Өнөөдөр орчин үеийн хамгийн хүчирхэг зэвсэгтэй орон бол ОХУ гарцаагүй мөн болоод байна. 2020 он гэхэд зэвсэглэлийнхээ 70 хувийг хамгийн орчин үеийнх болгоно хэмээн тооцож байна. Шинжээчдийн тооцсноор ОХУ зэвсэглэлээ шинэчлэхэд 19 их наядаас багагүй рубль зарцуулах аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч жил бүр Холбооны хуралд илтгэл тавьдаг уламжлалтай. Энэ сарын 1-нд болсон ээлжит итгэлийнхээ үеэр Ерөнхилөгч В.Путин ОХУ-д бүтээгдэж, зэвсэглэлд нийлүүлж байгаа болон ойрын үед нийлүүлэхээр төлөвлөж байгаа шинэ зэвсгийнхээ талаар танилцуулсан нь дэлхий нийтийн анхааралд байна. Тэрбээр энэ үеэрээ “бусад орнууд ОХУ-ыг анхааралтай сонсдог байх ёстой” гэсэн сануулга өгсөн. Түүний энэ сануулга шинэ зэвсгийн талаархи мэдээлэл бол юуны түрүүнд АНУ болон НАТО-гийн орнуудад хаяглагдаж байгаа нь тодорхой бөгөөд тэрбээр “Их гүрэн” гэсэн тодотгол нэршлээ эргүүлэн авахыг хичээж байгаа нь илт байна хэмээн гадаадын зарим хэвлэлд бичжээ.
Энэ сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. ОХУ ингэж хүчирхэгжиж байгааг иргэддээ мэдүүлж мэдрүүлэх нь нэг талаасаа Путины сонгуулийн пиар ч байж мэдэх юм.
Гэхдээ юу үнэн гэвэл ОХУ хамгийн орчин үеийн шинэ үеийн зэвсэглэл техник бүтээх тал дээрээ үлэмж урагшилсан явдал. Энэхүү шинэ төрлийн зэвсэглэл нь 1990-ээд он болон 2000 оны эхэн үеийнхээс эрс ялгаатай гэдгийг тэрбээр онцолжээ.
В.Путины Холбооны хуралд мэдээлснээр ОХУ америкийн пуужингийн довтолгооныг бүрэн эсэргүүцэж даван гарах хэмжээний зэвсэг техникийг бүтээгээд байна. Ийм пуужингийн нэг нь шинээр зохион бүтээсэн хүнд ангиллын “Сармат” пуужин юм. Ерөнхийлөгч хэлэхдээ “Сармат” пуужингийн боломж нь маш их бөгөөд өмнөх ийм төрлийн пуужингуудаас нислэгийн алслалт нь ихээхэн нэмэгдсэн. Үндсэндээ Сармат ангиллын хүнд пуужинд зайн хязгаарлалт гэж байхгүй бөгөөд Хойд болон Өмнөд туйлыг давуулан довтолгоо хийх боломжтой” гэжээ. Түүнээс гадна пуужингаас эсэргүүцэн хамгаалах ямар ч систем “Сармат”-ад нөлөөлж чадахгүй гэдгийг В.Путин онцолсон байна.
"Сармат" пуужин
Ерөнхийлөгч мөн ОХУ стратегийн шинэ төрлийн зэвсэг боловсруулж байгаагаа мэдэгдлээ. Түүний хэлснээр цөмийн эрчим хүчний хөдөлгүүр бүхий хязгааргүй холын зайг туулах чадвар бүхий жижиг оврын төхөөрөмж бүтээж байгаа гэнэ. Тухайлбал, энэ төхөөрөмжийг Х-101 загварын пуужинд байрлуулах юм бол нислэгийн алслалтыг нь 10 дахин нэмэгдүүлэх боломжтой гэнэ.
Ерөнхийлөгч мөн пуужингийн болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шинэ төрлийн систем боловсруулж байна гэв. Тэрбээр энэ тухайгаа “үүнтэй ижил төстэй систем дэлхийн хаана ч байхгүй” хэмээн тодотгожээ.
