Нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр болсон Хатан Туул гол “амь тавьж” байна. Аврал эрэн гаслаж байна. Голын эх хэсгээрээ ширгэж, ус нь татарсан ч дунд хэсгээрээ доошоо буюу баруун зүг урсахдаа урсгал нь тодорхой хэмжээгээр бохироор нэмэгдсэн харагддаг. Урсгал нь нэмэгджээ гэж хартал үгүй юмаа, бохироор урсгалаа сэлбэн урссаар байна.
Ер нь Туул голын бохирдол туйлдаа хүрсэн гэж хэлж болно. Голыг бохирдуулдаг гол эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч Туул голд цутгаж буй хаягдал бохир ус юм. 2015-2016 онд хийсэн судалгаанаас харахад Улаанбаатар хотын Толгойт дахь Төв ЦБ 26-81 хувийн цэвэршүүлэлттэй усыг Туул гол руу нийлүүлж байжээ.
Ялангуяа Нийслэлийн баруун захаар нутагладаг Нисэх, Яармагийн айл өрх болон Төв аймгийн Алтанбулаг сумын иргэд Туулын бохирдлын горыг голдоо ортол амсаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Бүр онцолж бичихэд бохирын голомтод байдаг Алтанбулаг сумынхан аюултай хортой нөхцөлд амьдарч байгаа нь эмгэнэлтэй юм. Өнөөдөр эрүүл хүн, эрүүл мал гэж бараг алга. Ийм байлаа гээд тэд яахын хэдэн үеэрээ нутаглаж ирсэн нутаг уснаасаа зугтаж дайжаад хаа хүрэх юм бэ. Явах ч газар нутаг алга.
Цэв цэнгэг, тув тунгалаг урсаж түмэн олноо ундаалдаг байсан Туул гол Нийслэлийн цэвэрлэх байгууламжийн бохироос үүдэж хар ногоон, гүн саарал өнгөөр урсаад удаж байна. Ойртохоор өмхий самхай нь хамар сэтэлчих шахам үнэртэнэ. Ерөөсөө л өмхий жорлон урсаж байгаа мэт мэдрэмж төрж байсныг нуухгүй ээ. Ийм л уснаас аргагүй эрхэнд Алтанбулагийнхан мал хуйгаа ундаалж, тарьсан ногоо, жимсээ усалж байна.
Туул гол Алтанбулаг сумын нутгаар 100 км урсаж өнгөрдөг. Сав газрынх нь дагуу 670 айл хавар, зун нутаглаж, 150 мянга гаруй мал ундаалж байна. Туул голын бохирдлоос болж хамгийн их хохирч байна гэдгээ иргэд нь тодотгон хэлж ярьсан ч өнөөдрийг хүртэл төр захиргааны зүгээс ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй байна. Туулын бохирдол 2006 оноос эхэлж мэдэгдэж эхэлжээ. 2007 оноос гол улаанаар эргэлдэж, загас, мэлхий олноор үхэж эхэлж. Бүр 10 зүйлийн 2,7 тонн загас үхсэн байдаг. Тэрнээс хойш 10 жилийн хугацаанд ямар байдал хэмжээнд нь хүрсэн нүдэнд илт харагдаж байна. Одоо бол загас ч үгүй, мэлхий ч үгүй болсон бүгд устсан.
Нутгийн айлууд нь хаврын улиралд хамгийн их айдастай байдаг. Учир нь мал төллөж эхлэнгүүт төл нь элдэв гаж төрдөг үзэгдэл гарсаар байна. Тодруулбал, Алтанбулаг сумын 2 дугаар багийн малчин Б-гийн хотонд хараагүй хурга ишиг, амьгүй тугал гарч сандаргажээ. Жилээс жилд иймэрхүү төл малын тоо өсч байгааг малчид халаглан ярьж байгаа юм. Хоёр жилийн өмнө гэхэд нэг малчны 50 гаруй малын гэдэс дүүрч нэг дор үхсэн ч аймшигт үзэгдэл гарчээ. 2008 онд малчин Э-гийн хотонд дөрвөн мөчгүй тугал төрснийг нутгийнхан нь дуулгаж, Туулын бохирдлоос үүдэлтэй гэж оношилж онцлов.
