Ахлах ангийн хоёр охин “Tuul one” хотхоны нэгэн байшингаас үсэрч амиа хорлосон мэдээлэл өчигдөр нийгмийг сэрдхийлгэв. Ийм зүйл болсон байна гэдгийг унших хүртэл тийм амар байсангүй. Учир нь гуниг үргэм, цэцэг цэврүү шиг тийм л ариун нандин нас нь шүү дээ.
Ямар ч шалтгаантай байсан дайраад, туулаад, инээгээд, хөөрөөд л өнгөрдөг ийм л нас нь. Амьдралд дөнгөж хөл тавьж, хорвоогийн бүхий л сайн сайхан зүйлийг мэдрэх тэр л үе нь. Өөрөөр хэлбэл, гуниг тогтохгүй, хамгийн сайхан гэрэлтэй үе. Гэтэл ийм сайхан насан дээрээ, хүний санаанд багтамгүй сонголт хийсэн нь олныг үнэхээр цочирдуулав.
Магадгүй хайр дурлалаас болж ийм сонголтыг хийсэн байх хэмээн зарим нь үзэж байна. Тийм байлаа ч гэсэн дээ ийм замыг нь сонгох нь зөв үү.
Энэ насан дээр өдөр бүр шохоорхож, дурлаж түүндээ зүрх сэтгэл нь шатаж явдаг үе бий. Түүнээс өөр сайхан, гоё зүйл байхгүй юм шиг бодогдох үе ч олонтой. Гэхдээ ахиад л дурлаад, мартаад, дурлаад мартаад явдаг ийм л гэгээхэн үе нь. Хүн бүр л энэ замыг туулаад, дайраад өнгөрсөн шүү дээ. Бидний эцэг, эх, эмээ, өвөө нь ч ялгаагүй. Тиймээс дурлал бол үхэхийн шалтаг бус амьдрахын нэр. Өдөр бүр өөр өөр мэдрэмжийг авах тийм л ариухан догдлол. Ингэж байж хүн амьдралынхаа насан туршийн ханиа сонгодог шүү дээ. Хүн бүр замыг туулдаг.
Нөгөөтэйгүүр, нийгэм хөгжихийн хэрээр хүүхдүүдийн сонирхол, сэтгэл зүйн тогтворгүйтэл цаг минут тутамд өөрчлөгдөж, шинэчлэгдэж, хувьсаж байгааг дээрх үйлдэл ч баталж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйн хичээл орвол яасан юм бэ. Эцэг, эх, найз, нөхөдтэйгөө ярилцаж чадахгүй зүйлээ багшдаа аминчлан хэлж, сэтгэл зүйн зөвлөгөө авч болох шүү дээ. Тэгэхээр сэтгэл санааг нь эмчлэх эмч зайлшгүй шаардлагатай байна. Иймэрхүү зүйл дээр анхаарлаа хандуулахгүй бол энэ мэт зүйл зуршил болж тогтох вий дээ. Улмаар эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих анхаарлаа өндөрсгөхгүй бол ямар сонголтыг хийж болзошгүй байна.
Б.Цэлмэг
- See more at: http://www.unen.mn/content/73175.shtml?alias=unen#sthash.ar9iAHEh.dpuf