082898

Цахим шуудан: [email protected]

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ
 
АИ-92 автобензин 10 хоногийн нөөцтэй байна
АИ-92 автобензин 10 хоногийн нөөцтэй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!