Зохиолч, сэтгүүлч Б.Ойдовийн “ГАВЪЯАТУУДЫН ХӨРӨГ” номын 1-р боть хэвлэгдлээ. Үүнд салбар болгоноос төрж гарсан 27 гавъяатын хөрөг найруулал бичигджээ. Энэ удаад Монголын рок поп урлагаас төрж гарсан “Хурд”-ын Отгонбаярын хөргийг толилуулж байна.
Монгол улсын гавъяат жүжигчин Дамбын Отгонбаяр “Хурд” хамтлагийн “Эх орон”, “Чи минь байгаа болохоор”, “Чимээгүй ирэх дурлал”, “Нулимсаа тэвчье”, “Ханьдаа”, “Цоглог оюутан” зэрэг хит болсон хамаг л сайхан дуунуудыг зохиосон. Үүгээр зогсохгүй асгарсан их авъяасаа бусаддаа түгээх маягаар дуучин Ариунаа, Сарантуяа, Сэрчмаа, “Номин талст”, “Чоно” зэрэг хамтлаг, дуучдад олон сайхан дуу бэлэглэж, тэдгээр нь дандаа хит болж ирсэн. Аливаа нэг хамтлагийн ая зохиогч бол зөвхөн өөрийнхөө хамтлагыг дуу хуураар гачигдуулчихгүйн тулд л чадан ядан зүтгэж байгаа харагддаг.
Харин Отгонбаяр бол тийм биш. Хөндлөнгөөс ажсан хүнд бол зүгээр л халааснаасаа сайхан сайхан дуу гаргаж шидлээд, бялхаж асгасан заримыгаа бусад хамтлаг, дуучид руу “чулуудаад” байх шиг санагддаг. Үүнийг “Асгарсан их авъяас” гэж хэлнэ. Сайхан дуу бүтээнэ гэдэг нь дан ганц хөгжмийн аялгуунаас гадна хөдөлмөр, эрэлхийлэл, судалгаа, мэдрэмж, хөгжмийн найруулга, дууны үг сонголт гээд олон зүйлийг хамардаг бөгөөд аялгуу зохиох авъяастай хэрнээ залхуу хойрго хүн бол эд бүгдийг хэзээ ч нэгэн цогц болгож чадахгүй, зүгээр л амандаа нэг сайхан ая гингэнээд явах биз. “Их авъяас их хөдөлмөрч байхыг шаарддаг” гэж суут хөгжмийн зохиолч Чайковский хэлсэн байдаг. Энэ үг “Хурд”-ын Отгонбаярт яг тохироод байдаг юм.
*** Уянгын дуу, ялангуяа амраг хайр, ариун дурлалын тухай дууны аялгуу зохиоход тухайн зохиогчоос гоо сайхны өндөр мэдрэмж шаардана. Отгонбаяр бол гоо сайхны өндөр мэдрэмжтэй нэгэн бөгөөд энэ тухай өөрөө хүүрнэхдээ “Би төгс гоо сайхны ертөнцийг дотроо төсөөлж боддог. Ухаандаа Ариунаагийн “Дурлал минь жаргаж үзээгүй зул” дууг бүтээснээр тийм нэг гоё хайрын ертөнцийг бусдад нээж өгч чадсан. “Чимээгүй ирэх дурлал”, “Ханьдаа”, “Хайрын сарнай” зэрэг дууныхаа хөгжмийг би эзэн биегүй сайхан бүсгүйг мөрөөдөж бүтээсэн. Харин “Чи минь байгаа болохоор” дуугаа эхнэртээ зориулж бичсэн" гэж өгүүлсэн юм.
Мэдээж гоо сайхны өндөр мэдрэмжтэй байж л амраг хайрын тэр олон сайхан дууг амилуулсан байж таарна. Яруу найрагч Ц.Хулан чухам л хайр дурлалдаа ид шатаж явах үедээ “Дурлал минь жаргаж үзээгүй зул” шүлгээ бичсэн гэх бөгөөд найрагчийн тэрхүү хайрын торгон мэдрэмж, Отгонбаярын аялгуу зохиох гоо сайхны өндөр мэдрэмжтэй сүлэлдсэнээр дурлалын тухай нэгэн сайхан дуу бүтэж, улмаар Т.Ариунаа уянгалуулсанаар дурлал хайрын ертөнцийг бусдад харамгүй нээж өгч чадсан байж таарах нь.
