Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны шинэ жилийн мэндчилгээгээрээ АНУ-д цөмийн цохилт хийхэд бэлэн гэдгийг анхааруулсан билээ. Түүний хэлсэн энэ үгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өлгөн авч, “өөрт нь ч бас цөмийн товчлуур байгаа шүү” гэж тэмдэглэсэн байна. Гэхдээ түүнийх Хойд Солонгосынхыг хэмжээгээрээ төдийгүй хүч чадлаараа давна гэж тэр хэлжээ. Үүнтэй зэрэгцээд Америкийн конгресст төрийн тэргүүнийг ганцаараа цөмийн цохилт үзүүлэх шийдвэр гаргахыг хориглосон хуулийн төсөл яригдаж байгаа тухай сануулжээ.
Америкийн цөмийн товчлуур Хойд Солонгосынхныг бодвол хамаагүй том, илүү хүчтэй. Энэ талаар Дональд Трамп “Twitter”-тээ жиргэсэн байна. Ийнхүү тэрбээр БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Уны АНУ-д ямар ч үед цохилт өгөхөд бэлэн гэсэн мэдэгдэлд хариу барьжээ.
“Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “Цөмийн товчлуур нь үргэлж ширээн дээр нь байгаа” гэж мэдэгдсэн байна билээ. Магадгүй хэн нэгэн, түүний эцэж туйлдсан, өлссөн, дэглэмээс аль нэг нь надад ч бас цөмийн товчлуур байдаг. Тэр нь өөрийнхөөс нь илүү хүчтэй, бас миний товчлуур ажилладаг гэж хэлж өгөөрэй” хэмээн Трамп жиргэжээ.
Галаар наадлаа
Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын тэргүүний хэлсэн үгийн хариуд АНУ хэрэгтэй бол хэзээд цохилт үзүүлэхэд бэлэн болохыг мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг Ким Чен Ун шинэ жилээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ өгүүлсэн. Тэрбээр 2017 онд цөмийн зэвсгийн хүчнээ төгс сайжруулж чадсан хэмээн тэмдэглээд, АНУ-ын бүх газар нутаг овоо хараанд нь байгаа гэж мэдэгджээ.
“Манай улсын цөмийн зэвсэг хүчин Америкийн ямар ч цөмийн аюул заналхийллийг таслан зогсоож, хариу үзүүлэх чадвартай. Манай зэвсэг АНУ-ыг галаар эрсдэлтэй наадах боломж өгөхөөргүй хүч чадалтай билээ. АНУ надтай, манай улстай дайн хийх зориг зүрх хүрэхгүй” хэмээн Ким Чен Ун мэдэгдсэн байна.
Тэр ч бүү хэл “АНУ-ын эх газрын бүх газар нутаг манай цөмийн цохилтын радиуст орсон. Дээрээс нь цөмийн товчлуур миний ажлын өрөөний ширээн дээр намайг байнга хүлээж байна” хэмээн Хойд Солонгосын удирдагч хэлжээ. Үүний зэрэгцээ Вашингтон үүнийг мэдээлэл, шинэ бодит үнэн гэж хүлээж авах хэрэгтэй, харин сүрдүүлэг гэж хүлээн авах хэрэггүй гэж онцлон тэмдэглэсэн байна.
Мэдээлэл байхгүй
Emad Hajjaj / Jordan
Үүнтэй зэрэгцээд энэ сарын 2-нд Америкийн хэвлэл мэдээллүүдээр Пхеньян тив алгасагч баллистик пуужингийн туршилт явуулахаар бэлтгэж байгаа тухай мэдээлжээ. Тухайлбал, CBS суваг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн мэдээлэхдээ энэ, эсвэл ирэх долоо хоногт пуужин хөөргөх гэж байгаа гэжээ. Харин NBC суваг илүү тодорхой өдрийг дурдсан байна. Тус сувгийн мэдээллээс үзэхэд туршилтын энэ долоо хоногийн дундуур явуулах бололтой.
Америкийн тагнуулынхан энэ мэдээлэлд тайлбар хийхээр яарахгүй байна. Тус албаны хэвлэлийн албаныхан хэвлэл мэдээллээр явж буй уг мэдээллийг батлахгүй байгаа ч бас үгүйсгээгүй байна. “Ойрын өдрүүдэд туршилтад бэлтгэж буй тухай асуудлаар албан ёсны тайлбар, мэдээлэл манайд одоохондоо алга байна” гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирлын хэвлэлийн албаны ажилтан мэдэгджээ.
