Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баярхүү: Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараачаас л дундаж анги нь олонхи бүхий иргэний ардчилсан, зах зээлийн харилцаа бүхий дундаж нийгмийн байгуулалт руугаа Монгол Улс үтэр түргэн ороосой гэсэндээ 2015 онд бичиж байснаа эргэж толилуулъя. Бүх намд хандаж бичиж уриалъя! УИХ-ын 126 суудлыг эзэгнэх бүх нөхдөд хандан уриалъя!

“The Shrinking Middle Class” гэсэн гарчиг бүхий дараахи хоёр дүрсийг тайлбарлах албагүй. Манайхан англи хэлний өргөн мэдлэгтэй болчихсон тул өнөө маргааш, баян ядуу, дундаж анги гэсэн хэдхэн үгс дүрсэнд байгааг өлхөн ойлгочихно.

сонин mn

Харин би үгийг үгээр бус утгаар тайлбарлах санаатай. Монголын өнөөгийн нийгэм рүү хандуулж доорхи орос хэл дээрхи дүрсийн хоёр дахь гурвалжин дээр ярих гэж байна.

сонин mn

Шударга ёсны төлөө тэмцэл УИХ-ын сонгууль дөхөхөөр манай нийгэмд амилдаг бол түүний шалтгаан нь энэхүү “пирамид”-аас болоод буй хэрэг. Тэр англи хэлээр буй дээд эхний “ромбо” бол шударга ёс ялсны дараахи бэлгэ тэмдэг ухаантай юм. Дээд доод давхарга нь дундаж ангиасаа хамаагүй бага, бүр илт бага байгаа бол нийгэмд ардчилал, шударга ёс, хүний эрх ялж байгаа нь тэр дээ.

Түүх хөөгөөд байвал дундаж ангийн тухай аль өнө эрт үед Аристотель ярьж байсан байх юм. Дундаж анги их байх тусам нийгэм тогтвортой хөгжөөд байдаг тухай түүнээс хойш мөн ч их эрдэмтэн мэргэд ярьжээ.

Тэгж тэгж ХХ зуунд л тэр дундаж ангийн тухай хүсэл мөрөөдлөө хүн төрөлхтөн хэрэгжүүлж эхэлжээ. Ийм ангийн тухай онолоор дагнагсад Макс Вебер, Норман Элиас, Л.Ворнер, Ж.Голдторп гээд олныг нэрлэж болно. Ангийн тэмцлийг уриагаа болгосон марксистууд нь явж явж дундаж ангийг ихээхэн уриалагчид байжээ. Нийгмийн ангийн бүтцийг пролетари анги–хөрөнгөтөн гэж хуваадаг ч тэд энэ хоёрын дундахи давхаргыг чухалчилж байв. Зөвлөлт, Монголоор жишээлж болно доо. Хавтгайд нь тэгшитгээд, хувийн өмчийг үгүй хийгээд, нийгэмд атаа жөтөө гэдгийг хүчээр арилгачихсан байсныг бид санаж байна. Ер нь ингэхэд дундаж анги гэж хэн юм бэ? ХХ зууны эхээр бол хувийн жижиг өмчтөн, хараат бус үйлдвэрлэгчдийг тэгж нэрлэж байжээ. Мэргэжил боловсролтой ажилчид аажимдаа тэдэн рүү нэгджээ. Тэгж байтал мэргэжсэн менежер, өмгөөлөгч, ня-бо, эрдэм судлалын ажилтнууд энэ эгнээг нөхсөн байна. Худалдааны мэргэжилтэн, багш нар, эмч нар гэхчлэн олноор эзэмшдэг мэргэжлийн хүмүүс нэмэгдэн оржээ. Эд бүгдийг хавтгайд нь дундаж анги гэх үү гэдэг дээр өнөөдөр ч хүртэл мэтгэлцдэг. Шалгуур босго тогтоохыг ч оролддог. Боловсролын түвшин, олдог орлого, хэрэглээний стандарт, оюуны ба материаллаг өмчлөл, ажлын ур чадвар гээд босго тогтоовол дундаж анги маань олон салбарлаад алга болно. Эрдэмтдийн судалгааг ажаад байвал хоёр хандлага харагдах мэт.