*** Отгонбаяр урлагт анх хэрхэн хөл тавьсан тухайгаа дурсахдаа: ...Хар багаасаа л “Роулинг Стоунс” “Битлз”, “Смоуки” шиг болно гэж мөрөөддөг байлаа. Миний хичээлийн ширээ тэр чигээрээ гитар, бөмбөр зурчихсан, тэр нь ерөөсөө арилдаггүй байсан. Манай ангийн арван жилийн монтажны зураг болон дурсамжийн дэвтэр дээр ангийн маань хүүхдүүд намайг “Ирээдүйд хамгийн том гитарчин болно. Ирээдүйн урлагийн хамгийн том төлөөлөл болно. Од болсон хойноо биднийгээ битгий мартчихаарай” гэж зөгнөн бичсэн байдаг юм. Би ч өөрийгөө ер нь мэдэрчихсэн байсан. Тэр үед “Хурд”-ын анхны бүрэлдэхүүн “Харанга” хамтлагтай нийлээд “Харанга” рок төв гэж байгуулчихсан байлаа. Эд нар Москва явж цахилгаан хөгжим оруулж ирдэг байсан. “Хурд”-ын анхны гишүүдийн нэг Батжаргал ах тухайн үед мөнгөтэй, түүгээрээ хойноос хөгжим оруулж ирнэ. Тэгэхэд яалт ч үгүй миний шүтээн Энхманлай ах маань “Харанга” рок төв дээр гитар тоглоно.
Би яаж тоглохыг нь хараад л суудаг байсан. Хэрхэн тоглож буй техникүүдийг нь их ажиглана. Хүнгүй байх үед Манлай ахын гитарыг бариад нэг тоглочихно, Батжаргал ахын гитарыг нэг шүүрч аваад тоглочихно. Тэгж байтал 1992 онд Галсанбат ахын нэрэмжит “Гитарын цуурай” хэмээх уралдаан Монголд зохион байгуулагдсан. Энэ уралдаан гурван удаа зохиогдож тухайн үеийн бүх гитарчид оролцсон. Би Оросын алдарт зохиол “Хэдгэний явдал”-ыг гитардаж тоглоод нэгдүгээр байр эзэлж байсан юм. Тэр цагаас хойш миний ур чадвар дээшилж, хөгжимтэй харьцах нүд нээгдсэн. Үүгээр зогсохгүй “Хурд” хамтлагт гитарчин болох үүд хаалга нээгдсэн. Өөрийнхөө чадлаар орсон. Тэрнээс биш Ганбаярын дүү гэдгээр ороогүй. Би дунд сургуульд байхдаа гитарын хэд хэдэн соль тоглоод магнотофонд хураачихсан байлаа. Үүнийг Ганбаяр ах сонсоод бас нэгийг бодсон байх. Нэг удаа “Харанга” рок төв дээр очоод гитар тоглож суусан чинь Энхманлай ах намайг “Отгоо миний дүү бөмбөр битгий тогло. Юм юм руу үсчээд хэрэггүй. Анхан шатны ерөнхий юмаа л сурчих. Тэгээд гитараараа дагна” гэж хэлж байсан. Хэдийгээр Манлай ах надад нүүр тулж, савхаар цохиж хөгжим сургаагүй ч би Манлай ахыг хүндэлж, шүтэж багшаа гэж боддог. Тэр хүний туулсан амьдрал, хийсэн уран бүтээл, сэтгэл зүрхнээсээ тоглосон хөг аялгуу надад маш том үлгэр дуурайл болж явдаг. Би гитарын өнгө аялгууг их эрхэмлэдэг. Яагаад гэхээр Манлай ах цэвэр өнгөлөг, аялгуулаг тоглодог гитарчин. Тийм ч учраас бусдаасаа тасарсан гэж би боддог. Тэгэхээр би яг энэ хүний замналаар л явах ёстой гэж хичээсэн. Хүний зүрх сэтгэлд хүрсэн, дуутайгаа авцалдсан маш гоё аялгуу зохиох ёстой юм байна гэж бодсоны үндсэн дээр гитар хөгжмийг би насаараа сонгож, тоглож явна. Манай Нааяа надтай хамт хар багаасаа “Ган зам” чуулгад тоглож байсан. Энэ утгаараа би Нааяаг “Харанга” рок төв дээр дагуулж ирсэн. Эхэндээ Нааяа хүмүүсийн гитарыг зөөж гүйгээд л явдаг байлаа. Би ч гэсэн “Харанга”, “Хурд”-ын хөгжмийг зөөгөөд л гүйж явдаг байсан.
