Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянгатай ярилцлаа.
-Телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт орж, орсон нэвтрүүлэг бүртээ түрүүлж, ер нь юм юмны захтай, хөдөлмөрч, адтай сэргэлэн гэдгээ та Монголын ард түмэнд харуулаад авсан шүү. 2000-аад оны эхэн байх аа?
-Би тийм айхавтар хөдөлмөрч биш ээ. Тэр тал дээр би өөрийгөө голоод байдаг шүү. Мундаг хөдөлмөрч хүмүүсийн дэргэд би хөдөлмөрч харагдахгүй ээ. Таны ярьж байгаа тэр үед би дөнгөж л оюутан байлаа. Тэр үед МҮОНТ-ийн гоё гоё цэнгээнт нэвтрүүлэг гардаг байлаа. Хүмүүс ч их үздэг байсан. Зарим хүмүүс ярьдаг юм, “Уянгаа чи анх дуулж гарч ирэхээсээ л өмнө телевизийн тэмцээнд орж каратэгийн хувцас өмсчихсөн, банз хугалж олонд танигдсан” гэж. Тэр нэвтрүүлгийг хүмүүс их үзсэн байдаг шүү. Би багаасаа адтай, эрэгтэй л хүүхдүүдтэй өрсөлддөг тоглодог байсан юм.
Шинэ мянганы эхэн үед шүү дээ. Телевизийн нэвтрүүлэгт ороод дэмбээдээд, дэмбээний тэмцээнд ялж байлаа. Тэгэхэд хүмүүс “Энэ Хөвсгөлийнх байж хаанаасаа ингэж дэмбээдээд сурчихдаг байна аа” гэж гайхсан. Соёл, урлагийн сургуульд аймаг болгоноос хүүхдүүд ирж суралцана. Говийн хүүхдүүдтэй, ялангуяа “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөнтэй их дэмбээднэ. Бид нэг ангийнх. Хичээл завсарлангуут хоолонд дэмбээднэ (инээв). Хуушууранд дэмбээднэ. Одоо манай Дээгий (Т.Дэлгэрмөрөн) ярьдаг юм. “Уянгааг олон ч удаа хуушууранд дааж явлаа. Олон ч удаа даалгасан даа” гэдэг юм. Тэгж л дэмбээдэж сурсан. Тэр нэвтрүүлэгт би говийн хүмүүсийг дэмбээгээр дийлсэн. Тэрнээс хойш намайг дэмбээддгийг мэдчихсэн болохоор энд, тэнд очихоор хүмүүс дэмбээдье гэнэ.
-Тэрний дараахан та “Классик жем” хамтлагийнхантайгаа гарч ирсэн. Рок, жааздуу гэмээр хүчтэй, задгай хоолой тань хүмүүсийг маш ихээр татсан?
-Боддог юм аа, одооны энэ олон шоу, тэмцээн уралдаан тэр үед байсан бол би оролцох байсаан. “Сэхүүн салхи” гэх мэт хэдэн дууг нь сураад "Дуучин Б.Сарантуяагийн дууг хэн сайн дуулах вэ" гэж уралдаанд оролцож явлаа, 1996, 1997 оны үед шүү дээ. Тэр үед тийм уралдаанууд ч бага байж. Одооны энэ том шоунууд тэр үед болдог байсан бол би орчихсон л явж байх байсан (инээв).
-Задгай хоолойгоор дуулахад тань хүмүүс их дуртай байх шиг байдаг юм?
