Нийслэлийн хэмжээнд 2024 онд нийт 87 байршилд 162 км авто зам шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдээр зарим байршилд зам хааж, зам засвар, арчлалтын ажил хийсэн. Гэсэн ч шинээр засвар шинэчлэлт, арчлалт хийсэн замуудаас Энхтайваны гүүрээс 120 мянгатын уулзвар буюу Тэмээтэй хөшөө хүртэлх автозам технологийн алдаатай, хотгор, гүдгэртэй хийгдсэн талаар олон нийт цахим сүлжээнд шүүлжилж байлаа.
Тус Энхтайваны гүүрээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг "Трүйрөүд" ХХК хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн "Трүйрөүд" ХХК-ийн авто замын засвар, шинэчлэлттэй холбоотойгоор холбогдох хүмүүстэй холбогдож тодруулахад, Нийслэлийн Замын хөгжлийн газраас "Трүйрөүд" ХХК-ийн засвар шинэчлэлт хийсэн замыг хүлээж авахгүй. Гүйцэтгэгч компани нь засварлаад, хэвийн байдал оруулж, тэгш байдлыг хангаж байж хүлээж авна. Цас ороод зам нойтон байгаа учир одоогоор засварлах боломжгүй, үлдэгдэл асфальт нь дутуу байгаа. Тийм учир хөдөлгөөнийг нээж, ирэх долоо хоногт цаг агаарын нөхцөл байдлыг харгал үзээд, засварлуулна" гэсэн тайлбар өгөөд байгаа. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт ажилдаа хариуцлагагүй хандаж, "долгионтой" зам хийсэн "Трүйрөүд" ХХК болон тэдний өмнө нь хийж байсан зам завсар, шинэчлэлтийн ажил, тендерүүдийн талаар танилцуулж байна.
Тэмээтэй хөшөөний "долгионтой" замыг хийсэн "Трүйрөүд" ХХК-ий Замбалын Батжаргал гэгч эзэшдэг. Тус компанийг анх 2011 онд барилгын материал, гадаад худалдааны чиглэлээр нээсэн байдаг ч үйл ажиллагаа нь 2016 оноос идэвхжиж, "Трүйрөүд" ХХК нийслэлийн есөн дүүргээс авто зам засвар шинэчлэлт, арчлалтын тендерүүд авах болжээ.
Дээр дурдчсанчлан "Трүйрөүд" ХХК Энхтайваны гүүрээс Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх 2.8 тэрбумын төсөвтэй авто замын засвар, шинэчлэлтээс гадна энэ онд өөр хоёр тендер авсан. Тодруулбал,
- Богд уулын арын авто замын баруун хэсгийн засвар, шинэчлэлт - 2.5 тэрбум төгрөг
- Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт - 7.4 120-ын тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна.
Түүнчлэн технологийн алдаатай, хотгор, гүдгэр авто замын засвар хийсэн "Трүйрөүд" ХХК өмнө нь долоон тэрбум орчим төгрөгийн 11 тендерт шалгарч, гүйцэтгэжээ. Тухайлбал,
2017 онд:
- Сонгинохайрхан дүүрэг, Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам - 1.4 тэрбум
2018 онд:
- Сонгинохайрхан дүүрэг, Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам - 1.4 тэрбум
2020 онд:
- Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд авто замын засвар, шинэчлэлт, нөхөөс болон бусад замын байгууламж хийх - 319 сая
- Баянгол дүүрэг, Бэгдү хотхон, Баялаг хотхон, 15, 39, 45, 46 дугаар байр орчмын орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлт - 889 сая
2021 онд:
- Сонгинохайрхан дүүргийн орон сууцны хороолол доторх авто замын засвар - 292 сая
- Баруун дөрвөн замын уулзвар засвар - 468 сая
- Налайх дүүргийн авто замын засвар - 539 сая
2022 онд:
- Сүхбаатар дүүрэгт хороолол дундах зам засвар, арчлал хамгаалал хийх - 298 сая
- Налайх дүүргийн авто замын засвар - 494 сая
2023 онд:
- УБЦТС-ний төв байр болон ХУХҮТ-ийн хойд талын авто зогсоолын зам талбайд хучилт хийх - 179 сая
- Сүхбаатар дүүрэгт гарааш буулгасан байршилд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх - 798 сая зэрэг тендерт шалгарч, 2017-2023 онд 6.7 тэрбум төгрөгийн авто замын ажил хийсэн байна.
"Долгионтой" зам хийсэн "Трүйрөүд" ХХК-ийн эзэн З.Батжаргал гэгч нь Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. Тэрбээр "Трүйрөүд" ХХК, "Зөв замын хишиг" ХХК-ийг эзэмшдэг бөгөөд Улаанбаатар хот дахь Хайрхан сумын Нутгийн зөвлөлийн УЗ-ийн гишүүнээр ажилладаг. Түүнчлэн З.Батжаргал нь "Трүйрөүд" ХХК-аараа нийслэл дэх авто зам засвар, шинэчлэлт, арчлалын ажлуудыг хийхээс гадна "Зөв замын хишиг" ХХК-аараа дамжуулан орон нутагт замын ажил явуулдаг аж.
ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ “ДОЛГИОНТОЙ” ЗАМЫГ ХИЙСЭН “ТРҮЙРӨҮД” ХХК ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 19.7 ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧЭЭ |