Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдрөөс /2025.02.21/ гардуулж эхэлсэн билээ. Энэ дагуу хэргийн оролцогч нар тогтоолоо гардан авсаар байгаа бөгөөд лайвчин Д.Мөнх-Эрдэнийн дүү УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ сарын 10-ны орой /2025.03.10/ Хөгжлийн банкны хэргээр ял авсан "Тогтоол"-оо Улсын Дээд шүүхээс гардан авсан юм. Ингэснээр Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудлыг УИХ-аас хөндөх, Үндсэн хууль болон бусад хуулийг биелүүлэх шаардлага тулгарсан. Гэтэл Дээд шүүхийн шийдвэр албажаад бүтэн сар өнгөрөөд байхад УИХ хууль хэрэгжүүлэхгүй хэвээр байгаа юм.
Учир нь Үндсэн хуулийн 29.3-т Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна, УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно,
Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5.4-т намын гишүүн Үндсэн дүрмийн 3.9.1.16-аас 3.9.1.21-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүний бүртгэлээс хасах асуудлаар ДХХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ гэх зэргээр тодорхой зааж өгсөн. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т “Улсын Дээд Шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд Шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд Шүүх өөрөө хүчингүй болгоно...” гэж заасан. Энэ дагуу Улсын Дээд Шүүхийн эцсийн шийдвэрийг УИХ биелүүлэх үүрэгтэй гэж заасан байна.
Тиймээс УИХ шүүхийн шийдвэрийг хүлээн авч, албан бичгээр шийдвэр гаргах зохицуулалтыг хийх шаардлага үүсээд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулжээ.
Хариу ирсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар тус асуудалтай танилцана гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мөн зарим хуульчид "УИХ Дээд шүүхийн шийдвэрийг танилцуулаад хүлээж авах ёстой. Үгүй бол Дээд шүүхийн шийдвэр эцсийн байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэнэ гэдэг зарчим алдагдана" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тиймээс УИХ Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй бол Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж магадгүй байгаа аж.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Тодруулбал, түүнийг “Мон дулаан”, Газ Импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон үүний улмаас “Хөгжлийн банк”-нд их хэмжээний хохирол учирсан гэж яллагдагчаар татсан байгаа юм. Ингээд гурван шатны шүүхийн процесс үргэлжилж хамгийн сүүлд /2024.12.11/-ны өдөр Улсын Дээд Шүүхээс Д.Цогтбаатарыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!