Хүүхдийн сэтгэлзүй болон хүмүүжил төлөвшлийн талаар Хөвсгөл аймгийн “Төгс зохицол-Гэр бүл” төрийн бус байгууллагын захирал, сэтгэл зүйн мэргэшсэн зөвлөгч О.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлох үзэгдэл нэмэгдэж буй нь юутай холбоотой вэ?
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог их өвөрмөц байдаг. Ямар нэгэн асуудлыг маш мэдрэг хүлээж авдаг, энэ мэдрэмтгий онцлогоосоо болж хэн нэгэнтэй үл ойлголцдог. Үүссэн тухайн асуудлыг хэт томруулж харснаас болоод өөрөө өөрийгөө үгүйсгэж, улмаар амиа хорлох тухай бодох, оролдлого хийх тохиолдол гардаг.
Хүнд төрсөн цагаасаа эхлэн хангагдах хэрэгцээ буюу сэтгэл зүйн хувьд авах ёстой мэдрэмж гэж бий. Гэтэл тэр мэдрэмжээ авч чадаагүйгээс болоод дутуу, дулимагийн мэдрэмж төрж, үүн дээрээ суурилан буруу шийдвэр гаргах, алдаа, эрсдэлтэй үйлдэл хийдэг. Үүнээс гадна энэ асуудал эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харьцах харилцаа, тэдэнд тавих хараа хяналт дутмаг байгаатай холбоотой. Нөгөө талаараа эцэг, эхчүүд өөрсдөө хүмүүжээгүйгээс болж өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй байна.
Хүүхэд өсвөр насан дээрээ угаасаа хямралтай байхад эцэг, эх нь мөн адил насны үечлэлийнхээ дагуу хямарчихсан байдаг.
Тиймээс эцэг, эх хүүхэд бие биеэ ойлгож чадахгүй байвал сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
-Эцэг, эхчүүд яагаад хүүхэдтэйгээ ойлголцохгүй, асуудлыг улам хурцатгадаг юм бол...?
-Ихэнх эцэг, эх хүүхдээ л буруутгадаг. Тэд “Манай хүүхэд үгэнд орохгүй байна. Гадуур тэнээд байх юм. Одоо яах уу” гэдэг. Гэтэл хүүхдүүд “Аав, ээж намайг хэзээ ч ойлгодоггүй. Миний ярихыг нэг удаа ч болов сонсоосой” гэж хүсдэг.
Эцэг, эхчүүд хүүхдээ согтууруулах ундаа хэрэглэхвий, ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдохвий гэж болгоомжилдог. Ингэж эцэг, эхчүүд өөрсдийнхөө ертөнцөөр хүүхдийнхээ ертөнцийг харах хандлага бий. Үүнээс үүдэн асуудлыг улам хурцатгадаг.
Үүнд нөлөөлж буй бас нэгэн зүйл нь хүүхдийн хүмүүжил. Социолизмийн үеийн болон мэдээллийн эрин зууны хүмүүжилд том ялгаа бий. Өөрөөр хэлбэл, XIX зууны үеийн хүмүүжлийн аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэхэд хүндрэл гарч, зөрчил үүсэх нь мэдээж.
Иймд эцэг, эхчүүд асуудалд уян хатан хандаж, хүүхдээ ойлгох нь хамгийн чухал. Хүний сэтгэл зүйн таван хэрэгцээний хамгийн чухал нь ойлгогдох явдал юм. Хэн нэгэн өөрийг нь ойлгодог гэдгийг мэдэж байвал хайрлагдах, хүндлэгдэх, үнэ цэнэтэй, аюулгүй байгаа гэх мэт бусад мэдрэмжийг авах боломжтой.
-Өнөө үеийн хүүхдийг ямар аргаар хүмүүжүүлэх ёстой вэ?
