Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Бат хааны хилэгнэл\“ киног Монгол Улсад гаргахыг хориглох хэрэгтэй

"Бат хааны хилэгнэл" киног Монгол Улсад гаргахыг хориглох хэрэгтэй

Үзэхийг хориглоно

Ингэж нэрийдсэн нь учиртай. Адал явдалт, түүхэн уран сайхны гэсэн тодотголтой нэгэн кино Дэлхийд нээлтээ хийж, нээлтээ хийсэн даруйд нь л гэрийнхээ ойролцоо кино театрт үзлээ. Адал явдалтай гэж тодотгожээ гэхдээ тэр нь түүхэн байх нь. Иван Шурковецкий продюсерлож, зохиолчоор нь Дмитрий Пальцев, Сергей Юдаков, Дмитрий Раевский, Евгений Раевский нар ажилласан нэг үгээр хойд хөршүүд минь бидэнд нэгэн адал явдалт шинэ жилийн бэлэг бариадахлаа. Шууд утгаараа хэлбэл Монголын түүхийг гажуудуулж их л дорд үзжээ. "Батхааны хилэгнэл" гэсэн нэршилтэй уг кино Орост түүхэн гэж тодотгон нээлтээ хийсэн даруйд Монголчууд төдийгүй олон нийтийн сүлжээгээр шүүмжлэн, Бат хааныг “трансжендэр” шиг дүрсэллээ хэмээн ихэд дургүйцэж эхлээд байна.

Энэ кино зөвхөн хааныгаа “доромжлуулсан” Монголчуудын бухимдал зэвүүцлийг төрүүлээд зогссонгүй киног бүтээсэн Оросын нэр нөлөөтэй шүүмжлэгчдийн анхаарлыг ч татав. Гэвч олон олон шүүмжлэгчид ч энэ киног таашаахгүй байгаа бололтой. ОХУ-ын алдарт кино шүүмжлэгч Алексей Володины харснаар бол уг кино хэм хэмжээ, ёс зүй, бодит зүйлд тулгуурлан бүтээгддэг кино гэх олон тулгуур зарчмыг эвдсэн болохыг хатуухан хэлжээ. Энэ мэдээллийг “topwar.ru” цахим хуудсанд нийтэлжээ. Бид бол Монголчууд. Дэлхийн түүхийг бидний Монголын түүхээс салгаж ойлгож үл болно. Кино ярихаас өмнө Батхаан гэж хэн байв? түүний түүхэн гавьяа юунд оршдог болохыг товч өгүүлж болох юм. Батхаан гэж Чингис хааны ууган хүү болох Зүчийн ууган хүү. Алтан ургын хүн. 1243 онд Алтан Ордот хаант улсыг байгуулсан. Эрэлхэг зориг, цэргийн эрдмээрээ Чингис хааны олон ач нараас ялгаран гарсан түүхт хүмүүн билээ л...

1235-1242 онд их цэрэг захирч одоогийн Польш, Болгар, Унгар, Чех, Словак, Австри, Румын, Югослав, Герман, Оросыг эзлэж явсан юм. Түүний шадар жанжин нь алдарт Сүбээдэй байлаа. Мөн түүнтэй хамт Өгөдэй, Цагаадай, Тулуйн ууган хүү Гүюг, Бүри, Мөнх нар дайн тулаанд сүр ихт хүчийг үзүүлэн түүхэнд мөнхөрчээ. 1235 онд Бат хаан их цэрэг захирахдаа 26 настай байсан зэргийг түүхийн аль ч сурвалж бичгээс уншиж судлаж болох юм. Алтан ордын улс Орос улсыг хүчирхэгжүүлсэн түүх ч бий. Үүнийг онцолсон нь бидний одоо авч үзэх зүйлстэй нягт уялдах юм.

