Нидерландын Хувийн мэдээлэл хамгаалах газар (AP) хиймэл оюун ухаан (AI) бүхий ухаалаг нүдний шил худалдан авахгүй байхыг иргэдэд зөвлөжээ. Учир нь тус төхөөрөмжүүдийн хиймэл оюун ухаан буруу мэдээлэл өгч, хүний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүйг туршилтаар тогтоосон байна.
Тус байгууллага Нидерландын зах зээлд худалдаалагдаж буй зургаан төрлийн ухаалаг нүдний шилд туршилт хийхэд эмийн савлагаан дээрх зааврыг буруу унших, цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлгийг буруу тайлбарлах зэрэг алдаа илэрчээ.
Мөн зүрх, уушгины сэхээн амьдруулах тусламжийн заавар хүсэхэд нэг төхөөрөмж түргэн тусламж дуудсан, удахгүй ирнэ гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн ч бодит байдал дээр дуудлага хийгдээгүй байжээ.
Түүнчлэн насанд хүрсэн хэрэглэгч насанд хүрээгүй хүүхэдтэй болзох сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд нэг төхөөрөмжөөс болзооны зөвлөгөө өгсөн нь хүүхэд хамгааллын ноцтой алдаа гэж үзсэн байна.
Үүнээс гадна бичлэг хийж байгааг анхааруулдаг гэрлийг наалтаар халхалсан ч зарим төхөөрөмж хэвийн ажиллаж байжээ. Мөн хамгаалалтын сул талыг ашиглан ойр орчмын хүн зөвшөөрөлгүйгээр бичлэг үзэх, камерыг алсаас удирдах боломжтой байсныг тогтоосон байна.
AP байгууллага ухаалаг нүдний шил нь харааны бэрхшээлтэй хүмүүст орчноо таних, бичвэр уншихад туслах ач холбогдолтойг хүлээн зөвшөөрсөн ч хиймэл оюун ухааны мэдээлэл найдвартай байх шаардлагатайг онцолжээ.
Тус байгууллага ухаалаг нүдний шилийг худалдаалахыг хориглох санал гаргаагүй боловч хэрэглэгчдэд худалдан авахгүй байхыг зөвлөсөн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!