-Зөвлөгөө авахаар хандсан эцэг, эхчүүдээс “Та хүүхэдтэйгээ ярилцдаг уу. Хамгийн сүүлд хэзээ ярилцсан бэ” гэж асуухад дийлэнх нь “Ярилцаж үзээгүй” гэж хариулдаг. Уг нь хүүхдийг эхийн хэвлийд байх тэр үеэс эхлэн ярилцах ёстой. Тэр үеэс хүүхдийн ойлгогдох хэрэгцээг хангадаг.
Цагаан цаасан дээр юм бичиж байгаа мэт 0-3 настай хүүхэд эцэг, эхийнхээ бүх үйлдлийг тархиндаа буулгаж байдаг.
Энэ насандаа авсан мэдрэмж нь цаашид суурь хүмүүжил, төлөвшил болдог.
Гэтэл бага насанд нь зөв төлөвшүүлж чадаагүй байж эцэг, эхчүүд өсвөр насанд нь хүмүүжүүлэх гэж зүтгэдэг. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж үг бий.
Иймд ёс суртахууны дотголдолтой хүүхэдтэй болохгүйн тулд эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургуулийн өмнөх боловсролд анхаарч, хүмүүжлийн эерэг аргаар хүүхдээ төлөвшүүлэх нь хамгийн зөв шийдэл.
-“Хайр нь дотроо хал нь гаднаа” гэдэг. Энэ нь хүүхдийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх арга мөн үү?
-Энэ бол маш явцуу, хоцрогдсон ойлголт. Бие биедээ хайртайгаа байнга хэлбэл амьдрах итгэлтэй, утга учиртай болж байдаг. Тулга тойрсон жижиг асуудлаас болж хүүхдээ, нэг нэгнээ үгийн муухайгаар хэлэх нь гэмт хэрэг.
Сүүлийн үеийн хүүхдүүдийн сэтгэл зүй, оюун санааны хөгжил өөр болчихсон. Бид нараас илүү сэтгэдэг. Тиймээс биенээ ойлгож, хүндэлж байгаагаа үгээр илэрхийлж, үйлдлээрээ харуулах хэрэгтэй.
Зарим хүүхэд аав намайг зодож байгаа нь надад хайртай гэсэн үг гэж ойлгодог сөрөг тал бий. Хүүхэд танин мэдэхүйн алдаатай ойлголттой болчихдог.
Үүнээс болж аавдаа зодуулж байсан эмэгтэй хүүхэд том болоод нөхрийнхөө зодохыг хүлээн зөвшөөрдөг болдог. Тиймээс цаг үеэ дагаад хүүхдийн хүмүүжлийн арга барилыг өөрчлөх хэрэгтэй. Уламжлалт аргыг үгүйсгэж байгаа юм биш. Шинжлэх ухаанд суурилсан, уламжлалт арга, туршлагыг шингээсэн эерэг аргаар хүүхдээ хүмүүжүүлэх аяныг үндэсний хэмжээнд эхлүүлсэн.
-Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй аяны хүрээнд хүмүүжлийн ямар арга хэрэглэхийг эцэг, эхчүүдэд зөвлөж байна вэ?
-Эцэг, эхчүүдэд 12 аргыг зөвлөсөн байна. Тухайлбал, хүүхдэд сонголт хийх боломж олгох арга хамгийн чухал. Хүүхэд аав, ээжтэйгээ дэлгүүрт ороод “Тэрийг, энийг авна” гэж маргалддаг. Энэ тохиолдолд ярилцаж, өөрөөр нь сонгуулах хэрэгтэй. Ер нь бол хүчирхийллийн бус аргаар л асуудлыг шийдэж сурах ёстой.