Путины онцолсон бас нэг зэвсэглэл гэвэл усны маш их гүнд өндөр хурдтайгаар тив алгасан байндаа хүрч чадах шинэ төрлийн нисэгчгүй олон зориулалт бүхий төхөөрөмжийн тухай байлаа. Энэ бол мөрөөдөл биш бөгөөд ийм төрлийн зэвсэглэл хаана ч байхгүй гэжээ. Энэхүү нисэгчгүй төхөөрөмжийн бүхээгт цөмийн хошуу болон бусад төрлийн ачааг байрлуулах боломжтой аж.
Путин энэ жил цөмийн төхөөрөмжийн олон жилийн цуврал туршилтууд төгсгөлийн шатандаа орж байгааг дуулгасан бөгөөд эдгээр нь овор хэмжээний хувьд жижигхэн бөгөөд харин эрчим хүчний чадлынхаа хувьд маш өндөр байх гэнэ. Тухайлбал орчин цагийн атомын шумбагч хөлгүүдээс хэмжээний хувьд 100 дахин бага хэрнээ байлдааны бэлэн байдалд шилжих хугацаа нь 9 дахин богино байна гэдгийг онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн жилээс байлдааны лазерийн шинэ төхөөрөмж бүтээснээ дуулгасан бөгөөд харин энэ тухай дэлгэрэнгүй ярих хэрэггүй биз. Тийм цаг хугацаа ч алга хэмээжээ.
ОХУ-ын зэвсэглэлийн ойрын 10 жилийн төлөв
Ойрын 10 жилд ОХУ-ын зэвсэглэлд нийлүүлэх шинэ төрлийн зэвсэглэлүүд:
-Янз бүрийн загварын 500 гаруй нисэх онгоц
-Төрөл бүрийн 100 гаруй нисдэг тэрэг
-Агаараас эсэргүүцэн хамгаалах 200 шинэ ситем
-Тавдугаар үеийн шинэ төрлийн сөнөөгч онгоцууд
-Алсын нислэгийн шинэ төрлийн агаарын хөлгүүд
-Шинэ үеийн сайжруулж шинэчилсэн баллистик пуужин
-Маш нарийвчлалтай тусгал бүхий шинэ төрлийн бөмбөг, пуужин
Путины онцолж буй пуужингууд
В.Путин илтгэлийнхээ үеэр өндөр нарийвчлал бүхий хэт хурдан агаар ангиллын “Кинжал” хэмээх пуужингийн төхөөрөмжийн туршилтын тухай өгүүлсэн. Үүнийгээ тэр бас дэлхийд хаа ч үгүй хэмээн тодотгосон. Энэхүү комплекс нь пуужингийн хурдыг 10 дахин нэмснээс гадна тооцоолсон цагт байг маш нарийвчлалтай онох боломж олгож байгаа аж. Түүнчлэн пуужинг нислэгийн явцад маневарлах боломж олгоно.
“Авангард” далавчит пуужин
В.Путины илтгэлийн дараа ОХУ агаар мандлын давхаргаас буюу сансраас цохилт өгөх боломжтой болжээ хэмээн гадаадын хэвлэлүүд бичиж байна. Энэ боломжийг шинээр бүтээсэн “Авангард” далавчит пуужин олгож байна. Энэ пуужин агаар мандлын нягт давхаргаар тив алгасан нисэх боломжтой. В.Путин “Авангард”-ын тухай “Энэ пуужин яг л харваж буй солир шиг ниснэ. Агаарын нягт давхаргад пуужингийн гадаргуу дээр 1600-2000 С градус хална. Гэвч энэ үед пуужин найдвартай хэвээр байх болно” гэжээ.
Тив хоорондын “Сармат” баллистик пуужин
«Сармат» РС-28 хүнд ангиллын пуужинг маш ирээдүйтэй хэмээн тодотгож байна. Энэ пуужингийн төсөл дээр 2009 оноос эхэлж ажилласан. Мөн л нислэгийн алслалт бараг үгүйгээс гадна маневарлах гахалтай боломжтой гэж байна.
Бэлтгэсэн П.Булган