Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“…Олгой хагаравч тогоондоо” буюу оролдож болохгүй олон улсын “сэдэв”

Анх удаа мөрдөж буй, сонгуулийн шинэ хууль тогтоомжийн хүрээнд сурталчилгаа ердөө арав гаруйхан хоног үргэлжилж байна. Дуусах дөхлөө. Тэр хэрээр сонгуулийн солиорол газар авах шинжтэй. “…Хэмжээндээ бай” гэдгийг манай өвөг дээдэс их аятайхан, ойлгомжтой хэлж үлдээжээ. “…Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо” гэдэг. “...Айхдаа аавынхаа толгойг маажив” гэдэг үг ч бий. Эдгээр үгийг л улстөрчид, улс төрийн нам, эвслүүд, тэдгээрээс нэр дэвшигчид ирэх хэдэн өдөрт санаж тогтоох хэрэгтэй болсон бололтой. Яахав, Монголын сонгууль учраас Монгол дотроо бол бие биеэ мэрсээр дуусгадаг. Тэгж л ирсэн. Харин гадаад харилцаа, геополитикийг хөндсөн зүйл рүү гулсмааргүй юм байна. Учир нь энэ жил дэлхийн 60 гаруй улсад сонгууль болж байна.

CNN агентлаг “…2024 онд болох сонгуулиуд дэлхийн тогтвортой байдлыг ганхуулна” хэмээн тоймлосон. Тэнд бичсэнээр эдгээр сонгуулийн дүнд “дэлхийн дүр төрх” өөрчлөгдөх магадлалтай гэсэн юм.

Америкийн "Integrity Institute" стратегийн судалгааны хүрээлэнгээс “…Дахин ийм олон сонгууль давхацсан жил 2048 оноос өмнө тохиохгүй” гэж мэдээлжээ. Ер нь бол “...2024 оны сонгуулиуд ойрын хэдэн жилийн олон улсын геополитикийн төлөв байдалд хүчтэй нөлөө үзүүнэ” гэдэг дүгнэлт, таамгийг дэлхий бараг тэр чигтээ хийж байна. Гэтэл манайхны улс төр савнаасаа, нэг үгээр хэлбэл, Монголоосоо халиад явчхаж байгаа байдал нэг бус удаа гарав. Нэг хэсэг нь хоёр хөршөө “ярьж” сонгуульдаж байна. Нэр бүхий зарим нь дэлхийгээр нэг “Монголын дуу хоолой” болж явна.

Явж явж энэ чинь улс орны хувь заяа, үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Үүнийг гадарлах бус доторлож мэдэхээр хүмүүс ийм үйлдэл хийж яваа нь ойлгомжгүй болчхоод байна.

Хоёр жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монголд айлчлаад буцсан даа. Тэр үеэрээ бидэнд нэг үг хэлж байв. Тэрээр “…Далайн давлагаа эрэг дээрх хадыг маш хүчтэй цохидог. Түүнийг нь харахад аймшигтай. Хад нь яаж тэснэ вэ гэмээр харагддаг. Гэвч далай ч, эрэг дээрх хад ч яадаг ч үгүй юм. Харин жижиг амьтад, тэр байтугай хөлөг онгоц хүртэл зомгол болтлоо бяц үсэрдэг” гэсэн. Араас нь бас “…Дэлхийн янз бүрийн хөдөлгөөнд Орос, Хятад хоёр яах ч үгүй, харин дунд нь байгаа Монгол Улсад хэцүү байж мэднэ. Тийм болохоор Монголын орчин үеийн улс төр, улстөрчид, ер нь монголчууд үүнд анхаарах хэрэгтэй” гэсэн зүүлттэй. Үүнийг бас эрхэм улстөрчид саначихад тун гэмгүй аж.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “...Олон улсын нөхцөл байдал бол маш ээдрээтэй байна. Дэлхийн 60 гаруй улс сонгуультай байна. Тийм учраас бид үндэсний эв нэгдэлтэй, маш хэрсүү байх учиртай. Энэ сонгуулийн цаг хугацаа 30 жил бүхэнд болдог томоохон геополитикийн давлагаа яг таарч байгаа юм.

Цар тахлын дараа хөрш орон маань дайнтай, газын зурвас хүндрэлтэй байна. манай зарим нэг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс өөрсдийнхөө авлигын асуудал, эсвэл С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр хүн эрүүдэн шүүсэн зэрэг нь хүндрээд, илрээд ирэхээр ийм олон улсын нөхцөл байдлыг далимдуулж, дунд нь өөрөө хавчуулагдаж үндэстнээ талцуулах ийм том асуудал руу түлхэж байна. “...Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг зүйл сүүлийн нэг, хоёр жил явлаа. Тийм учраас би олон улсын нөхцөл байдлыг бас ярьж ярьж байгаа юм. Эдийн засаг уначихвал ард түмэн сэтгэл санаагаар үймнэ, бензин тасарчихвал олон нийт бухимдана, хүний амь эрсэдсэн ч энэ бол үүлэн чөлөөний нар юм” гэх хүмүүс 30 жилийн хугацаанд Монгол Улсыг бас буруу замаар явуулсан. Монгол Улсын баялаг, өмч хувьчлал гээд олон олон зүйл дээр хэдхэн хүний л эрх ашгийг хангасан. Ардчилсан хувьсгалын үзэл санаанаас ухарсан энэ хүмүүст Монголын ард түмэн нэгдмэл байгаа гэдгээ харуулж чадвал бид шударга ёсны тэмцлийн үзэл санаан дээр үлдэнэ. Өнөөдөр монголчууд бид маш хэрсүү болсон. Хэр баргийн зүйлд хууртагдахгүй болсон. Бид дүгнэлттэй болсон.

Энэ том ойлголтыг хилийн чанадаас энэ сонгуулийг ажиглан харж “…Хуучин 30 жил хэвээрээ үргэлжлээсэй” гэж хүсэж байгаа энэ хүмүүст Монголын ард түмэн эв нэгдэлтэйгээр харуулж, шударга ёсны талд хатуу зогсоосой” гэжээ.

Тэгэхээр эхэнд хэлсэнчлэн, “…Олгой хагаравч тогоондоо” гэдэгчлэн Монголдоо холбогдсон ямар ч хэрэг явдлаас болж “хил давж” халиад явах дэмий байгаа юм. Ядахад энэ жилийн олон сонгуулиас болоод дэлхий ертөнцийн “дэг” өөрчлөгдөх магадлал тун өндөр болсон. Тэр утгаараа, олон улсын “сэдэв” оролдож болохгүй юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Баярхүү: Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна
 
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.