-Залуу эцэг, эхчүүд хүүхдээ уурлаж, уйлсан үед утас өгч аргаддаг. Гэтэл сүүлдээ хүүхэд утаснаас салахаа больдог. Үүнээс болоод маргаан үүсч, улмаар хүүхэддээ гарах хүрэх тохиолдол бий. Ийм асуудалтай эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Аав, ээж нь утсаа авахаар орилж, чарлаж уйлж байгаа нь хүүхэд дэлгэцийн хамааралтай болж буйн эхний шинж тэмдэг. Ийм үед эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ зөв ажиллах хэрэгтэй. Хүчээр булааж авбал хүүхдийн сэтгэхүйд дарангуйлсан мэдрэмж төрүүлдэг.
Харин “Утас их үзвэл нүд нь өвднө. Ёо ёо болно. Хоёроос илүү цаг утас үзэж болохгүй” гэх мэтээр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах нь зүйтэй. Хүүхэд тоглох явцдаа оюун ухаанаа хөгжүүлж байдаг учраас орчинг нь өөрчлөх хэрэгтэй.
Хүүхэд утас гүйлгэж сууснаар хүүхдийн тархи, сэтгэхгүй, төсөөлөн бодох чадвар хөгжихгүй.
- Хүүхдийн хүмүүжилд аав, ээж ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?
-Аав, ээж хоёр тэнцүү үүрэгтэй. Хүүхэд аавтайгаа тоглохоор оюун ухаан нь хөгждөг бол ээжтэйгээ байхдаа хайр, халамжид суралцдаг. Мөн гэр бүлээрээ зураг авахуулж байх нь хүүхдэд сайхан дурсамж үлдээдэг.
Аль нэгэн тэмдэглэлт баяр ёслолын үеэр халуун ам бүлээрээ зураг татуулах, аялал зугаалгаар явж сайхан мэдрэмж төрүүлэх хэрэгтэй. Мөн хамтдаа сууж оройн хоолоо идэж хэвших нь гэр бүлийн наад захын дүрэм байх ёстой.
-Эцэг, эхчүүд хүүхдээсээ “Аав, ээжийнхээ алинд нь илүү хайртай вэ” гэж асуудаг. Ингэж асуух нь хэр зохистой вэ?
-Хүүхдийн хувьд хамгийн хүнд асуулт бол энэ. Ингэж асуухаар хүүхэд хоёрдмол байр суурьтай болдог. Хамтдаа байх үедээ хүүхдээсээ “Аав, ээжийнхээ алинд нь илүү хайртай вэ” гэж асуухаар “Хоёуланд” гэж хариулдаг.
Гэтэл ээж нь ганцаараа байхдаа асуухаар “Ээждээ”, аав нь асуусан ч ялгаагүй “Аавдаа” гэж хариулдаг. Ийм асуулт асууснаар хүүхдийг үнэний төөрөгдөлд оруулдаг.
Ээж хүн буруу зөвийг, аав алсын харааг нь зааж өгдөг.
-Хүүхэд эцэг, эхээсээ ямар үг сонсох дургүй байдаг бол...?
-Өөрийг нь бусадтай харьцуулахыг хүүхэд тэвчдэггүй. “Тэдний тэр тийм байхад, чи яахаараа ийм байдаг юм” гэж хүүхдээ бусадтай харьцуулах нь буруу. Хүн бүр цор ганц хувилбар байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ байгаагаар нь хайрлахын сацуу итгэх хэрэгтэй. Хүүхэд найз нөхөдтэйгөө уулзах, гадаа тоглохдоо аав, ээждээ хэлж, зөвшөөрөл авдаг нь тэднийг хүндэлж байгаагийн илэрхийлэл.
Солонгост аав, ээж нь ажилладаг нэгэн гэр бүлийн маргааны талаар жишээ дурдья.
Тэд “Чиний төлөө л бид харийн нутагт өдөр, шөнөгүй ажиллаж, боол хийж байна” гэж загнасан талаар хүүхэд нь ярьж байсан. Тэднийг ийм сонголт хийхэд хүүхэд нөлөөлсөн үү, түүний буруу бий юү.