Тэгж байгаад л Нааяагаа аваад “Хурд”-д тоглох болсон. Манай Нааяа их цэмцгэр, өнгөлөг, аялгуулаг тоглодог. Энэ нь Ганбаяр ахад таалагдсан. Тэгээд л бид гурав бэлтгэл хийж эхэлж байгаа юм. Дараа нь Цогоо өөрийнхөө чадал, хүчин чармайлтаар “Чамайг зорино”, “Чоно” хоёрыг дуулаад ирэхэд Ганбаяр ах түүнийг хамтлагтаа авсан. Цогоогийн хоолой цаанаа л нэг гоё, дулаахан бөгөөд тослог өнгөтэй. Анхандаа би Цогоог хамтлагтаа авах дургүй байсан. Нэг гэр бүлээс арай л олон хүн шургах гээд байна даа гэх бодол надад төрж байлаа. Гэсэн ч Цогоогоо хамтлагтаа аваад “Цэргийн бодол”-ыг дуулуултал үнэхээр хит болсон. “Хурд” ч ард түмний сонсох дуртай хамтлаг болоод ирсэн. Манай Отгонбаатар тэр үед Рашаант өртөөнөөс сүү зөөгөөд ээж аавдаа туслаад л гүйж явдаг байлаа. Энэ хооронд Отгонбаатар өөртөө зориулж бөмбөр хийгээд, үхрийн хөлдүү мах нүдээд маш их хичээл зүтгэл гаргасан. Тэгээд зүтгэсээр байгаад л өөрийн дуртай юмандаа хүрч, үеийнхнээсээ бөмбөрөөр бол тасарсан.
Тийм ч учраас “Хурд” хамтлагт орохоосоо өмнө “Нисванис” хамтлагт бөмбөрчин хийж байлаа. Үнэхээр ур чадвар сайтай, гоё тоглоод ирэхээр чинь дүүгээ хамтлагтаа авахгүй гээд яах билээ. Магадгүй бид түүнийг өөр хамтлагт алдчихсан бол цаашид хөгжиж дэвжихгүй байсан ч байж мэднэ. Тэрнээс биш манай дүү л “Хурд” хамтлагт бөмбөр тоглох ёстой, манай дүү л дуулах ёстой гэсэн явцуу аргаар тэмцэж байсангүй. Эд нар бол өөрийнхөө хүч тэнхээ, хичээл зүтгэл, авъяас чадлаараа “Хурд” хамтлагт орсон. Би ч бас тийм л зам туулсан. Хүн бол баярлаж, догдолж, бас гутарч, шаналж амьдрах ёстой амьтан. Дандаа жаргаж болохгүй. Учир нь байнгын жаргал хүнд сүйрэл авчирдаг. Ямар нэгэн зүйлээр дутмаг байх тусам хүний төрөлхийн эрч хүч, авъяас чадвар илрэн гарч ирдэг. Тиймдээ ч аливаа хамтлаг нэгэн цаг үеийг золиосолж байж амжилтанд хүрдэг. Манай хамтлаг ч гэсэн тэгж л байсан. Би өөрийгөө рок поп урлагт зохих хэмжээгээр зольж чадсан гэж боддог. Зүгээр нэг бацаан гүйж ирээд “Хурд”-ын гитарчин болчихоогүй. Рок попын түүхийг сөхөөд харахад тэртээ жараад оноос эхтэй энэ урлагт амь нас, зүрх сэтгэлээ зориулсан олон хөгжмийн зохиолч, хөгжимчид, дуучдын хүч чадал шингэсэн байдаг болохоор би дотроо залбирч явдаг юм. Тэд байсан болохоор бид одоо байгаа, бид байгаа болохоор бидний хойч үе байх болно. 1992 онд Манлай ах надад хандаж “Чи тэр том модны оройд байгаа мөчрийг харж байна уу. Гитарыг нэгэнт л эхлэх юм бол чи оройд нь хүртэл тоглоно шүү” гэж хэлж байсан. Энэ үг миний сэтгэлээс гардаггүй юм. Манлай ахтай багш, шавийн барилдлага гээд сүйд болоогүй ч гэлээ яалт ч үгүй гитарын нарийн мэдрэмж, техникийг Манлай ахаас сурсан болов уу.
