Роналдиньо зодог тайлснаасаа хойш анх удаа талбайд гарч, “Равенна” баг ялалт байгууллаа

Бразилын хөлбөмбөгийн домогт тоглогч Роналдиньо 46 насандаа зодог тайлснаасаа хойш анх удаа талбайд гарч, Италийн Сери С лигийн “Равенна” багийн төлөө тоглолоо. Тэрбээр “Форли” багийн эсрэг тоглолтыг үндсэн бүрэлдэхүүнд эхлүүлж, баг нь 2:0-ээр ялалт байгуулжээ.

Роналдиньо хамгийн сүүлд 2015 онд Бразилын “Флуминенсе” багт тоглосон бөгөөд өнгөрсөн наймдугаар сард “Равенна” клубт хөрөнгө оруулагчаар нэгдсэн юм.

Тэрбээр тоглолтын эхний гоолын довтолгоонд оролцож, эсрэг багийн хамгаалагчийг хуурч бөмбөг дамжуулснаар Жулио Донатигийн гоолын довтолгооны эхлэлийг тавьжээ. Мөн булангийн цохилтоос гоолын боломж бүрдүүлсэн байна. Роналдиньо эхний хагасын дараа сэлгээгээр талбайг орхисон аж.

Түүний эргэн ирэлтийг үзэхээр цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хөгжөөн дэмжигч цугларсан бөгөөд тоглолтыг хэд хэдэн улсад шууд дамжуулжээ. Мөн Роналдиньогийн нэр болон өмсгөлийн 10 дугаарыг бэлгэдсэн “R10” нэртэй түр үзэгчдийн суудал байгуулсан байна.

Роналдиньо 2002 онд Бразилын шигшээ багийн хамт Дэлхийн аварга болж, 2006 онд “Барселона”-гийн хамт Аваргуудын лигт түрүүлсэн. Түүнчлэн 2005 онд “Алтан бөмбөг” болон ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хүртэж байв.

Тэрбээр мэргэжлийн замналынхаа турш 299 гоол оруулсан бөгөөд “Равенна” багийн төлөөх тоглолтоор 300 дахь гоолоо оруулах боломжтой байжээ.

Тоглолтын дараа түүнээс дахин талбайд гарах эсэхийг асуухад “Хэрэв багийн ерөнхийлөгч над руу залгавал би эргээд ирнэ” хэмээн хариулсан байна.

эх сурвалж: BBC News

Хотын албан татварыг нэг хувь болгон буурууллаа
Хотын албан татварыг нэг хувь болгон буурууллаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!