Боловсролоор нь авч үзье гэх эхний хандлага байна. Боловсролтой бол ажилтай, ажилтай бол хангалттай орлоготой, хөдөлмөрлөх нөхцөл нь сайн, доод давхаргын хүмүүсээс чухам үүгээрээ ялгардаг, дээд анги руу шилжих бололцоо их гэж тэд үздэг.

Британийн социологч Энтони Гидденс гэж эрдэмтэн хоёр дахь үзэл бодлыг илэрхий илэрхийлэгч нь. Тэрээр дундаж ангийн алаг цоог байдлыг хөхиүлэгч. Мэдлэг мэргэжил, боловсрол чухал биш, нийгэмд эзлэх байр нь чухал. Тэд олуулаа л байх ёстой. Дундаж ангиа хуучин ба шинэ гэж ангилах хандлага бас буй: Хуучин гэдэгт жижиг үйлдвэрлэгч ба худалдаачид, шинэ гэдэгт өндөр цалинтай ажилтан албан хаагчид орно. Шинэ дундаж ангийн дээд давхарга нь томхон бизнесийн менежер, мэргэжилтнүүдээс бүрдэх аж. Эд нь мэдээж өндөр боловсролтой, оюун ухаанаар гэгээрсэн нөхөд байх ёстой аж. Шинэ дундаж ангийн доод давхаргад багш, эмч, конторын албан хаагчид орох ёстой гэнэ. Мэдээж олон янзын хүмүүс үүнд харьяалагдана, олон үзүүлэлтээр ажилчин ангитай ойртох хүмүүс ч дотор нь бий. Гэхдээ дээд, доодын хооронд айхтар хил зааг гэж байхгүй.

Энэ онол ч яахав. Монголынхоо хөрсөн дээр буулгаж ярихын тулд бид юу руу тэмүүлж яваагаа тодруулах ёстой. Ардчилал нь цэцэглэсэн, хүний эрх нь дээдлэгдсэн өнөөгийн Монголд ядуурал ямагт их байсаар байгаа ба бидний хүслээр бол тэр дээрхи ромбон хэлбэрт, эсвэл тэр өндгөн хэлбэрт нийгмийн бүтэц л чухал юм.

Нийгмийн схемчилсэн бүтцийг ингээд гаргачиж болно. Доод (ядуу давхарга) ба дээд (баячуудын давхарга) анги нь ямагт цөөнхи байна, харин дундаж давхарга нь ямагт олонхи байна. Дундаж анги нь хүн амынхаа 60-70 хувьтай тэнцэж байвал дэлхийн хөгжингүй орон гэсэн шалгуурт тэнцэх аж. Дундаж ангийн социал үүрэг зориулалт гэж бас байна. Нийгмийн хамгийн гол тогтворжуулагчийн үүрэг тэдэнд ногдоно. Төрийн байгуулалтыг тэд л найдвартай хамгаалж бэхжүүлж чадна. Төрд тэд л ажиллах учиртай. Нийгмийн урагшлах хөдөлгөөнийг тэд л залуурдана. Нэгэнтээ олонхи учраас нийгмийг тэд л дайчилж чадна. Нийгмийн хямрал мөргөлдөөнийг нь тэд л зогсооно, түүнээс урьдчилан сэргийлнэ. Нийгмийг зогсонги байлгахгүй гэвэл тэднийг л бэхжүүлэх ёстой. Улс төрийн хувьд ийм үүрэгтэй байж гэхэд эдийн засгийн хувьд бас асар их үүрэг тэдний нуруун дээр байх учиртай аж. Эдийн засгийн гол донор нь тэд гэнэ. Нийгмийн орлогын ихээхэн хэсгийг тэд бүрдүүлэх ба тэр хэрээрээ хамгийн том хэрэглэгч, татвар төлөгч, тэр утгаараа хамгийн том хөрөнгө оруулагч болчихож байна. Соёлын хувьд бол тэдний үүрэг роль бүр их. Тэд бол соёлын интегратор. Тэд соёл түүхийн хамаг нандин, үнэ цэнэт бүхнийг хадгалагч, тээгч, түгээгч, нийгмийн норм хэм хэмжээ, хууль дүрмийг хэрэгжүүлэгч учраас дундаж ангиас оюунтан, гэгээнтэн, сэтгэгчид ямагт төрж байдаг ажээ.