-Ард түмэн өөрсдөө дуртай. Дуурийн хоолойг ойлгохгүй байх талтай л даа. Ихэвчлэн нийтийн болон рок, поп дуунуудад дуртай байдаг. Би дуурийн чиглэлээр төгссөн. Дан дуурийн дуугаа дуулаад байвал намайг хүмүүс мэдэхгүй, хэн ч ойлгохгүй өнгөрөх юм байна гэж бодоод өөр хэв маягаар дуулах ёстой юм байна гэж бодсон. “Классик жем”-д задгай хоолойгоор дуулдаг байсан минь хүмүүст их таалагдсан байдаг. Тэр үед намайг Дуурийн театрын томчуул их шүүмжилдэг байсан. Дуурийн дуучныг дуурийн дуучнаар нь л явуулмаар байх юм, “Классик жем” хамтлаг гээд энэ хүүхэд огт өөр юм хөөгөөд байна гээд намайг маш их шүүмжилдэг байсан. Тэгээд би мэргэжлээ хөөсөн. Мэргэжлээ сонгосон минь буруудаагүй. “Классик жем” хамтлаг надад асар их үр өгөөжөө өгсөн. Манай хамтлагийнхан маш эрчтэй гурван жил хөдөлмөрлөсөн. Олон сайхан дуу хийж, дүрсжүүлсэн. Нэг том тоглолт хийж “Эх орон”, “Дурсамж” гэж хоёр цомог гаргасан. Манай дуунуудад хүмүүс дуртай. Тэр үед маш сайхан хүлээж авдаг байсан. “Классиж жем”-гүй тоглолт, ёслол, арга хэмжээ гэж байдаггүй байлаа шүү дээ.
-Дуучид, жүжигчдийн хувьд мэргэжлээсээ маш их таашаал авах мөч харьцангуй олон тохиолддог болов уу. Үзэгчдийн алга ташилт, төр засгаас шагнал авах мөч, тоглолт хийх гээд?
-Урлагийн хүн тайзан дээр гараад үзүүлэх юмаа сэтгэлдээ тултал хийгээд үзүүлчихбэл бахархаад сэтгэл нь хөөрөөд байдаг юм. Үзэгчдийн алга ташилтын хэмнэлээр өөрийгөө дүгнэдэг. Би голдуу тайзан дээрээс тэр сайхан мэдрэмжүүдийг авдаг даа. Гавьяат жүжигчин цол аваад Төрийн ордонд зогсч байхдаа шагнал авлаа гэж баярлахаасаа илүүтэй, надтай хамт төр засгаасаа одон, медалиар шагнуулж байгаа урлагийн биш жирийн хүмүүсийг хараад өөрийн эрхгүй огшоод байсан. Би бол ажлын шугамаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг таньдаг болчихсон байсан болохоор зүгээр л таньдаг хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Гэтэл тэнд Ерөнхийлөгчтэй гар барих нь бүү хэл Төрийн ордонд орж ирж байгаагүй хүмүүс шагнал авч байгаа юм. Тэд маш хүндэтгэлтэй хандаж байгаа нь шууд харагдсан. Биеэ авч яваа байдал, хаана яаж зогсох вэ гэдгээ бэлдчихсэн, илүү дутуу хөдөлгөөн хийдэггүй юм шүү гэж өөрийгөө цэнээд, биеэ бариад хичээгээд байгаа нь мэдэгдээд байсан. Төр засгийнхаа шагналыг хүртэхдээ тэгж хүндэтгэлтэй хандаж зарим нь “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гэж ёслохыг хараад би өмнөөс нь баярлаад байж билээ. Төрийн ордноос гарч ирэхэд хамт олон минь хүлээж авахад маш их баярласан. Баярт мөч байсан. Сүрдмээр орчноос хамт олныхоо дунд чөлөөтэй байдалд орсон. Тэр жил Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа сонгогдож Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн. Би долдугаар сарын 9-нд гавьяатаа аваад тэр шөнөө талбай дээр тангараг өргөх ёслолын арга хэмжээнд бэлдээд маргааш нь Г.Ариунбаатар гавьяат бид хоёр “Гүрэн Монгол чинь хүлээнэ” дууг дуулж байлаа. Хамгийн гоё нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол ах Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр “Монгол Улсын гавьяат жүжигчин Уянга” гэж хүнгэнэтэл орон даяар зарласан. Намайг хамгийн анх удаа ингэж зарласан хүн нь Д.Цоодол ах болсон. Анх удаа гавьяат жүжигчин гэж цоллуулж арав гаруй мянган хүний өмнө дуулсан минь тэр. Тэр ёслолоос хамаг хувцас хунараа чирч аваад Соёлын төв өргөөнд наадмын хүндэтгэлийн концертод орж байгаа юм. Хүндэтгэлийн концерт хоёр удаа тоглогдсон. Тэгээд орой нь Их тэнгэрийн аманд очиж тоглолтод дуулсан. Гавьяатын тэмдэг энгэртээ зүүгээд л хоёр, гурван хоног өдөржин, шөнөжин дуулж завгүй гүйж билээ (инээв). Тэр зуныг би мартдаггүй юм. Их сайхан дурсамж үлдээжээ.