“Хурд” хамтлагт орсон эхний үеэсээ эхлээд л би маш сайн тоглохгүй бол яваандаа “Хурд”-аас жийгдэж магадгүй юм байна гэж бодоод өдөржин шөнөжин бэлтгэл хийдэг байлаа” гэж өгүүлсэн юм. *** Гитар бол гайхамшигтай хөгжмийн зэмсэг. Хүн төрөлхтөн 20-р зуунд цахилгаан гитар бүтээснээр хөгжмийн урлагийн түүхэнд асар том хувьсал, шинэчлэл авчирсан бөгөөд энэ ч утгаараа гитар хөгжим нь 20-р зууны шилдэг хөгжмийн зэмсэг болж чадсан. Гитар хөгжмөөс блюз, каунтри, фламэнко, рок болон поп гэх мэт олон арван урсгалын аялгууг сонсож болно. Отгонбаярын анхны үнэтэй, том гитар гэвэл “Фокс” үйлдвэрийн “Бродвой” нэртэй улаан гитар. Энэ улаан гитараар Отгонбаяр олон сайхан дуу хийсэн. Үнэндээ сайн хөгжмийн зэмсэгтэй байж л сайн бүтээл төрнө гэдэг нь урлагийнхны хувьд бичигдээгүй хууль... Бичигдээгүй зарим хууль бичигдсэн бүх хуулиас ч хүчтэй байх тохиолдол бас бий.
Тийм ч учраас ерээд оны ядуу тарчиг тэрхэн үед “Хурд”-ынхан аль болох сайн хөгжмийн зэмсэг барих гэж тэмүүлж байлаа. Жишээ нь Отгонбаяр анхны том мэргэжлийн гитараа 1998 онд авсан юм. Тэр нь алдарт “Металлика” хамтлагийн барьдаг “ESP” хэмээх гитар. Үнэ нь 3200 ам.доллар. Дуугаралт нь хэви-метал стильд их тохирдог. Дал, наяад оны үед дэлхий дахинд “Fender”, “Gibson”, “Ibanez”, “Jackson”, “Yamaha”, “Paul Reed Smith”, “ESP”, “Taylor”, “Takamine” гээд маш олон алдартай фермийн гитарууд бий болсон бөгөөд эд бүгд өөр өөрсдийн хэв маяг, загвар хийцтэй, онцлог дуугаралттай. Тиймээс амьд хөгжмийн хамтлагууд ямар төрөл жанр-аар тоглодогоосоо шалтгаалаад гитараа сонгодог. Хэви-метал урсгалынхан ихэвчлэн “Fender”, “Gibson”, “ESP” хэрэглэх жишээтэй. Отгонбаяр 1998 онд “ESP” гитар аваад сэтгэл нь бас ханасангүй. Америкийн “Bon Joyi” хамтлагийн барьдаг “Fender” гитарыг 2500 ам.доллараар, “Steve Moorse”-ийн барьдаг “Music man” гитарыг 2700 ам.доллараар худалдаж авсан. Эдүгээ тэр домогт “Guns N Roses” хамтлагийнханы барьдаг 6000 ам.долларын үнэтэй, дээд талдаа 12 утастай, доод талдаа зургаан утастай “Gibson” хэмээх хоёр гартай гитарыг үе үе барьдаг. Дашрамд хэлэхэд “Fender”, “Gibson” гитарууд эдүгээ үйлдвэрлэгдэхээ больсон тул улам үнэд орж байгаа бөгөөд интернетээр зарахад дор хаяж 10 мянган ам.долларт хүрнэ гэж байна шүү. *** “Хамгийн гол нь энэ сайхан хөгжмийн зэмсгүүдээ ашиглаж, бүтээл хийх нь чухал. Үнэтэй машин, үнэтэй гитар хоёрын аль нэгийг сонго гэвэл би хамгийн үнэтэй гитарыг л сонгоно. Машин бол хэрэглээ.