Сүүлийн 5 жилийн хугацаанд малчид малынхаа дотор гэдэс буюу таван цулын шөл ууна гэсэн ойлголт байгаагүй. Өөр газраас худалдаж авч иддэг талаараа ч ярьсан юм. Учир нь төхөөрсөн малынх нь гэдэс дотор өмхийрч илжирсэн байдаг ажээ. Одоохондоо Туулын уснаас болж хүн үхлээ гэсэн мэдээлэл сонсогдоогүй ч мал үхээд байгаа нь хэвийн үзэгдэл болж, ийм хортой асуудал хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа ч хэн таашгүй бас мэдэшгүй гэх ч Туулын бохирдол зөвхөн малд бус иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж эхлээд удаж. Гол дагаж нутагладаг малчид харшлын өвчтэй болсноо дуулгасан юм. Хавар дулааны улирал эхлэхээр хамуурсан, мөөгөнцөртсөн, харшилд идэгдсэн хүмүүсийн тоо эрс нэмэгддэг талаар ч Алтанбулаг сумын Эрүүл мэндийн дарга Л.Алтанхуяг ярьжээ. Ер нь сүүлийн жилүүдэд дээрх өвчлөлүүд 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хамгийн аюултай нь Алтанбулаг сумын Мандал гэх газрын орчмоос авсан дээжнээс хөхний хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ. Ийм л аюултай байдалд хүрч хүний эрүүл аж төрж амьдрах орчинд заналхийлж эхэлсэн байна.
Нэг жишээ татахад, жилийн 4 улиралд тасралтгүй гол дагаж нутагладаг байсан нэгэн малчин айлын эзэгтэйгээс мөч нь дутуу, зүрхний гажигтай хүүхэд төрснийг нутгийн иргэд нуугаагүй юм. Тэдний ярьж буйгаар Туул голын бохирдолтой л мөн холбож тайлбарлаж байгаа юм. Учир нь зарим тохиолдолд уснаас нь ундаалж, мөн агаарт дэгдсэн өмхий үнэр танарын бохирдлоос болсон гэж дүгнэх юм билээ.
Дээр нь өмхий усны халианаас үүссэн хортой ногоо, өвс ургамалыг мал идэж гэдэс нь дүүрч үхэх нь хэвийн үзэгдэл болжээ. Нутгийн иргэн энэхүү хортой өвсийг шинжлүүлэхээр жилийн өмнө холбогдох байгууллагад нь хандсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй ажээ. Хэдхэн сарын өмнө мал эмнэлгийнхэн ирээд айлуудын малын бууц шорооноос шинжилгээний дээж аваад явсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүйд нутгийн иргэд гомдолтой байна. Үнэнийг хэлэхэд төр засагтаа ч хаягдсан гадуурхагдсан хэдэн айл өрх тэнд амьдарч байгаа юм шиг тоохгүй байна гэв.
2014 онд аймгийн Засаг даргын захирамжаар Туул голын бохирдлыг тогтоох ажлын хэсэг томилогдон Лүн, Алтанбулаг, Өндөрширээт гэсэн маршрутын дагуу дээж шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр Алтанбулаг сумын нутагт халуунд тэсвэртэй бүлгийн нян хүлцэх хэмжээнээс 3,4, аммиак 18,3, фосфор 13 дахин их илэрчээ. Чанарын шинжилгээний хариу ийм л муу гарч байна. Ийм л хүнд нөхцөлд амьдарч байгаа Алтанбулагийнхан нутгаа орхиод өөр газар руу гэхээр газар нутаг олдохгүй, хүн малын усны унд байхгүйгээс эхлээд олон зовлон тулгарч буй.
Нөхцөл байдал иймд хүрч хүндэрсэн тул сумын Засаг даргын захирамжаар сүүлийн жилүүдэд голын эрэгт 5 км-ээс дотогш орж нутаглахгүй байх, мал бүхий иргэд уснаас уухгүй байх шийдвэрийг гаргаж мөрдөж эхэлжээ. Голын бохирдол их байгаа учраас хүн, малаа эрүүл байлгахын тулд аргагүй эрхэнд ийм шийдвэр гаргаж, арга хэмжээ авчээ.