Дээр дурьдсан Орос шүүмжлэгчийн хэлснээр хүн төрөлхтний жинхэнэ биет бус өв, соёлын ололтод хамааруулж болохгүй олон алдаатай зүйлс уг кинонд байна гэжээ. Тухайлбал, жүжигчин, найруулагч, сурган хүмүүжүүлэгч Иван Диденко “Режиссёрский разбор” зохиогчийн хөтөлбөртөө түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн гэх “Коловратын домог” киног бүтээгчдийг ихээхэн шүүмжилжээ. Ямар “гайхам” бодол төрөхөөрөө БАТ ХААНЫГ ТРАНСЖЕНДЕРҮҮДИЙН ШОУНЫ ОРОЛЦОГЧ мэтээр харуулсныг Иван үнэхээр гайхаж байгаа гэжээ. Би ч кино үзээд мэл гайхсан. Шадар жанжиныхаа ихэд хөгширсөн талаар ярилцахдаа шаргал урт үсийг нь эгээ л гэргийнхээ гэзэг үсийг имэрч байгаа мэт янаг илэх хэсэгт уулга алдсан. Юу гээчийн их доромжлол вэ? Би яг ингэж дотроо уулга алдсан . 360 сая рублийн төсөвтэйгээр бүтсэн уг кино түүхэнд тулгуурлаж бичигдсэн гэж их л тодотгоно лээ. Гэвч энэ хэний зохиож бичсэн худал түүх болохыг эргэцүүлж сууна. Коловрат гэх нэгэн орос цэрэг үе үе өчигдрийн болж өнгөрсөн бүхнийгээ мартах өвчтэй. Гэвч киноны төгсгөлд юуг ч мартахгүй маш тод эргэн санаж байгаагаар нэгэн үйл явдал зангилагдана. Гэвч мартах өвчтэй цэрэг болж өнгөрсөн зүйлсийг санахдаа баяр жаргалтайгаар бус харин ч хорсол зэвүүцэлтэйгээр илэрхийлнэ. Батхааныг өнгөц харвал маш чамин ганган гэвч Монгол үндэсний хувцас болох дээлгүй бүр ч эсрэгээрээ луун хээтэй торгон хэвнэг нөмрүүлжээ. Бөгж хийгээд үсний чимэг зүүлт эгээ л эмэгтэй хүн мэт. Харин хойд хөршийн бүтээсэн киног хойд хөршийн шүүмжлэгчид авч үзэхдээ, Иван Диденко: “Энэ киноны гол дүрүүдийг хэн сонгосон юм бэ? Та нар маш муу ажилласан байна. Тэнэгүүдийн баг бүрдүүлж. Киноны зохиол гэж авах юмгүй, дээр нь гол дүрүүддээ нэг тийм хачин хүмүүс сонгочихсон. Үүнд жүжигчдийн буруу байхгүй. Тэд ажилла гэсэн бол ажиллана. ” гэжээ. Гэхдээ гол асуудал нь гол дүрийг хэн сонгосонд ч учир байгаа юм биш. Гол учир нь сүүлийн жилүүдэд ихээхэн түгээмэл болсон зарчимд л оршиж байгаа юм. Энэ нь ямар ч хяналтгүй, агуулгагүй байх зарчим.

Ерээд онд мөнгөгүйн улмаас кино бүтээгдэхээ больж эсвэл бүтээсэн кинонууд нь чанар муутай болдог гэсэн яриа гардаг байлаа. Харин өнөөдөр киноны салбарыг багагүй мөнгөөр санхүүжүүлж байна. Тэрбум рубль хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалт ч хийгддэг. Өнөөдөр “Бат хаан”-ы нүдний будалтанд хэдэн сая зарцуулсан, “Викинг” кионы шавар шавхай, ялгадасанд хичнээнийг үрсэн, өөр бусад “түүхэн-үлгэрийн” кинонуудын жижиг сажиг зүйлсэд хичнээн саяыг үрснийг сонирхох ядахнаа хэсэг бүлэг хүмүүс байна уу? Энд өгүүлэхэд, сүүлийн жилүүдэд найруулагчид түүхэн кино биш харин “зөгнөлт түүхэн” кино хийж байгаа гэж ярих дуртай болсон. Түүхэн кино биш учир “түүхийн деталууд биш харин баатрын дотоод сэтгэлийн илрэл чухал” гэж тэд ярьдаг. Тэгвэл Бат хаанд шигтгээтэй жийнсэн өмд өмсүүлээд Рязань руу илгээвэл яах вэ? Найруулагчдын хэлснээр “fantasy ”, үлгэр биз дээ?! Гэтэл энэ зөгнөлт киноных нь мөнгө өмнө нь энэ чиглэлээр мөнгө олсон продюссерын төвүүдийн халааснаас биш харин өөр нэгний халааснаас урсаж байна.

