Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Цогтбаатар: ШХАБ-д элсэх яриа гарснаас хойш хоёр хөрш рүүгээ их дайрч байна

Сүүлийн үед Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх нь зөв, буруу гэсэн асуудал олны анхаарлыг татаж, ярианы сэдэв болоод байна. ШХАБ-д элсэх нь Монгол Улсад ийм ашигтай, ашиггүй, нөлөөтэй, нөлөөгүй зэргээр эрдэмтэн, судлаач, гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.

Тиймээс энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. 

-Монгол Улс ШХАБ-д элсэнэ гэх мэдээлэл гарснаас хойш нэлээд маргаан дагууллаа. Ер нь ШХАБ-д элсэх нь зөв үү, буруу юу. Гадаад харилцааны сайдын хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-Монгол Улс бол нээлттэй ардчилсан орон. ШХАБ-д элсэх эсэх асуудлаар хүн бүр янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Энэтхэг, Пакистан улс ШХАБ-д элсээд 2015 онд ШХАБ стратегийн бичиг баримт гаргасан. Үүнээс хойш нөхцөл байдал өөр болж байгаа. Тэгэхээр үүнийг улстөрч, судлаачид судлах хэрэгтэй гэсэн саналаа хэлж байна. Мэдээж энэ асуудлыг ярих эрхтэй. Гэхдээ нөгөө талаас нь харвал, ШХАБ-д элсэх эсэх асуудлыг бид дотооддоо ярьж, шийдэхгүй бол болохгүй. 

-Харин тийм. ШХАБ-д элсэнэ гэж ярьснаас хойш хоёр хөрш рүүгээ дайрах хандлага ажиглагдаад байх шиг? 

-Тийм. Энэ асуудал яригдсанаас хойш хоёр хөрш рүүгээ их дайрч байна. Үүнээс л их болгоомжилж байна. Одоо эсэргүүцэж байгаа хүмүүс Орос, Хятад хоёр улс нийлж байгаад Монголыг ганхуулах гэж байгаа мэтээр яриад байна. Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад хүчин зүйлийн тэргүүн эгнээнд Орос, Хятад улс байдаг юм. Үүний дараа бид бусад улс оронтой харилцаа тогтооно. Тэгэхээр Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь энэ хоёр улс байгаа юм. Энэ хоёр улстай стратегийн түншлэлийн харилцаатай. Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг чинь оршин тогтнохуйн харилцаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл хэрэгтэй байгаа юм. Тэд нартай бид бүх л зүйлд хамтарч ажиллах хэрэгтэй. Тэднийг далдуур манай улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх гээд байна гэдэг яриа чинь авцалдаагүй болчихож байгаа юм. Энэ асуудлыг дотооддоо яриад л шийдэх ёстой. Хөрш орнуудынхаа эсрэг зүйл ярих нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй.

-Та түрүүн ШХАБ стратегийн бичиг баримт гаргасан гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ШХАБ стратегийн бичиг баримт гаргаснаас хойш нэг зүйл тодорхой болсон. Тодруулбал, энэ байгууллага цэргийн эвсэл биш. Аливаа нэг улсын эсрэг чиглэсэн байгууллага биш. Дотооддоо тулгамдсан асуудал болон терроризм, хар тамхитай тэмцэх зэрэг бидэнд хэрэгтэй олон асуудлыг ярьж байгаа. Манай монголд хар тамхины асуудал ямар хурц болж байгаа. Бид энэ үйл ажиллагааг явуулж байгаа далд бүлэглэлүүдийн талаар цагдаагийн байгууллага хоорондох мэдээллээр биш, тусгай мэдээллээр авдаг юм. Гэтэл энэ хоёр хөршийн тусгай байгууллагуудын мэдээллийг авч чаддаггүй бол энэ их далд мөнгөтэй хууль бус байгууллагуудын мэдээллийг олж авах боломжгүй. Энэ байгууллага жилдээ 380 гаруй хар тамхины хэрэг илрүүлдэг. Өдөрт нэг гэсэн үг.  Бид энэ нөхцөл байдалд ийм мэдээллүүд хэрэгтэй. Энэ яриа хэлэлцээрээ эрүүлээр үргэлжлүүлэх ёстой. Бидэнд энэ асуудлыг хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломжтой.

Б.Анир

Дэлхийд тэргүүлэгч банкууд “Тогтвортой банкны зарчим”-тай болно
Дэлхийд тэргүүлэгч банкууд “Тогтвортой банкны зарчим”-тай болно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.