Туул гол цэвэршихээсээ нэгэнт өнгөрсөн бололтой. Уг нь урсгал ус гол өөрөө өөрийгөө эмчилж цэвэрлэн, 60-70 км урсаад цэвэршдэг гэдэг. Гэвч Алтанбулагаад дайрсан ус 100 км газар яваад ч цэвэршээгүй, бүр Төв аймгийн Лүн сум хүртэл хар ногооноор урсдаг гэдгийг нутгийн иргэд ярьж байгаа юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд Туул голын бохирдлыг бууруулахад төв цэвэрлэх байгууламжийг нэн даруй шинэчлэх шаардлагатай байгаа юм. Тэгж байж гэмээнэ хатан Туул цэвэршиж, хамаг амьтан, хүн зон олон айх аюул айдасгүй амар жимэр аж төрөх болно.
“Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийнхөн тэмцэж эхлэв
Алтанбулаг сумынхнаас гадна Баянзүрх дүүргийн Хонхор орчмын айл өрх бас нэгэн аюулд өртөж эхэлжээ. Тиймээс хатан Туул голоо хамгаалж, цэвэрхэн байлгахаар хэсэг бүлэг хүмүүс хөдөлгөөн зохион байгуулж тэмцэж эхлээд удаагүй байна. Тодруулбал, “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” Баянзүрх дүүргийн 11 хорооны иргэд хэдхэн хоногийн өмнө БОАЖ-ын сайдад шаардлага хүргүүлсэн юм. Иргэд эрүүл амьдрах эрхээ хамгаалуулахаар ийнхүү хандаж байгаа юм.
Уг шаардлагад Богд уулын хаяанд Туул голын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж буй “Заламт гол” ХХК-ийн ажлыг зогсоож, ард иргэдийг эрүүл мэндийнх нь хувьд хохиролгүй болгохыг шаардсан юм.
Дээрх компани нь хаягдал аккумулятор задалж, Хятад руу хар тугалга экспортолдог юм байна. Ингэхдээ газрын хөрсөнд хүхрийн хүчил шингээж, агаарт их хэмжээний хар тугалга ялгууралдаг аж. Энэ нь Баянзүрхийн Хонхор орчимд амьдардаг иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулаад зогсохгүй мал амьтан, байгаль орчинд ихээхэн хор нөлөө үзүүлж буй гэнэ. Тодруулбал, хүхрийн хүчлийг их хэмжээгээр хөрсөнд шингээдэг нь нотлогдвол Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болох Туул голд нөлөөлөх, монгол хүний удмын санд ч аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн гэж ойлгож болно.
“Заламт гол” компанийн манаачийн гурван хүүхдийн цуснаас хар тугалга хүлцэх хэмжээнээс хоёр дахин их илэрснийг Япон, Германы эрдэмтэд тогтоожээ.
Тиймээс энэ компанийн үйл ажиллагааг зогсоохгүй бол иргэдийн эрүүл мэндэд асар сөргөөр нөлөөлж байна гэдгийг дээрх хөдөлгөөнийхөн онцолж, салбар яамны гадаа өлсгөлөн зарлана гэдгээ ч мэдэгдсэн байгаа юм.
Тиймээс байгаль орчинд хор нөлөө үзүүлж байгаа хувь хүн болон иргэн аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцдог тогтолцоотой байх хэрэгтэй. Хууль нь байдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй. Өнөөдөр байгаль экологид асар их хор нөлөө үзүүлчихээд хариуцлагаас мултарсан олон байгууллага бий. Хамгийн гол нь байгалиа цаашлаад ард иргэдээ боддоггүй ухамсар муутай хүмүүстэй хуулиар л хариуцлага хүлээлгэж, нөхөн сэргээлтийг сайн хийлгэдэг байх нь чухал юм. Хамгийн сүүлд гэхэд Өвөрхангай аймгийн Орхон голын усыг нь улаанаар эргүүлж хаясан компаниудад мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр 2 сарын хугацаатайгаар үйл ажиллагааг нь зогсоох акт тавьсан нь зөв юм. Гэхдээ манай төр засаг эдгээр компаниудтай хатуухан хариуцлага тооцож лицензийг нь бүхэлд цуцалдаг байх хэрэгтэй юм. Дээрээс нь байгалийн нөөц ашигласаны татвараар улсын төсвийн цоорхой нөхдөггүй эргүүлээд байгалийн нөхөн сэргээлтэд зориулдаг байх ёстой. Тэгэхгүй бол компаниудаас орж ирсэн их хэмжээний татварыг улсын төсвийн цоорхойд ашиглаж, улс орныхоо газар нутгийн онгорхой орхиж болмооргүй л санагдах юм даа.
О.Сайхан