Төрд туршлагатай, мэдлэгтэй түшмэдийг зөвхөн дундаж анги л нийлүүлнэ. Төрийн аппарат, бизнесийн аппарат ч дундаж ангийнхнаас бүрдэнэ. Иргэний нийгмийн гол бүрдүүлэгч нь тэд болох учраас засаг захиргаа, гүйцэтгэх засаглалын гол зохицуулагч эрэг шураг нь тэднээс бүрдэнэ. Монголынхоо хөрсөн дээр буулгаж ярихын тулд бид яг одоо ямар байгаагаа тодруулах ёстой. Дээрхи пирамид шиг байгаа гэж би дээр хэлсэн.

1) Дээд ангийн хэт цөөнхи;

2) Олонхи болж чадаагүй цөөн ч биш, олон ч биш дундаж ангийн төлөөлөл;

3) Хар масс буюу доод анги манай нийгмийн хамгийн олонхи нь, ийм л дүр зураг бууж байна.

Дундаж ангийн үүрэг зориулалт гэж тоймтой бодитой юм харагдахгүй байна. Тийм учраас нийгэм, хүн ам нь хямралтай, хямралтай биш бол стресстэй. Дундаж ангийн өндөр боловсрол, мэдлэг нийгэмд төдийлөн чухал биш. Харин ч дундаж анги нь өр төлбөр ихтэй. Цалингаас цалинд гол зогоох циклтэй. Авилгад хамгийн ихээр өртөгсөд. Ийм учраас олигархи гэж шүтэгдэн бишрэгдсэн тэр дээд ангидаа атаархаад суухаас өөр аргагүй. Тийшээ орох бол авилгын замаар л орно.

Даян дэлхийд шинжлэх ухаан-технологийн хувьсгал эрчтэй явагдаж буй тул хөгжингүй орнуудад дундаж ангийг танигдахгүй болтол өөрчилжээ. Тэднийг цоо шинэ дундаж анги гэж нэрлэхэд буруудахгүй.

Өндөр технологийг гартаа оруулсан, хэнээс ч хараат бус, аж үйлдвэржилтийн дараахи ажилчин анги нь нийгэмдээ хамгийн олонхи нь болсон байна. Гэтэл манайд эсрэгээрээ. Дундаж анги байхгүй боллоо, алга байна гэх гомдол гаргагчид цөөнгүй. Байвал тэд нь дэндүү алаг цоог. Дундаж орлого, дундаж цалин гэхээр юм нь хөгжингүй дундаж орнуудын дундаж давхаргынхны дэргэд харьцуулшгүй. Хөгжингүй байтугай тэрбум 300 сая хүн амтай Хятадтай ч харьцуулшгүй. Дундаж давхарга төлөвших эхний шатандаа байна гэж үзэхээс аргагүй. Нийгмийг дээд доод, баян ядуу хэмээн туйлшруулж байдгаас шалтгаалан Монголын нийгэм ямагт тэсрэлтийн өмнөх байдалд явж байна. Монгол дахь дундаж ангийг бүрдүүлэгчдийн ихэнхи нь, бараг 40 хувь нь зах дэлгүүрийн жижиг наймаачид байгаа нь нэг парадокс юм. Орлоготой малчид мөн зохих хувийг бүрдүүлэх ба сэхээтэн, оюунлаг давхарга нь дундаж анги дотроо цөөнхи байгаа нь бүр парадокс юм. Дундаж ангийн цөм гэхээр юм Монголд алга. Энэ үнэн үү?

Forbes Mongolia сэтгүүл, 2015 № 7

Д.Баярхүү

Д.Баярхүү: Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна
Д.Баярхүү: Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.