-Цовоо сэргэлэн, хурдтай, хүчтэй байхад тань эцэг эхээс өгсөн зан чанар, өссөн төрсөн орчин нөлөөлсөн нь дамжиггүй?
-Би хүүгээ их анзаардаг. Хүмүүс хүүг минь надтай их адилхан гэдэг. Адтай сэргэлэн гэдэг чинь төрөлхийн л зан юм байна, анх төрөхдөө л адтай төрдөг юм байна гэдгийг мэдсэн. Намайг хүүхэд байхад нийгэм минь тайван, одоогийнх шиг сошиал хөгжөөгүй, хүүхдүүд гэр бүлийнхээ орчин, гэр бүлийн хүмүүжлээр хүмүүждэг байж. Миний гэр бүл ч одоо яг тийм. Социализмын үеийн сэхээтний гэр бүлд өссөн, хөдөөний хүүхэд болохоор юманд чин үнэн сэтгэлээр хандана. Харин тэр сэргэлэн цовоо байдал минь төрөлхийн зан. Радиогоор явсан дууг ганц сонсоод сурчихна. Хүмүүсийн өмнө дуулаад чихэр авна. Томчуултай том хүн шиг хэрсүү ярина. Хурц хэлтэй. Хэл, хөлд хурдан орсон гэдэг юм. Хүнийг нэг хараад л үйл хөдлөл, үгийг нь сурчихна.
-Гуравдугаар сар гарангуут л Мартын 8-ны баярын уур амьсгал ордог. Энэ баяртай холбоотой сайхан дурсамжууд хөвөрдөг шүү?
-Мартын 8-ны баярын өдөр аав минь гэртээ хоол хийнэ. Аав минь ер нь гал тогоонд оролцдоггүй, ээж бүхнийг зохицуулдаг байсан. Аавыг томилолтоор явахад хувцас хунарыг нь нэг бүрчлэн бэлдэж “За, энэ хувцаснуудаа тэд дэх өдөр өмсөөрэй” гэж захиж явуулна. Томилолтоос ирэхэд нь бэлдээд тавьчихсан бууз, баншаа жигнэж угтана. Манай аав бүх юмаа ээжээр бэлдүүлдэг хүн байсан юм. Мартын найман болохоор харин аав минь хоол хийнэ. Би тэрэнд нь их баярлана. “Овоо ш дээ, миний муу аав” гэж боддог байлаа (инээв). Дандаа л ээж минь бүхнийг хийдэг байсан болохоор аав минь ганц өдөр хоол хийхээр ээжийнхээ өмнөөс баярлана. Аав, ээж минь нэг дор ажилладаг болохоор нэг хамт олонтой. Хамт олон нь Мартаар манайд ирнэ. Айлд зочин ирэхээр хүүхдүүд хөөрөөд бөөн баяр болдог шүү дээ. Мартын наймны баярыг тийм сайхан дурсамжууд хөглөдөг. Аав, ээжийн ажлынхан ирж бие биеэ баярлуулж даалуудаж, хөзөрдөж хөгжилдөнө. Тэр үед баар, ресторан гэж байсан биш. Ажил дээрээ ширээ засна. Дараа нь нэг нэгнийхээ гэрээр зочилно. Аав, ээж хоёр минь Хөвсгөлийн шүүхэд насаараа ажилласан. Манайд шүүхийнхэн их ирнэ. Одоо ч уулзацгаана. Уулзалдахаараа үр хүүхдүүдийнхээ тухай хөөрөлдөж “Танай Уянгаа мундаг байна аа” гэж магтдаг гэсэн. Тэд намайг жаахан хүүхэд байхаас минь мэднэ шүү дээ.
