Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдоржийн дараагийн нүүдэл

 

      Найман жил Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, билгэ тэмдгээр заларсан Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа юу юугүй дуусах гэж байна. Тиймээс түүнийг чухам хаана ямар алба эрхлэх, хэрхэн аж төрөхөөс эхлээд түмэн таамаг улстөрийн хүрээнд өрнөсөөр. Ард түмний дунд МАХН-ын дарга Н.Энхбаяртай уралцуулах хүсэл ихээхэн байсан ч Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг хэргээр олгосонгүй. Гэтэл нөгөө талаас Ц.Элбэгдорж НҮБ-д ажиллахаар явах юм гэсэн таамаг ч дэвшүүлжээ. Тэр НҮБ-д очиж ажиллахгүй л болов уу. Ямартай ч тэр Ерөнхийлөгч асан Н.Багабанди шиг титэм үг бичээд суухгүй нэгэн. Н.Энхбаяр шиг яллуулаад явах ч үгүй. Энэ тухайд нүх сүвээ малтсан байж таарна. П.Очирбат шиг төрийн өмчит компани дамжин ТУЗ-д сууж, ҮАБЗ гэж явахгүй. Түүнд НҮБ, компанийн ТУЗ, ҮАБЗ, “Титэм” үгнээс илүү эрх ашиг гэж байгааг нийгэм даяар ярьж шуугиж байна. Тэр ч бүү хэл намынх нь журамт нөхөд мэдээлсэн тал бий. Тэгэхээр түүнд байж болох зарим нүүдлээс сонирхох хэрэгтэй. Нүүдэл эхнээсээ бүтэлгүйтсэн ч сонирхол татаж таарна.

      Нэг хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай дөрөө харшуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр санал асуулга явуулна хэмээн Засгийн газраас мэдээлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шахалтаар гэж болохоор нэг хэсэг үймээд шуугиан намдав. Олон жил дамжуулан ярьсан энэ асуудлыг заавал яагаад Ерөнхийлөгчийн сонгуультай зуузай холбуулах гэсэн нь цаанаа учиртай. Түүнээс биш “эдийн засгийн хямралтай үед төсөв хэмнэж байна” гэх хуурмаг халхавч бол яав ч биш. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яаруу дааруу ажиллагаа нь Ц.Элбэгдоржийн захиалга байсан ч УИХ-ын дийлэнх гишүүдийн шахалтад орж энэ чимээ намдсан бололтой.

       Төрийн өндөр дээд албан тушаалд амьсгалаа тасартал байхыг хүсэмжлэгч Ц.Элбэгдорж өөртөө халгаатай хэн нэгэнд Ерөнхийлөгчийн суудлыг уламжлуулж өгөхөөс яс нь хавталзаж байгаа нь илт. Нөгөө талаар өөрт нь ахиад боломж үгүй учраас Үндсэн хуулиар дамжуулан боломж хайж байгааг албан бус эх сурвалж хэллээ.

      Тиймээс айсуй Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрбээр хэт нь өөртөө хэрэгтэй нэгнийг дэмжихээр шийдсэн нь дамжиггүй. Түүний туйлын зорилго бол Ерөнхий прокурор, шүүх хүчний байгууллагын томилгоог Ерөнхийлөгчөөс салгаж Ерөнхий сайдад шилжүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгах явдал байх магадлалтай. Шунаж буй зүйл заалт нь ердөө энэ. Өнгөрөгч найман жилд Ц.Элбэгдоржийн саварт их улстөр тарчилж улмаар нийгэм айдсандаа автсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Өдгөө ч энэ сүүдрээс гарч чадаагүй, нийгэм айдастай байна гэх мэдээллийг Норовын Алтанхуягаас эхлээд хэлж буй. Гагцхүү Ерөнхийлөгч Ерөнхий прокурор, шүүх хүчний байгууллагын удирдлагыг томилдог нь түүнийг бүхний жанжин мэт болгосон байж таарна. Харин удахгүй суудлаасаа буух Ц.Элбэгдорж энэ эрх мэдлээ үргэлжүүлэн олж авахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг эрх мэдэл бүхий хүмүүст тулган шаардаж гэх ч энэ удаад хүчин мөхөсдөв.

