Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА

Төрийн өндөрлөгүүд Хэнтийнх болохоор ч тэр үү, Хэнтийн ИТХ-ын төлөөлөгчид хот руу “нүүдэллэсээр” буй. Сонгодог жишээ нь, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Хэнтийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдож, хос сэтэртэй болж байв. Цаашилбал, Хэнтийн ИТХ-ын төлөөлөгч байсан Д.Амгаланбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар нь ажиллаж буй. Ч.Алтанзаяа “Хөвчийн зам” ХХК-аараа энэ намар нийслэлийн Өгөөмөр захаас Чулууны овооны тойрог хүртэлх автозамыг 4.6 тэрбум төгрөгөөр засаж, дуулиант “бордюр ажиллагаа”-нд оролцсон. Б.Баттулга “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн харьяа “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын захирлаар томилогдсон. Бас, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Бэрх тосгоны захирагчаар ажиллаж байсан Ч.Чинбат “МИАТ” ТӨХК-ийн Зорчигч, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож байлаа, гэх мэтээр.

Тэгвэл Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хотод хамгийн ашигтай албан тушаалд томилогдсон төлөөлөгч нь Х.Ганчулуун гэгч. Тодруулбал, Х.Ганчулуун гэгч нь 2020 онд Хэнтийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2021 оны дөрөвдүгээр сард “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдон хотод орж ирсэн түүхтэй. Гэтэл 2022 оны хавар Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдаж, төрийн өмчит компаниудын дэд захирлуудыг чөлөөлсөн. Харин Х.Ганчулуун “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирлын албан тушаалаа өгмөгцөө, оронд нь Хангах үйл ажиллагааны бодлого хэрэгжилтийн хэлтсийн даргаар томилогдож үлдсэн.

Улмаар саяны орон нутгийн сонгуулиар Х.Ганчулуун Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдсон. Одоо тэр Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хангах үйл ажиллагааны бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга гэх хос сэтэртэй байгаа гэсэн үг.

Тэгвэл Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хангах үйл ажиллагааны бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга Х.Ганчулууны эхнэр Б.Баяржавхлан нь “Ар хөв энерги” ХХК-ийг эзэмшдэг. Ингэхдээ Х.Ганчулуун 2021 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдсоныхоо дараахан эхнэр Б.Баяржавхлангийнхаа нэр дээр “Ар хөв энерги” ХХК-ийг байгуулсан байгаа юм. Хэнтий аймгийн Хэрлэн суманд Ар хөв, Өвөр хөв гэж газар бий. Өөрөөр бол, Х.Ганчулуун тендерийн компаниа нутгийнхаа уул усны нэрээр нэрлэсэн гэсэн үг.

Хамгийн гол нь, Х.Ганчулуун 2023 оноос эхнэр Б.Баяржавхлангийнхээ нэр дээр “Ар хөв энерги” ХХК-аар эрчим хүчний тендерүүдийг түүж эхэлсэн.

Тухайлбал,

  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дамжуулагч утас нийлүүлэх 113.1 сая төгрөгийн тендер
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дамжуулагч утас нийлүүлэх 242 сая төгрөгийн тендер
  • Эрчим хүчний яамнаас Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлж буй дулааны станцын төслийн цахилгаан хангамжийг хариуцах 322.1 сая төгрөгий тендер
  • Хэнтий аймгийн Өндөрхаан хотын цахилгаан хангамжийг шинэчлэх 617.0 сая төгрөгийн тендер
  • Хэнтий аймгийн Өндөрхаан хотын хийдийн авто замд гэрэлтүүлэг тавих 150.0 сая төгрөгийн тендер
  • Хэнтий аймгийн Мөрөн сумын эко нойлын цахилгаан хангамжийг хийх 67.3 сая төгрөгийн тендер гэх мэтээр төсвийн тендер авчээ.

Тэгвэл хувьсгалын хоёр албан тушаал зэрэг хашиж, хажуугаар нь хувийн компанийнхаа тендерүүдийг ч зохицуулж яваа Х.Ганчулууны хөрөнгө, орлого ч жилээс жилд нэмэгдсээр буй ажээ. Тухайлбал, Х.Ганчулуун 2020 онд 60 сая төгрөгийн хашаа байшинтай, эхнэр нь 12 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Гэтэл одоо Х.Ганчулуун 663 сая төгрөгийн орон сууцтай, өөрөө 282 сая төгрөгийн, эхнэр нь 503 сая төгрөгийн орлоготой болжээ. Төрд хоёр албан тушаал зэрэг хашиж, төсвөөс тендер авах ямар ашигтайг эндээс харж болох ажээ.

Сонирхуулахад, “бандааш”-ны хэргээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөгдөж, улс төрд нэр, нүүрээ алдсан Д.Гантулга Монголын морин спорт залуу уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Тэгвэл Д.Гантулга 2017 оноос Х.Ганчулууныг Монголын морин спорт залуу уяачдын холбооныхоо Хэнтий аймаг дахь салбарын тэргүүнээр томилон ажилуулж ирсэн. Мөн Х.Ганчулуун нь 2022 оноос Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгвэл “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны бас нэг дэд тэргүүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэх ажээ.

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.