Саяхан таеквондогийн өсвөр үеийнхний нэгэн тэмцээний дэвжээн дээр тулалдаж байсан хүүхдийн амь нас эрсдсэн золгүй явдал болсон байна. Тамирчин хүүхэд чухам юуны улмаас нас барсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд хараахан тогтоогоогүй байна.
Спортын тэмцээний үеэр тамирчин амь насаа алдах байтугай, эрүүл мэндээр хохирох явдлыг дэлхий нийтээр жигшсээр, үүнд чанд хяналт тавихыг шаардсаар иржээ.
Ер нь, спортын тэмцээний үеэр амь насаа алдсан тохиолдол бүрт дэлхий даяар бөөн шуугиан дэгддэг билээ. Харин манайхан үүнийг нэг л ойшоохгүй байх шиг. Тухайн спортыг амь насанд аюултай хэмээн хориглох хөдөлгөөн өрнөсөөр ирснийг ч нуух юун. Жишээ нь, манай нэрт боксчин Н.Энхбатын хүрэл медаль хүртсэн Сөүлийн 1988 оны олимпийн наадмыг спортын хорхойтнууд сайн мэдэж буй. Тэрхүү олимпийн өмнөх боксын ДАШТ-д хүнд, хөнгөн гээд бүхий л жинд чадвар, төвшин дэндүү зөрүүтэй тамирчид өрсөлдөн маш олон тулаан нокаут буюу хүнд цохилтоор өндөрлөсөн юм.
Иймээс ч дэлхий даяар боксыг дэндүү харгис, үүний дээр маш их булхайтай, шударга бус шүүлттэй хэмээн олимпийн үзэл баримтлалд үл нийцсэн спортын төрөл хэмээн хөтөлбөрөөс нь хасах тухай яриа маш ихээр өрнөжээ. АИБА буюу Сонирхогчдын боксын олон улсын холбоо маш их буулт хийсний хүчинд л спортын энэ төрөл олимпийн наадмын хөтөлбөрт үлдэж чадсан гэдэг. АИБА шүүлтийн оноог компьютерийн аргаар гаргах болж, боксчдын эрүүл мэндийг хамгаалан дуулга өмсгөх шийдвэр гарган уг спортыг авран гарсан байдаг.
Харин манай спортод сүүлийн үед юу болж байна вэ?
Он гарснаас хойш гурван ч тамирчин тэмцээний үеэр алтан амиа алдлаа. Нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод болсон боксын өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр рингэн дээр нэгэн хүү өрсөлдөгчийнхөө хүнд цохилтод өртөн нас барсан харамсалтай явдал боллоо. Бяцхан тамирчин рингэн дээр ухаан алдаж Мөрөн хотын эмнэлэгт ухаан оролгүй өөд болжээ.
Уг нь талийгаач хүү рингэн дээр гарахынхаа өмнө толгой нь ихээр өвдөж буй тухай хэлж байсан ч түүний үгийг хэн ч ойшоогоогүй гэж нэгэн эх сурвалж өгүүлсэн. Өсвөр насны байтугай насанд хүрсэн аливаа боксчны эрүүл мэндийг шалгаж рингэнд гаргах үүрэгтэй хүмүүс бол дасгалжуулагч, рингний шүүгч, эмч шүүгч бөгөөд тэд хариуцлага алдсан байх магадлалтай гэнэ. Хэрэв тэд дүрмээ сайн барьж, мэргэжлийн төвшинд хариуцлагатай ажилласан бол хүү өнөөдөр эсэн мэнд, энх тунх байх байсан ч юм билүү.
Энд тэмдэглэхэд, хоёр жилийн өмнө мөн л боксын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр нэгэн хүү рингэн дээр тархиндаа хүнд гэмтэл аван удалгүй нас барж байсан удаатай.
Тэгвэл Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн өмнөхөн буюу гуравдугаар сарын 7-нд спортын дэвжээнээ өөр нэг эмгэнэлтэй явдал болсон. Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан Д.Содномзундуйн нэрэмжит сагсан бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Дорнод аймгийн 67 настай Б Овогтой М гэх ахмад тамирчин талбай дээр ертөнцийн мөнх бусыг үзүүлэн спортын хорхойтнуудыг цочролд оруулсан юм.
Энд цохон тэмдэглэхэд, “Их тамир” спортын цогцолборт сүүлийн гурван жилд гурван хүн тэмцээний үеэр өөд болжээ.
Спортын аливаа төрөл хүний эрүүл мэндэд ямар нэгэн хэмжээгээр аюултай, бэртэлт гэмтэл тамирчдыг тэр бүр тойрдоггүйг хэн ч мэднэ. Гэвч манайхан аливаа тэмцээнийг зохион байгуулахдаа тамирчдын эрүүл мэндэд маш хариуцлагатай хандах цаг болсон нь дээрх жишээнүүдээс бэлхнээ харагдаж байна.
Дэлхийн спортод тэмцээний үеэр тамирчид амь насаа алдаж байсан тохиолдол цөөнгүй. Гэвч тэр тохиолдол бүрийн дараа тамирчдыг хамгаалах нэмэлт арга хэмжээнүүдийг авсаар иржээ.
1960 онд Италийн нийслэл Ром хотноо болсон зуны олимпийн наадмын үеэр Данийн дугуйчин Кнуд Энемарк Йенсений зүрх уралдааны ид үед хаагдан 23 насандаа газар дээрээ нас барсан аж. Үхлийн шалтгаан нь сэргээх бодис хэт ихээр хэрэглэсэн гэж тогтоожээ. Чухам энэ үйл явдлаас үүдэн Мехикогийн 1968 оны олимпийн наадмаас эхлэн тамирчдаас химийн зарим сэргээх бодисын шинжилгээ авч эхэлжээ.
Тэгвэл 1964 оны Инсбрукийн өвлийн олимпийн наадамд Их Британийн цанын тамирчин К.Кай-Скрсипески бэлтгэлийн үеэр цанынхаа хамт уралдааны замаас асар хурдтайгаар халин амь үрэгдсэн бол 19 настай Австралийн Р.Милн уулын цанын уралдааны явцад мод мөргөн тэнгэрт хальжээ. Үүний дараагаар өвлийн олимпийн наадмын зохион байгуулагчид тамирчдын аюулгүй байдалд анхааран цанын замаас халихаас сэргийлэн нэмэлт хашилт хийж, уулын цанын зам дагуухь моддыг зөөлөн эд материалаар бүрэх болсон гэдэг.
Манайд дээр дурдсан эмгэнэлт үйл явдлуудас үүдэн аливаа тэмцээний өмнө нэн ялангуяа өсвөр үе, ахмад тамирчдын эрүүл мэндийн үзлэгийг нягт чанд шалгах шаардлагатай нь тодорхой харагдана. Тэмцээний үеэр тамирчид амь насаа алдахыг ямар нэгэн байдлаар нуун дарагдуулах бус, тохиолдол бүрийг нарийвчлан судалж, зохих дүгнэлт хийн цаашид давтагдахаас сэргийлэх нь тулгамдсан асуудал болжээ.
eagle.mn