Хүүхдийн хувьд аав, ээжтэйгээ байх нь хамгийн сайхан төдийгүй хангагдах ёстой үндсэн хэрэгцээ, эрхийн нэг. Ялангуяа хүүхэд хоёр нас хүртэл эцэг, эхтэйгээ хамт амьдрах ёстой.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ энэ язгуур эрхийг хангах, үүргээ хүлээхэд учир дутагдалтай байна.
-Хүүхдийн эрх ашигтай холбоотой хэрэг сургуулийн орчинд үйлдэгдэж байгааг судалгаагаар тогтоосон байдаг.Ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйч байх шаардлагатай юу?
-Хүүхдийн нийгэм болон сэтгэлзүйн асуудлаар анхан шатны зөвлөгөө өгөх хүн бол сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш. Гэтэл хүүхдүүд асуудал үүсгэсэн, хичээлээ олон хоногоор тасласан, хэрэг зөрчилд холбогдсон сурагчид л нийгмийн ажилтантай уулздаг гэсэн ойлголттой явдаг юм билээ.
Угтаа бол тухайн хүүхэд сурч боловсроход юу дутагдаж, сэтгэлзүйн хувьд ямар асуудал байгааг олж илрүүлэн дараагийн шатны байгууллагад нь холбож өгөх үүрэгтэй.
Тухайн хүүхдийн үнэлэмжийг үгүй болгохуйц үйлдлийг хийж байгаа нь сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэр. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Насанд хүрсэн, ертөнцийг харах үзэл нь тогтсон хүнээс илүү хүүхдийн сэтгэлзүй хурдан засардаг. Зөвлөгөө авахаар хандсан хүүхдүүдийг өөрөөр нь шийдвэр гаргуулах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал. Аль нь зөв болохыг шийдүүлэхийн тулд асуудал буюу бодит байдал, боломж хоёрыг тэнцүүлж, дэнслүүлэх нь чухал.
-Манай улс саяхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрөөр хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн асуудлыг хөндөж, шийдлийг ярихаас илүүтэй бэлэг тараах хандлага давамгайлсан дүр зэрэг ажиглагдлаа. Сэтгэлзүйч, ялангуяа хүүхдэд зөвлөгөө өгдөг сэтгэлзүйчийн хувьд тэмдэглэлт баярын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Улсын хэмжээнд эх, үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Гэтэл баярлаж буй хүүхдүүдийн цаана бүтэн, хагас өнчин хүүхдэд ямар мэдрэмж төрж байсан бол. Эцэг, эх нь байгаа хэрнээ хүүхдээ баярлуулж чадахгүй тохиолдол олон. Өнчин, эмзэг бүлгийн хүүхдийг баярлуулах нь зүйн хэрэг.
Гэхдээ хүүхдийн зургийг олон нийтэд дэлгэхгүй, хүүхдээр дамжуулан өөрийгөө сурталчлахгүй байх хэрэгтэй. “Бүтэн өнчин тэрийг бүтэн жилийн хичээлийн хэрэгслээр хангаж байна” гээд л олны өмнө хүүхдийг дууддаг. Тухайн үед хүүхдэд ямар мэдрэмж төрж байгааг хэн ч боддоггүй. Байгууллагаа сурталчлах, хүүхдийг дэмжих хоёрын алийг нь чухалчиж буйгаа бодолцох хэрэгтэй болов уу.
Энэ нь нөгөө талаараа хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог. Аав, ээж нь байсан, байгаагүй би эмзэг бүлгийн хүүхэд учраас бэлэг авах ёстой гэсэн хандлага тогтдог.
Гэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийм ажлыг хийж байгаа нь зөв. Гэхдээ цаашид арга барилаа өөрчлөх хэрэгтэйг саяхан тохиосон Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн үйл явдал харууллаа.
Учир нь, хагас, бүтэн өнчин, эмзэг бүлэг, ядуу айл өрхийн гэж тодотгон дуудуулж бэлэг авсан хэд хэдэн хүүхэд надад хандсан.
Ярилцсан Б.Азмөнх