Гитар бол миний хоёр дахь эхнэр” гэж Отгонбаяр хэлж байна.
Тэрбээр “Fender” гитараараа “Хурд” хамтлагийн олон арван хит дууг зохиож тоглохын сацуу “Номин талст” хамтлагийн “Зүүдэнд ирэх жаргал”, дуучин Сэрчмаагийн “Хаа ч цуг” гэх мэт хит болсон дуунуудыг зохиохдоо энэ л гитараа уянгалуулж, тухайн дуунуудад “Fender” гитарын дахин давтагдашгүй өнгийг мөнхлөн үлдээжээ. Гэвч Отгонбаяр 2011 онд хоёр дахь эхнэр болсон “Fender” тэргүүтэй зургаан гитараа машинаасаа хулгайд алдаж нэг хэсэгтээ л бухимдан шаналж байсан юм. Ямар сайндаа л тэрбээр “Би таньдаг мэддэг олон хүнээ алдаж байсан. Гэтэл гитараа алдах нь дотны хүмүүсээсээ хагацахаас ч хэцүү юм” гэж хэлж байсан удаатай. Харин урлагийн тэнгэр ивээсэн ч юмуу, аз гээч нь шовойсон ч юмуу, түүний алдагдсан гитарууд бурханы авралаар хожим эргээд олдсон билээ.
*** “Арван хуруу минь мойног ч гэсэн
Амьдрал намайг гитарчин болгосон
Дуулах хоолой минь сөөнгө ч гэсэн
Дурлал намайг дуучин болгосон” гэх үгтэй далаад оны нэгэн зохиомол дуу, хуучин гитарын намуухан аяз байдаг. Энэ дууг Отгонбаяр их таашаадаг юм. Түүний цуглуулганд нэлээд хэдэн гитар бий. 2010 онд намайг гэрт нь очиход Отгонбаяр ханандаа өлгөсөн “Аsashoryu” хэмээх дөрвөн утастай аргагүй л нандин, чамин гитар үзүүлээд “Үүнийг надад Дагваа аварга бэлэглэсэн юм.
Энэ бол Японы хамгийн сайн гитар үйлдвэрлэгч компанийн ганцхан ширхэг үйлдвэрлэж гаргасан гитар. Японы нэг алдартай хамтлаг их аваргад бэлэглэсэн юм билээ. Тэр нь зөвхөн өөрт нь зориулагдсан “Asashoryu” нэртэй. Дэлхийд ганцхан ширхэг байгаа энэ гитарыг аварга маань надад бэлэглэсэн юм” гэж их л бахдалтайгаар өгүүлж байсан юм.
*** Хоёр дахь эхнэр болсон гитаруудынхаа тухай Отгонбаяр өгүүлэхдээ “Би гитарт мөнгө хайрладаггүй. Ард түмэндээ сайн гитарын сайхан аялгуу сонсгохын тулд тоглолтынхоо хамаг л мөнгийг гитаранд өгч байлаа. Сайн зэмсэг, авъяас чадвартай байж л бусдаас илүү гарна.
Надад машины үнэтэй гитар ч бий. Тэгэхдээ үнэ мөнгөндөө биш. Хамгийн гол нь дуугаралт, хийц, хэв маяг нь чухал. Бид урлагийн төлөө, хөгжмийн төлөө зүтгэж, фэнүүдтэйгээ хамт дуулан омогшиж, тэднээс эрч хүч авч он жилүүдийг элээж яваа хүмүүс. Тийм болохоор бид олсон мөнгөө буцаагаад уран бүтээлдээ зарцуулдаг. Бидэнд тусалж дэмждэг хүн ч олон байдаг. Тиймээс аяндаа урам зориг буцлаад ирдэг юм. Дэлхийд ямар дуу ноёлож байна, дэлхийн урлагийн байдал ямар байна вэ гэдгийг байнга судалдаг. Нэг янзын уран бүтээл хийгээд байвал үзэгч, сонсогчид маань хөгжихгүй шүү дээ. Бусдын сэтгэлийн илэрхийллийг тоглож байгаа ч өөрийн өнгө аясыг гаргаж чаддаг хүн бол гитарчин.
