“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан мэдээлэл нийгэмд ихээхэн анхаарал татаж байгаа. Зарим нь нэг нь үүнийг тойруулан улстөр хийж эхэлсэн. Ямартай ч зээл авсан, эргүүлж төлөх ёстой гэдэг нь тодорхой болсон. Олон улсын Арбитрийн шүүх ч шийдвэрээ гаргачихаад байгаа.
Төрийн өмч, тодруулбал монголчуудын “Саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг хувийн компани барьцаалж, гадны банкнаас их хэмжээний зээл авсан тэр үйл явц буюу процесс, үүнд эрх мэдэлтэй хэн хэн оролцов гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Хэрэг явдлыг анхнаас нь нарийвчлан тодруулбал, 2007 онд зэсийн баяжмалыг тээвэрлэх үүрэгтэй Улаанбаатар Төмөр зам ХХК нь санхүүгийн хүндрэлээс болж түлш шатахуунаа худалдаж авч чадахгүй нөхцөл байдалд орсон учир энэ асуудлыг шийдэх зорилгоор Жаст группийг гаднын банкнаас зээл авахад нь зөвшөөрөл олгоно уу гэсэн хүсэлт бүхий албан бичгийг Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлага Х.Наранхүү хувь эзэмшигч Орос, Монгол хоёр талын эрх бүхий хүмүүст илгээжээ. /Албан бичгийн хуулбарыг харна уу зураг-1/
Албан бичигт Жаст групп нь Эрдэнэт үйлдвэртэй 10 шахам жил хамтран ажиллаж байгаа, Стандарт банкнаас зээл авахаар төлөлвлөж байгааг дурджээ. Энэ хүсэлтийн дагуу Улаанбаатар төмөр замын түлш шатахууны бэрхшээлийг шийдэхийн тулд дээрхи албан бичигт дэмжсэн цохолтыг хийж өгчээ. Энэ зөвшөөрлөөр Жаст групп 20 сая ам.доллар зээлээд түүнийгээ хугацаанд нь эргүүлж төлсөн, зэсийн баяжмалын тээвэрлэлт ч хэвийн болсноор энэ зээлийн гэрээ дуусгавар болжээ.
Харин үүнээс хойш Жаст группийн ганцаарчилсан хувийн тоглолт нууцаар эхэлж, амташсан хэрээ гэгчээр 2009 оноос эхлэн гурван ч удаа Стандарт банкнаас зээл авахдаа хуурамч гарын үсэг, тамга тэмдэг ашиглажээ. Энэ бол Английн нэр хүнд бүхий шинжилгээний лабараторийн тогтоосон дүгнэлт. Ингэж дураар дургиж хуурамч бичиг бармт ашиглаж байсныг тухайн үед хэргийн эзнээс өөр хэн ч мэдэх боломжгүй үйлдэл байв.
Одоо хэвлэл мэдээлэл, цахим орчинд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлыг хоёр өнцгөөс харж байна. Нэг хэсэг нь энэ хэрэг явдалд Д.Сугар, Ч.Ганзориг нар буруутай гэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь будилааны жинхэнэ эзэн нь Ш.Батхүүг гэж байна.
Харин ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын хувьд өөрсдийгөө буруугүй, тийм зээлийн баталгаанд гарын үсэг зураагүй хэмээн мэдэгдэж байгаа.
ТӨХ-ны дарга асан Д.Сугар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Эрдэнэтийг барьцаалсан аливаа гэрээнд би гарын үсэг зураагүй. Хэрэв би буруутай нь тогтоогдвол, тэр гарын үсэг үнэхээр минийх мөн бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээсээ шууд татгалзаад хорих 461 дүгээр анги дээр өөрөө яваад очъё” хэмээн мэдэгдсэн байсан.