“Коловратын домог” кинондоо эргэн оръё. Энэ киног 2014 оноос эхлэн “Газпром-Медиа Холдинг”-ийн бүрэлдэхүүнд багтах болсон “Централ Партнершип” кинокомпани бүтээжээ. Газпром бол төрийн оролцоотой компани. Өөрөөр хэлбэл улсад кино үйлдвэрлэлд зарцуулах мөнгө бий. Энэ мөнгийг багагүй хэмжээгээр тодорхой төслүүдэд зарцуулдаг. Гэтэл ийн мөнгө зарцуулсан хойно хачирхалтай асуултууд урган гарна. Алтан Ордод мөн л трансжендерүүд байсан юм уу? Викингчүүд болон варягчууд нэг хэрэг үү? Хичнээн хэлгүй эмэгтэйг Оросын тайж хүчирхийлсэн юм бэ? Харин төрийн санхүүчдэд ийм асуулт асуумаар санагддаг болов уу? Эсвэл барууны түншүүд болон орон нутгийн либералууд тэднийг цензур тавилаа гэж буруутгана хэмээн айдаг юм болов уу? Өршөөгөөрэй, гэхдээ улс нэгэнт л хөрөнгөө зарцуулсан хойно асуух эрхтэй биз дээ? Улсын хөрөнгө гэдэг нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн хөрөнгө. Тиймээс бид ч гэсэн асуух эрхгүй гэж үү?

Энд үзэл суртлын цензур тавих талаар огт яригдаагүй байна. Гэхдээ өнөөдөр дэлгэцнээ гарч буй кинонуудыг харахад цензуртэй байсан нь ч зүгээр юм уу гэх бодол өөрийн эрхгүй төрөх.

Үнэн хэрэгтээ, манай оронд гарч байсан бүхий л суут бүтээлүүд цензур давсны ачаар л гайхалтай бүтээлүүд болсон юм. Гэтэл өнөөдөр ямар ч хяналтгүй кинонууд цуварч, нүүрийг нь будсан тосгоныхон төдийгүй Монголын хаадыг ч хэт гоодсон “коловратууд”-ыг харах боллоо" гэжээ. /www.ekhsurvalj.mn ий орчуулснаар/ Бүхэлдээ энэ хэсгээс хойд хөрш минь шинэ оны гайхамшигтай том бэлэг бидэнд барилаа гэж дээр хэлсэнчлэн Монголын түүхийг ихэд басамжилсныг Оросын шүүмжлэгчид ч таашаасангүй.

Би бүр ч их эгдүүцэж байна. Нүүрэндээ будаг шунх нялчихсан Монголчууд гэх улсууд Алтан ордны хаант улсыг захирч байсан Батхаантайгаа л нэгэн орос Иванд өвдөг сөхрөөдхөв. Бидний түүхэнд өвдөг сөхрөх явдал хэд байв. Хэдий уран сайхны кино боловч бид бүх насныхан үзэх боломжтой гэх мөнгө хөрөнгө хайр гамгүй орсон график техникийн өндөр үзүүлэлттэй уг киног үр хүүхэдтэйгээ нийлж суугаад кино танхимд тухлангаа бидний түүхийг гуйвуулжээ гэж мянга тайлбарлаад ч тусыг эс олох дэг. Үгүй дээ түүх өөрчлөгддөггүй юм. 250 жил Батын сүр их хүчин дор өлмийг нь үнсэж явсан улс гүрэн хэдэн арав билээ. Хураан эзэгнэж явахдаа байгуулсан гавьяа Дэлхийн түүхэн эх сурвалжид ямар тод томруунаар үлдсэн билээ. Монгол Улс дүрэм журамтай, тусгаар оршиж байгаа л юм бол уг киног улсдаа гаргахыг ХОРИГЛОХ нь зүйтэй гэж үзнэм.

