Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгос улсыг зорихоор өдөрт 900 хүн виз мэдүүлж байна

Солонгос улсыг зорихоор өдөрт 900 хүн виз мэдүүлж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон  Цагдаагийн ерөнхий газраас хамтран өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Солонгос Улсад Монголын хүн амын нэг хувьтай тэнцэх буюу 30 мянга орчим иргэн оршин сууж байгаагийн таван мянга гаруй нь оюутан суралцагчид бөгөөд тус улсад сурч, хөдөлмөрлөх зорилгоор түр оршин суугаад буцсан 300 гаруй мянган иргэн байна. Хоёр улсын хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бөгөөд БНСУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өдөрт 900 хүн виз мэдүүлж байна. Тэдний 90 хувь нь аяллын буюу 90 хоногийн виз хүсч байгаа аж.
Манай улсын иргэд Солонгост 90 хоногийн визээр зорчиж, ажил хийх сонирхол сүүлийн үед илт өссөн. Тус улсын виз мэдүүлэх төвүүдийн ачаалал байнгын өндөр байгаа. Харин иргэдийн энэхүү хүсэл, сонирхолд дөрөөлж хууль бус үйлдлүүд гарч байгаа тухай хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тухайлбал, виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх байдал ихэсч байна. Нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, түрээсийн гэрээ, банкны хуулга зэрэг 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд л 400-500 хуурамт материал илэрчээ. Тиймээс иргэдийн бүрдүүлж өгсөн бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж байгаа тул визний хариу удааширч байгаа нэг шалтгаан болж байгаа тухай БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Кан Мүг хурлын үеэр хэллээ.
 
800 ЛАВЛАГААГ ШАЛГУУЛАХАД 150 НЬ ХУУРАМЧ БАЙЖЭЭ
Иргэдийн эдийн засаг, санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх нь буурахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага болон тус улсын ЭСЯ хамтран ажиллаж, хяналт тавихаар болсон байна. 800 гаруй лавлагааг шалгуулахад 150 нь хуурамч байсан тохиолдол байжээ. Тиймээс тус бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, бичилт хийх, засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчилснээс гадна ЭСЯ, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг шалгах зориулалт бүхий программ хангамжийг шинээр нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл хэвлэсэн лавлагааг дээрх байгууллагууд системд нэвтрэн давхар шалгана гэсэн үг юм. Иргэд даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл хувийн нууцад хамаарах тул виз мэдүүлэгчийн лавлагааны кодоор зөвхөн тухайн хүний мэдээллийг л шалгах боломжтой, бусад даатгуулагчийн мэдээлэлд нэвтрэх боломжгүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас онцоллоо.
Хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн тохиолдолд 1-5 жил хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн хүнийхийг хугацаагүйгээр хязгаарладаг байна. Түүнчлэн энэхүү үйлдэл нь гэмт хэрэгт тооцогддог тул Монгол Улсын эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллага арга хэмжээ авдаг аж. 2013 оноос хойш энэ төрлийн 11 гэмт хэргийг шийдвэрлэжээ.
Тиймээс иргэдийг нэг удаагийн аргацаасан байдлаас болж хохирохгүй байхыг анхааруулж байна. Мөн хуурамч бичиг гаргуулахад 100 мянгаас таван сая төгрөг хүртэл төлбөрийг үйлдэж байгаа этгээдэд төлдөг нь зөвхөн өөрийгөө хохироохоос өөр ямар ч үр дүнд хүрэхгүйг санууллаа.
 
ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЗОРЧИХОД НОТ БИЧИГ ШААРДЛАГАГҮЙ
БНСУ-ын элчин сайдын яам нь албан ёсны найман төвөөр дамжуулан визний мэдүүлэг хүлээж авч байгаа. Мэдүүлэг хүлээн авахдаа нэг ч төгрөгийн хураамж авдаггүй, дугаар зардаггүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Мөн “Элчин сайдын яаманд танил бий. Виз хурдан гаргаж өгнө” гэсэн залилангийн шинжтэй гэмт хэрэг ихэссэн бөгөөд ийм зарлалд итгэхгүй байхыг анхааруулав. Элчин сайдын яамны зүгээс яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэх эрүүл мэндийн асуудлаар виз хүсч байгаа иргэдэд аль болох шуурхай үйлчлэх бодлого барьж байгаа гэв. Мөн эдгээр хүмүүс Гадаад харилцааны яамны Консулын газраас авдаг Нот бичгийг авчрах шаардлагагүйг хэллээ. Яаралтайгаар виз гаргуулах зайлшгүй ийм шалтгаантай иргэд болон удаа зорчсон виз хүсэгчдэд дараалалгүйгээр үйлчлэх журам бас үйлчилдэг юм байна. Ерөнхийдөө өглөө үдээс өмнөдөө очсон хүмүүс үдээс хойш гэхэд визний материалаа өгөх боломжтой байгаа гэсэн юм.
 
 
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Энх-Амгалан: С.Зоригийг хөнөөсөн асуудалтай холбоотой ОУПХ-ны зөвлөмжид улс төржилт орсон байхыг үгүйсгэхгүй
Л.Энх-Амгалан: С.Зоригийг хөнөөсөн асуудалтай холбоотой ОУПХ-ны зөвлөмжид улс төржилт орсон байхыг үгүйсгэхгүй
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.