Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.ЦОГЦЭЦЭГЭЭС энэ тухай тодрууллаа.
-Хуулийн төслийг хүмүүс нэлээд сонирхож байна. Одоогийнхоос ямар үр дүн гарах вэ?
-Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаалж эхэлснээр хүүхдийн эрхийг зөрчих болсон. Эхийн сүүг орлодог бүтээгдэхүүн хаана ч байхгүй. Хүүхдээ эхийн сүүгээр хооллох явдал жилээс жилд багасч байгаа энэ үед хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх нь чухал. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол тэжээлийн дутагдал, рахит, жин буурах, давжаа биетэй болох бүх асуудал хүүхдийг эхийн сүүгээр хооллоогүйтэй холбоотой.
-Сүү багатай ээжүүд хүүхдээ нэмэлт тэжээлээр хооллодог. Энэ тохиолдолд яах вэ?
-Сүү багатай, халдварт өвчтэй ээжүүд нэмэлт бүтээгдэхүүнээр хүүхдээ хооллож болно. Мөн эх нь нас барсан тохиолдолд. Гэхдээ эмчийн заавраар чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх тухай заалтыг хуульд оруулж өгсөн. Мөн хөхний сүүний банкуудыг төрөх эмнэлгүүдэд байгуулах талаар тусгасан. Ингэснээр эрүүл хүүхэд бойжуулах боломж бүрдэх юм.
-Нэмэлт тэжээлийг эм худалдан авдаг шиг эмчийн жороор худалдан авна гэсэн үг үү?
-Тийм.
-Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээрээ хооллож байгаа эсэхэд хэрхэн хяналт тавих вэ?
-0-6 сартай хүүхдэд хөхний сүүнээс өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн өгөхгүй гэсэн хуулийн заалт оруулсан. Ходоод, гэдэсний хямралтай хүүхэд бий болох эрдэлтэй. Тиймээс худалдааны байгууллагууд энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. Хэрэв хууль зөрчвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх юм.
С.Юмсүрэн