Ардчилсан үзэл санаанд хайртай монголчууд улс төрд гуравдагч хүчний төлөөллийг оруулж, хүчтэй сөрөг хүчин бий болгох хүсэл, хүлээлт ихтэй байлаа. Тиймээс өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуульд ихээхэн ач холбогдол өгч, олон намын төлөөллийг багтаахыг зорьж байсан. Харамсалтай нь, сонгогчдын итгэлийг хэн хэн нь даагаагүй. Тэр тусмаа сөрөг хүчин гэгдэх Ардчилсан нам, гуравдагч хүчин болох ХҮН-ынхан иргэдийн хүлээлтэд хүрсэнгүй.
Уг нь тэд УИХ-д амжилтаа ахиулж, иргэд итгэл хүлээлгэсэн нь парламентын үр дүнгээс тодорхой байв. УИХ-д Ардчилсан нам 42, ХҮН найман суудал авсан. Хэрэв хүчтэй улс төрийн хүчин байж чадвал дараагийн дөрвөн жилд үүнээсээ ч илүү амжилттай оролцох боломжтой байв.
Гэвч улс төрд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх нь битгий хэл тэд хамтарсан Засгийн газарт багтаж, МАН-тай нэг “хөнжил”-д орсноор улс төрд гараанаасаа гарч чадалгүй тоглолтоо өндөрлүүлэхэд хүрээд байна. Хатуухан хэлэхэд, дөнгөж хөл дээрээ зогсож эхэлж байгаа ХҮН улс төрийн тоглолтоо өндөрлүүлэхэд хүрээд байна. Үүнд хамтарсан Засгийн газарт сайдын суудалд тухалсан Т.Доржханд, П.Наранбаяр нар буруутай гэдэг нь бодит үнэн.
ХҮН-д итгэж, энэ намын үзэл суртлыг дагадаг мянга мянган гишүүнийхээ итгэлийг тэд даасангүй. Уг нь ХҮН-ыг улс төрд дараагийн гуравдагч хүчний үүрэг гүйцэтгэх үзэл, хандлага нь төлөвшиж яваа нам хэмээн итгэж байлаа. Тиймдээ ч улс төрд шинээр орж буй залуу боловсон хүчнүүд олонхоороо ХҮН-ын үзэл баримтлалыг дэмжиж, улс төрд өөр өнгө байх гэж чамгүй хичээсэн, зүтгэсэн. Харин хүнээр бол дөнгөж хөлд орж яваа уг нам эрх баригчидтай ханцуйн дотроо наймаалцаж, улс төрд бүрэн бойжиж чадалгүй дампуурахад хүрээд байна.
Угтаа бол энэ нь саяхан болж өндөрлөсөн орон нутгийн сонгуулиар тодорхой болж байна. Хамтарсан Засгийн газарт багтаж, эрх баригч намтай нэг “хөнжил”-д орсон ХҮН-д ард түмэн итгэл хүлээлгэсэнгүй. Тэр тусмаа залуу сонгогчдын итгэлийг Т.Доржханд, П.Наранбаяр хоёрыг бодлогогүй үйлдэл тэр чигт нь хөсөрдүүлж орхив. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар НИТХ-д гурван суудалтай байсан ХҮН өнөөдөр нэг ч суудалгүй хоосон хоцорч, орон нутгийн анхан шатны төлөөлөллөөр ч сонгогдож чадсангүй.
Уг нь ХҮН-ынхан “Гадаад, дотоодын дөмөгтэй сургуульд сурсан, салбартаа дориун туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдийг нэр дэвшүүллээ” хэмээгээд “Мэргэжилтнүүд өөрчилнө” гэх уриатайгаар залуучуудыг голдуу нэр дэвшүүлсэн. Гэвч Боловсролын сайд П.Наранбаярын найруулгатай, НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгын дэглэлттэй ХҮН-ын сонгуулийн сурталчилгаанд өөрчлөлт байсангүй, харин ч өмнөхүүдээ дордуулав. Өөрөөр бол, 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотыг өөрчилнө гээд байгаа өнөөх “мэргэжилтэн”-үүдийнх нь сонгуулийн сурталчилгаа “солиорол” болж дууссан.
Одоо ХҮН-д шинэчлэл хийх цаг болчихсон байна. Хэрэв зээ тэгж чадахгүй бол тэд дампуурлаа зарлаж, улс төрд суудалгүй жижиг намуудын тоонд орж, эрх баригчдын халаасны нам болоход ойрхон болчихжээ үнэн хэрэг дээрээ. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр хангалтгүй оролцсон ХҮН-д хариуцлагаа ухамсарлах цаг болсон гэдгийг дахин сануулах нь зүйтэй болов уу.
Орон нутгийн сонгуульд ялагдсан буруутныг тэд уг нь өөрсдөөсөө хайх цаг нь болчихсон. Гэтэл энэ талаар ХҮН-ыг парламентад төлөөлж суугаа УИХ-ын гишүүн Б.Найдлаа “Ардчилсан Монгол Улс сонгууль хийхдээ нэг л болохгүй байна. Булхай, луйвар хийж, худалч нь хамгийн түрүүнд гарч байна. Сонгуулийн хууль, сонгууль зохион байгуулж байгаа арга барилыг өөрчлөх цаг нь болсон байна. Төрийн албанд намын сүлжээ бий болсон байна. Ардын нам, Ардчилсан нам төрийн алба болон төрийн өмчит компанийн ажилчдыг сонгуульд ашигладаг. Ийм сонгуулийг бид зөвшөөрч болохгүй” хэмээн мэдэгдсэн. Нэг ёсондоо УИХ-ын гишүүнээс гарамгүй хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Угтаа бол тэр хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гээд ард түмний өмнө тангараг өргөсөн УИХ-ын гишүүн. Харамсалтай нь, буруутныг бусдаас хайж эхлэхдээ төрийн албыг тэр чигт нь үгүйсгэж, ард түмэнд бурууг тохсон хариуцлагагүй мэдэгдэл хийчихлээ, тэд. Монголын ард түмэн үзэл санаа үйл хэрэгтээ үнэнч гэдгийг ХҮН санах цаг нь болжээ. Хэрэв зээ тэд намынхаа үзэл санаанаас ухраагүй байсан бол нийслэлд бүр олуулаа болчихсон, эрх баригчдаас хариуцлага нэхээд сууж байх байлаа.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд ганцхан олонхын шийдвэрээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг яаж хуудуутай явуулдаг вэ гэдгийг иргэд, сонгогчид нүдээрээ харсан. Ингээд дараагийн дөрвөн жилд дахиад энэ зовлонгоосоо салж чадахгүй нь тодорхой харагдаж байна.
Эцэст нь хэлэхэд, ХҮН-ыг Т.Доржханд, Д.Наранбаяр хоёр дампууруулж дууслаа. Монголын улс төрд тэд гуравдагч хүчин байж чадсангүй дээ.
ХҮН-ЫГ Т.ДОРЖХАНД, П.НАРАНБАЯР ХОЁР ДАМПУУРУУЛЖ ДУУСЛАА |