Солонгосын олон үндэстний урлагийн байгууллага “Монтант”-ын гишүүн С.ГАНТОГООТОЙ ярилцлаа. Тэрбээр “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын нэвтрүүлэгт оролцохоор эх орондоо иржээ.
-Та энэ удаад ямар хугацаатай эх орондоо ирсэн бэ?
-Сүүлийн жилүүдэд Монголдоо ирж очин байлаа. Энэ удаад шоу нэвтрүүлэгт оролцохоор ирсэн учир нэлээд удах нь ээ. Өнгөрсөн хугацаанд уйгагүй зүтгэсний үр дүнгийн нэг илрэл нь “Яг түүн шиг” шоунд оролцох урилга хүлээж авсан явдал юм. Монголынхоо авьяаслаг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр гарах болсондоо туйлын баяртай байна. Мөн өөрөөрөө бахархах сэтгэл төрж байна.
-Таныг дуучнаас өөр мэргэжил эзэмшсэн гэсэн. Шинэ зүйлд өөрийгөө сориход багагүй хүчин чармайлт гаргасан байх?
-Би Улсын багшийн их сургуулийг газарзүй, байгаль шинжлэлийн заах арга зүйч, багш мэргэжлээр төгссөн. Харин Солонгос руу гэрээний ажилтнаар явсан юм. Тэнд таван жил ажиллаад гэрээний хугацаа дуусах үед фэйсбүүкээс “Дуучин шалгаруулж авна” гэсэн зарыг харсан. Улмаар шалгаруулалтад тэнцэж, гэрээний ажилтны визээ урлагийнхаар солих боломж олдсон. Үүгээрээ би Солонгост урлагийн чиглэлээр ажиллах виз авсан анхны монгол хүн болсон. 2012 оноос хойш Солонгосын олон үндэстний урлагийн байгууллага “Монтант”-ын гишүүн болж, эх орноо төлөөлөөд явж байна.
-Солонгост таван жил болсон юм чинь дуучны шалгаруулалтаас эмээх зүйл гараагүй байх. Тухайн үед ямар дуугаар оролцсон бэ?
-Солонгос дуу дуулсан. Би солонгос хэлийг бие дааж сурсан. Хүн бүрт хэл сурах арга байдаг. Миний хувьд дууны шүлгийг орчуулж солонгос хэл сурсан. Учир нь, аливаа уран бүтээлийн агуулгыг ойлгохгүйгээр дуулж болохгүй. Тиймээс утгыг нь ойлгож дуулахын тулд хичээсэн юм. Үнэнийг хэлэхэд, эхэндээ тэмцээн уралдаанд оролцоод хасагддаг байлаа. Тэр үед солонгос дууг солонгос хүнээс илүү дуулахгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Энэ бодлынхоо хүчээр хичээж зүтгэсний үндсэнд хэсэг хугацааны дараагаас тэмцээнд амжилттай оролцож эхэлсэн.
-“Монтант” энтертайнмент хамтлаг уу?
-Манайх энтертайнмент хамтлаг биш. Харин байгууллагын статустай үйл ажиллагаа явуулдаг. Бид тоглолт хийхээс гадна сургалт семинаруудыг зохион байгуулдаг. Тухайлбал, би Монголын хүүхдийн дууг Солонгосын дунд сургуулийн сурагчдад заадаг. Энэ нь надад монгол хэл, соёлоо сурталчлах боломж олгодог юм. Сургалтын үеэр би монгол үндэснийхээ хувцсыг өмсдөг. Ер нь хүн хилийн дээс алхахаар эх орноо санаж эхэлдэг юм билээ. Цаашлаад “Би юу хийж чадах вэ” гэж өөрөөсөө асуудаг. Хүүхдүүдэд хичээл заах нь миний үндсэн мэргэжил учраас надад их ойр байсан. Би өөрийгөө маш азтай залуу гэж боддог. Гэхдээ аз гэдэг хөдөлмөрлөсөн хүнд бурхнаас заяадаг бэлэг юм.
-Хамтлаг хамтаараа лаг байх ёстой. Тийм ч учраас та бүхэн хамтлагтаа ийм содон нэр өгсөн гэж бодож байна?
-Тийм шүү. “Монтант” гэдэг нь хамтдаа гэсэн утгатай. Хамтлагийн гишүүд монгол, америк, солонгос, хятад, филиппин хүн байдаг. Бид ямар нэгэн чиглэлд баригдахгүйгээр уран бүтээлээ хийдэг.
-Цаашдаа мэргэжлийн дуучин болох уу?
-Тийм бодол бий. Ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргачихсан. Урлагийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалах төлөвлөгөөтэй байна. Мөн хамтлагаараа уран бүтээл хийхийн хажуугаар соло чиглэлээр ажиллах бодолтой явна.
-Дуулах арга зүйн зөвлөгөөг та хэнээс авдаг вэ?
-Ээж минь надад зөвлөдөг. Дуучны мэргэжил эзэмшээгүй ч миний хамгийн сайн зөвлөгч болдог. Ээж багш мэргэжилтэй. Солонгост байхдаа монгол үндэсний дууг монтант стильд оруулж дуулдаг. Энэ бүхэнд ээжээсээ л зөвлөгөө авдаг даа.
-“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улиралд оролцох гэж байна. Хэний ямар уран бүтээл танд таараасай гэж хүсч байна вэ?
-Солонгос дуу байвал ямар сайхан бэ. Гэхдээ өөр төрлийн уран бүтээл байсан ч чадах бүхнээ дайчилна. Шоунд оролцохоор болоод эхэндээ эмээж байсан ч одоо сандрах зүйл алга. Намайг чадна гэж итгэл хүлээлгэсэн хүмүүсийн сэтгэлийг гонсойлгохгүйн төлөө хичээнэ. Бас залуу уран бүтээлчдийг дэмжиж байгаа нэвтрүүлгийн зохион байгуулагчдад баярлалаа.
-Шоуны оролцогчдын хэнээс нь илүү эмээж байна вэ?
-Бүгдээс нь. Ялангуяа найм дахь оролцогч хэн байх бол гэсэн бодол төрж байна. Гэсэн ч нэвтрүүлэгт амжилттай оролцохын төлөө хичээх болно.