     Үүнээс харвал Ерөнхийлөгийн суудлаас буусан Ц.Элбэгдорж дараа дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж, АН-ын дарга болох алсын бодол өвөрлөж байхыг ч үгүйсгэх арга алга. Чухам яагаад шүүх эрх мэдлийн томилгоог Ерөнхий сайдад шилжүүлэхээр бусадтай хуйвалдан уйларч байна вэ. Айсуй 2020 онд АН-ын дарга болохоор хэтийн зорилго тавьсан гэх мэдээлэл ч намынх нь нөхдийн дунд тархажээ. Ингэж хардах олон талт үндэслэл бий. Өнгөрөгч найман жилийн хугацаанд шударга ёс нэрийн дор өөртөө халгаатай бүхэнд ял тулгаж ямар нэгэн хэмжээгээр шүүх хүчний байгууллагаар рекэт хийлгэсэн гэх эрхэм Ерөнхийлөгч өөрийг нь их улстөрд өсгөж өндийлгөсөн Ардчилсан намынхаа эсрэг ажиллагаа явуулж хаглан буталгасан, зарим өрсөлдөгчидтэй хуйвалдсан гээд тухлах аятайхан суудал үгүй гэдгээ тэр хэнээс ч илүү мэдэж байгаа.

      Энэ удаагийн сонгуулиар өөрийг нь хаацайлсан хэн нэгэн Ерөнхийлөгч боллоо ч гэсэн 2021 онд ямар аавын хүү бусдын хүслийг гүйцэлдүүлэн Ерөнхийлөгч болохыг таашгүй. Нөгөө талаас Ц.Элбэгдоржоос хонзон авахаар өдрийн бодол шөнийн зүүд болж яваа Н.Энхбаярын нэр хэдийгээр гудамжинд байгаа ч гар хөл нь аль нэг талаас, ямар нэг он цагт шургахыг үгүйсгэхгүй. Энэ бол Ц.Элбэгдоржийн туйлын ганц айдас. Энэ айдас л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болчихлоо гэж харж болохоор. Өөрчлөлт нь бүхэлдээ сонин биш. Гагцхүү прокурор, шүүх хүчний байгууллагын томилгоог Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад шилжүүлэх чин хүсэл байсан бололтой.

      Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хязгаарлаж чадсанаар С.Ганбаатарыг МАХН-ын нэр дээрээс босгож амжлаа. С.Ганбаатар нь өнгөн талдаа МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах мэтээр ойлгогдож байгаа ч АН-аас нэр дэвшигчид ихээхэн халгаатай болохыг шинжээчид ярьж байна. Тодотговол, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад халгаатай. Яахав, Х.Баттулга ялалт байгууллаа гэж үзвэл УИХ-ын дөрөвний гурвын саналаар татгалзах хууль эрх зүйн орчин бий. Энэ бол УИХ-д байх томоохон бүлэглэлийн шийдэх асуудал. Х.Баттулга хэрвээ ялагдал хүлээвэл түүнийг төмөр замын гэрээ энэ тэрээр шалтгаалан өнөөх л рекэт хэлбэрээрээ улстөрөөс зайлуулах төлөвлөгөөг ч зурсан байж болохоор харагдана.

       Н.Алтанхуяг нарын хэлснээр шинэ цагийн улстөрийн хэлмэгдлийг дуусгахгүй үргэлжлүүлэх төлөвлөгөөний зураглал ийнхүү үргэлжилж байхыг хэн үгүйсгэх юм. Н.Энхбаяр ба түүний нөхөд, Н.Алтанхуяг ба түүний нөхөд гээд нэрсийн жагсаалт гаргавал чамгүй урт цуваа болж таарна. Энэ түүчээг үргэлжлүүлэх хүн нь Х.Баттулга ч юм билүү.

С.Баяр

Химийн хорт бодисын хар сүүдэр МОНГОЛД…
Химийн хорт бодисын хар сүүдэр МОНГОЛД…
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.