2014 онд Их Британийн “Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн гаргасан албан ёсны дүгнэлтэд Д.Сугарын жинхэнэ гарын үсгийг зээлийн гэрээний баталгаа дээрхи гарын үсэгтэй харьцуулан шинжлээд “Энэ нь хуурамч, жинхэнэ гарын үсгийг дууриалгах оролдлого мөн” гэжээ
Үүнээс бүр урьд буюу анх 2013 онд “Жаст групп” Стандарт банкнаас нийтдээ 109,9 сая ам.доллар зээлсэн асуудал ил болж, босч ирсний дараахан “хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур” гэгдэж буй Ш.Батхүү зээлийн баталгаанд Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар дууриалган зурснаа хүлээн зөвшөөрч байв. Тухайлбал, 2013 оны зургадугаар сард Эрдэнэт үлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд илгээсэн албан бичэгтээ “Стандарт банкинд гаргаж өгсөн Д.Сугар нарын гарын үсэгтэй гэх бүх баримт бичгийг Жаст группийн зүгээс үйлдэж явуулж байсан ба Эрдэнэт үйлдвэрийн тэр үеийн удирдлага энэ үйлдлийн талаар огт мэдэхгүй байсан болохыг үүгээр тодорхойлов” гэжээ. /Зураг-4/
Гэвч үүнд нотолгоо хэрэгтэй, нөгөөтэйгүүр хардах эрх нь бас хэн хүнд бий. Харин одоо тэр гарын үсэг үнэхээр хуурамч болохыг тогтоосон баримт олдлоо.
Лондон дахь Олон улсын Арбитрийн шүүх энэ асуудлыг шалгаж хэлэлцэх явцдаа Д.Сугарын гарын үсгийг мөн эсэхийг мэргэжлийн шинжээчээр тогтоолгоохоор нэр хүндтэй шинжээч, лабораторит хандсан байдаг. Харин хариу нь хэрхэн гарсан талаархи бичиг баримтыг манай сайт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд олж авч ил болгож байна.
Тодруулбал, 2014 онд Их Британийн “Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлт байна. Энэ дүгнэлтэд дурдснаар тус лабортари Д.Сугарын жинхэнэ гарын үсгийг зээлийн гэрээний баталгаа дээрхи гарын үсэгтэй харьцуулан шинжлээд “Энэ нь хуурамч, жинхэнэ гарын үсгийг дууриалгах оролдлого мөн” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтийн англи эхийг орчуулгын хамт доорхи зургаас дэлгэрүүлэн үзээрэй. /Зураг-5-7/
Энэхүү шинжилгээний хариуд доктор Оудрей Жайлес "...Энэхүү Q19, Q30, Q36 гурван бичиг нь Ноён Сугарын жинхэнэ гарын үсэг зурсан бичиг баримт биш болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдож байна" гээд учир шалтгаан үндэслэлүүдийг нь дурджээ.
Лондонгийн Олон улсын Арбитрийн шүүхийн захиалгаар тухайн гарын үсэг хуурамч эсэхийг шиинжилсэн шинжээчид ийм дүгнэлт гаргасан болохоор 2009 оноос хойш гурван удаагийн үйлдлээр Стандарт банкнаас авсан зээлд төрийг төлөөлж хэн нэгэн баталгаа гаргаж өгөөгүй нь тодорхой болж байна. Хэрэв үүнийг энэ өнцгөөр ингэж харвал хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хоорондын гэрээ зөвшилцөл бөгөөд асуудлын гол нь зээлдэгч Жаст группийн Ерөнхийлөгч Ш.Батхүү залилан мэхлэх замаар дээрх зээлийг авсанд эдүгээ ингэж буух эзэн буцах мөр нь бүдгэрч ээдрээ үүсгээд байгаа юм. Нөгөө талаасаа зээл олгохдоо гоомой хандаж хуурамч гарын үсэг тэмдэгтийг нягтлаагүй Стандарт банкны хариуцлагын асуудал ч яригдах учиртай мэт.
Нэгэнт асуудал ийм тодорхой байхад Монголын төр засаг, хууль шүүхийн байгууллага нь буруутай эздээр нь зээлийг эргүүлэн төлүүлэх ёстой бус уу. Ингэх нь шударга ёсонд нийцэхээс гадна Монгол улсын нэр хүндэд ч хэрэгтэй. Стандарт бакны хэргийг хэдий болтол мандуулж, хэзээ хүрч байж шийдэх гэсэн юм бол.
Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Наранхүүгийн хувь эзэмшигч талуудад илгээсэн албан бичиг
Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар дууриалгаж байснаа нотолсон 2013 онд Ш.Батхүүгийн гаргасан тодорхойлолт
2014 онд Их Британийн “Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлт
2014 онд Их Британийн “Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлт
2014 онд Их Британийн “Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлтийн орчуулга