Дэлхийн хэмжээнд энэ мэт Монгол улсыг басамжлан доромжилсон ёгтолсон адгууслаг ард түмэн гэж дорд үзсэн кино бүрийг бид ирээдүйн үр хойчтойгоо зэрэгцэн суугаад эрдэнэ шишийн хөөсөнцөр зажлингаа үзсээр сайн мууг нь ам дамжин ярисаар байх гэж үү. Төрийн бодлого бодож гартаа тамга атгасан өндөрлөг гэж нэрлэгддэг улс нэгийг бодож хоёрыг тунгаана бизээ. Хэдийгээр даяаршиж байгаа гэх нийгэмд бид амьдарч байгаа ч оюун санаанд минь кино гэх урлаг соёлын үнэт үзэгдлээр бидний түүхийг гуйвуулж хорсол зэвүүцлээ тулган шаардсаар байгааг нь хүлцэнгүй амирлангуй дүрээр хүлээн авсаар байх уу. Монгол залуус маань хийж бүтээж л байна. Чадлаараа зүтгэж л байна. Тэр бидний шагшин магтаад, даган дуйрааж байгаа ертөнцтэй чинь хэл соёлоороо золгож танигдах гээд чадан ядан бор зүрхээрээ зүтгэж л байна. Төрийн бодлого байдаг бол яг энэ зүйлд анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байна. МОНГОЛ УЛСАД ГАРГАХЫГ ХОРИГЛОНО гэх тэмдэглэгээ магад бид тусгаар оршиж буйн тод илрэл болох болов уу.

Эх хэл соёл, их түүх бидний үнэт их хөрөнгө буюу. Батхааны тухай түүхэн уран сайхны кино гэж зар сурталчилгаанд их л зарлаад байгаа уг киноны өдрийн үзвэрийн танхимаас 7,8 р ангийн болов уу гэмээр хоёр хөвүүн ярилцсаар гарч байна. Андаа чамтай адилхан Бат нэртэй хаан чинь харин ганц муу цэрэг дарчихаж чадахгүй нүүрээ буддаг эвгүй гар байсын бишүү айн. Андаа. Өнөө их хаантай ижил нэрт хүү юм дуугарсангүй. Бидний түүхийг гуйвуулж трансжендер байсан мэтээр үзүүлсэн агуу киночдыг их хааны минь сүнс өршөөн хэлтрүүлж, эрин цаг үед үүх түүхээ гуйвуулж дорой, алуурчин зандалчид байсан мэтээр гөрдүүлчихээд үр хойчдоо үзүүлж суугаа биднийг ч гэсэн өршөөнө гэж найднам. Зэргэлдээх эгнээнд зүрх даран үзэж суусан БАТ хөвүүн минь бидний өвөг дээдэс ийм түүх бүтээгээгүй юм шүү. Арай өөр жинхэнэ бодит түүхээр нь чи ирээдүйд сайн кино бүтээж үр хойчдоо үзүүлж таниулаарай. Харин олон олон БАТ кино театраас гарахдаа санаа алдахгүй байж, эх түүхээ үнэн мөнөөр нь мэдэх боломжийг олгон уг киног МОНГОЛ УЛСАД ГАРГАХЫГ ХОРИГЛОХЫГ шаардаж байна. Соёлын яамгүйн хар гай энэ мэт олон асуудалд бүү тулгараг.

Сэтгүүлч Д.Отгонцагаан

\
\"Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар “Монголиан коппер корпорейшн” ДЭЭД ШҮҮХ дээр ялалт байгуулжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.