Гэхдээ тэр АНУ-д цөмийн пуужингийн аюул заналхийлэл байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Тагнуулын газрын төлөөлөгч Америкийн Үндэсний тагнуулын газрын тэргүүн Дэниел Коутсын хэлсэн үгийг сануулжээ.
“Пхеньян АНУ-д шууд аюул заналхийлэл учруулах чадвартай холын тусгалтай цөмийн пуужин боловсруулахыг баримтлан ажиллаж байна” хэмээн Коутс өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан билээ.
Сахиул хууль
Америкийн конгресс Хойд Солонгосоос ирж буй сүрдүүлэгт төдийгүй Дональд Трампын мэдэгдэлд ч илт санаа зовж буй нь ил байна. Ардчилсан намын гишүүн Тед Лиу л гэхэд АНУ-ыг БНАСАУ-тай хийж болзошгүй цөмийн дайнаас шинээр гаргах гэж буй хууль хамгаалж чадна гэж мэдэгджээ. Уг хуулийн төслөөр бол Ерөнхийлөгч цохилт үзүүлэх тухай бие даан шийдвэр гаргах боломжгүй болох юм.
“Трампын БНАСАУ-тай цөмийн дайн хийнэ гэж сүрдүүлсэн жиргээнүүд таныг ухаан алдтал айлгаж байна уу? Тэгвэл сенатч Эд Марки бид хоёрын 600/S200 хуулийн төслийг дэмжээрэй. Хоёр намын төлөөлөгчийн гаргасан энэхүү хуулийн төсөл нь АНУ-ын Ерөнхийлөгчийг конгрессийн зөвшөөрөлгүйгээр түрүүлж цөмийн цохилт үзүүлэх боломжийг олгохгүй болох юм” хэмээн Лиу “Twitter”-тээ жиргэжээ.
Түүнчлэн тэрбээр дайны нөхцөл байдал үүслээ гэхэд зөвхөн солонгосчууд төдийгүй америкчууд ч амиа алдана гэж тэмдэглэжээ. Тэр ч бүү хэл асуудалд цөмийн гүрэн гэгддэг Орос, Хятад ч хутгалдан орно гэж конгрессийн гишүүн үзсэн байна.
“Хэрвээ АНУ Солонгост цөмийн зэвсэг хэрэглэвэл олон ч америк амиа алдана. Үүн дээр нэмэгдэж, Хятад, Орос бүх зүйлийг буруу зүг рүү нь түлхэж мэднэ. Хоёр улс хоёулаа цөмийн товчлууртай. Тэр нь бас Америкийг устгах чадалтай” хэмээн улстөрч нэмж хэлжээ.
Лиу, Марки нар энэхүү хуулийн төслөө аль 2017 оны нэгдүгээр сард сенатчдад танилцуулсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэвч одоо болтол урагшлаагүй аж. Уг хуулийн төсөл өнөөдрийг хүртэл Төлөөлөгчдийн танхимын гадаад хэрэг эрхэлсэн хороонд гацсан байна.
Цөмийн халхавч
БНАСАУ байнга ийм сүржин мэдэгдэл хийх замаар Ирак, Ливи зэрэг улс орнуудын хувь заяаг давтахаас хамгаалахыг оролдож байна хэмээн шинжээчид үзжээ.
“Энэ улсуудад цөмийн зэвсэг байгаагүй. Гэтэл энэ улсуудыг яасныг бид мэдэж байгаа. Харин БНАСАУ-д хэн ч гар хүрч чадахгүй байна. Яагаад гэвэл өр төлөөсний цохилт авна гэсэн айдас бүхий л түрэмгий төлөвлөгөөг нь давж байна. Пхеньян гартаа цөмийн зэвсэг байгаа цагт л энэ ертөнцөд босоогоороо байж чадах юм гэдгийг дахин харуулж байна” хэмээн цэргийн шинжээч Виктор Литовкин “RT”-д мэдээлжээ.
Оросын ГХЯ ч АНУ өөрсдөө Хойд Солонгосыг өдөөн хатгаж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан билээ. Тус яамны Онцгой даалгавар эрхэлсэн элч төлөөлөгч Олег Бурмистровын хэлснээр Вашингтон хоригийг гогцоог улам чангалах шалтгаан гаргахын тулд үүнийг хийдэг гэнэ.
“АНУ зөвхөн хойд солонгосчуудыг тэсвэр тэвчээрийг шалгах гэж биш, зөвхөн галаар наадах гэж бус, харин Пхеньян цаашдын алхмаа хийж, тэр нь хоригийг гогцоог улам чангалах, эдийн засгийн бүслэлтэд оруулахын тулд зориуд ийм үйлдэл хийдэг” хэмээн дипломатч мэдэгджээ.