-Таны дуулсан дуунуудыг сонсохоор бүтэн хэмжээний кино, жүжиг үзсэн мэт сэтгэгдэл төрдөг. “Гүрэн Монгол чинь хүлээнэ” дууг сонссон гадаадад байгаа хүн эх орон руугаа тэмүүлэхээр шүү. Бас “Ээж ээ” жүжгийн дуу хүний зүрх рүү шивэх шиг л болдог?
-Баярлалаа. Би өөрийгөө хөдөлмөрч биш гэж ярьсан шүү дээ. Яагаад вэ гэхээр зарим дуучид дуугаа хайж явдаг юм байна л даа. Шүлэг, хөгжмийн зохиолчоо хайгаад, дуугаа хийх мөнгөө хайгаад явдаг. Би харьцангуй азтай. Хүмүүс дуугаа зохиогоод надад авчирч өгдөг. “Чиний хоолойнд зориулаад зохиосон” гэдэг. “Ээж ээ” жүжгийн дууг надад тэгж авчирч өгсөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од “Уянгаар л дуулуулна. Уянга л сайхан дуулна” гээд намайг дуудсан. “Ээж ээ” жүжгийн дууг анх сонсоод дуулах гэсэн чинь хоолой зангирчихсан. Гоё аялгуу, сайхан үгтэй дуу чинь хүнийг тэгж шууд огшоож зүрхэнд хүрдэг юм байна л даа. Хоолой минь зангираад “Багш аа, энэ дуунд ярих юм алга. Харин би дуулж чадах юм болов уу” гэж жаахан түгшсэн. Жүжгийн дуу болохоор өгүүлэмжтэй. Тийм учраас таны яриад байгаа шиг бүтэн сонсогддог. Хүний зүрхэнд шууд хүрээд л “Нээрэн ээжийнхээ гишгэсэн газарт цэцэг байх юмсан” гэж бодогдож “Бид ээж гэдэг хүний ачийг ерөөсөө хариулж чаддаггүй шүү” гэдгийг сануулдаг. Тэр жүжиг тайзнаа тавигдаад “Гэгээн Муза” аваад их удлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар гуай найруулсан шүү дээ. Тэр сайхан хүн бурхан болчихлоо. Үнэхээр харамсалтай. Б.Баатар найруулагч “Уянгаа чи дууг нь дуулсан жүжгээ үзээч” гэж урилга өгөхөөр нь албан ёсоор очиж үзлээ дээ. Бараг бүтэн жилийн дараа шүү дээ. Би гол дүрийнх нь жүжигчинд цэцэг өгнө гэж бэлдэж очив оо. Лоожин дотор хэнгэнэтэл уйлсаар байгаад жүжгээ дуусгалаа. Гараад цэцгээ өгөх гэтэл нүд минь хавдчихсан болохоор өгч чаддаггүй. Өрөөнд нь оруулж өгсөн. “Одоо ёстой уйлахгүй. Одоо больё” гээд нулимсаа арчаад хичээгээд үзэж байхад л дууны ая нь орж гараад эхлэхээр дахиад л уйлчихна. Их гоё жүжиг. Б.Баатар найруулагч мундаг найруулсан. Тэр үед уг жүжгийн ээжийн дүрд С.Сарантуяа, Н.Сувд гуай хоёр ээлжилж тоглож байсан. Би С.Сарантуяа эгчийн тоглосноор үзэж байсан юм. Эх нь өөрөөсөө унасныг хоёрт тавиад өрөөлөөс авчирсныг нэгдүгээрт тавьсаар байгаад хэдэн хүүхэд нь ойлголцохгүй байгаа тийм жүжиг.
У.ПҮРЭВСҮРЭН
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН