ФИФА 2035 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд хамтран зохион байгуулах саналыг даваа гарагт батлах төлөвтэй байна. Ингэснээр Их Британи 1966 оноос хойш анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах юм.
Тус тэмцээнд 48 улсын шигшээ баг оролцож, 39 хоногийн хугацаанд нийт 104 тоглолт хийхээр төлөвлөжээ. Зохион байгуулагч дөрвөн улс нийт 19 цэнгэлдэх хүрээлэнг санал болгосон бөгөөд үүнээс 14 нь Англид, нэг нь Умард Ирландад, хоёр нь Шотландад, хоёр нь Уэльст байрлах аж.

ФИФА-гийн үнэлгээгээр Их Британийн хамтарсан санал 5 онооноос 4.3 оноо авсан байна. Гэхдээ тэмцээнтэй холбоотой татварын хөнгөлөлт болон аюулгүй байдлын асуудлаар зарим тохиролцоо эцэслээгүй байгаа юм.
Английн Хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Марк Буллингхэм ДАШТ-ийг зохион байгуулах нь дөрвөн улсын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, охид, эмэгтэйчүүдийн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх боломжтойг онцолжээ.

Түүнчлэн ФИФА-гийн хурлаар 2031 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг Мексик, АНУ, Коста Рика, Ямайк хамтран зохион байгуулах саналыг хэлэлцэн батлах юм. Тус тэмцээнд мөн 48 баг оролцохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!