Гэхдээ аливаа шинэ гитараас Отгонбаяр гэдэг өнгө яагаад ч юм бэ ялгарч дуугардаггүй юм. Харин тэр өнгийг гаргахын тулд би гитартайгаа дор хаяж 10 жил нөхөрлөх ёстой. Өдөр бүр тоглож, тэр гитарын модонд, утсанд миний зүрх сэтгэл, сүнс сүлд шингэсэн байх учиртай. Гитарууд маань надтай олон жил хамт байж, намайг байхгүй болсон ч байж л байх тийм л нандин эд зүйлс юм. Гитар бол миний амин зүрх..." гэж хэлсэн юм.
Энэ сайхан үгэнд зориулж, бас Отгонбаярт зориулж би бээр “Уянгалан дуулагч гитар минь” гэдэг шүлэг тэрлэсэн юм. Үүнийгээ Отгонбаярын гавъяатын найран дээр уншиж, нижигнэсэн алга ташилтаар шагнуулж явлаа.
“Аяа, миний уянгалан дуулагч гитар минь
Аз жаргал, баяр баяслын гялбаа минь
Эрин үеийг эзэгнэсэн айзамт хэмнэл минь
Эгшиг дуу хайрласан аялгуут чавхдас минь
Урлагт анх хөтөлсөн уянгалан дуулагч гитар минь
Уярам аялгууг урлаж өгсөн сэтгэмж минь
Алдарч догдлох сэтгэлийн торгон мэдрэмж минь
Амжилт бүтээл авчирсан тоотой дурсамж минь
Аяа, миний гитар минь, гитар минь
Ахуй санаа, амин зүрхний цомнол минь
Ертөнцөд оршин байхын утга учир минь
Ерөөлөөр учирсан яруу эгшиглэнт алдрай минь
Зүйрлэхийн аргагүй уянгалан дуулагч гитар минь
Зөвхөн надад заяасан юм шиг тавилан минь
Зүүдний бичлэгийг зүглүүлж өгсөн зарлага минь
Зүрхний хайртай учруулж өгсөн зардас минь
Насан туршид уянгалан дуулагч гитар минь
Намайг чимдэг мөнхийн цог жавхлан минь
Нажид, цэнгэлийг хамтдаа туулсан итгэл минь
Нартаас хальсан ч эргэн дуурсах учрал минь
Аяа, миний гитар минь, гитар минь
Ахуй санаа, амин зүрхний цомнол минь
Ертөнцөд оршин байхын утга учир минь
Ерөөлөөр учирсан яруу эгшиглэнт алдрай минь”.
Дашрамд өгүүлэхэд “Хурд”-ынхан дууны шүлгэнд сүрхий цензур тавьдаг бөгөөд ер нь шүлэг л голно уу гэхээс биш зохиосон эзнийг нь хэзээ ч голж шилж байсангүй. Царай зүс муутай би гэхэд л “Хурд”-тай хамтраад хорь орчим дуу хийчихсэн байх бөгөөд миний муу хэдэн шүлэг тэдний айхтар цензурыг давж гарсан нь бас яамай.
*** “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр дууны шүлгийн тухай өгүүлэхдээ “Манай дууны үгнүүдийг ерөөсөө энгийн хүмүүс л голчлон бичсэн байдаг. Төрийн соёрхолтой, нэрд гарсан яруу найрагчдын зохиосон үг манай дуунуудад бараг үгүй. “Зураг шиг бүсгүй” дууны шүлгийг гэхэд л нэг залуу 1972 онд Москвад оюутан байхдаа бичсэн байх жишээтэй. Үүнийг нь бид хогийн саванд байсан сонины тасархай дээрээс олж байлаа. “Чимээгүй ирэх дурлал” дууны шүлгийг арван жилийн хүүхдүүдийн дурсгалын дэвтэр дээрээс олсон. “Бахархал” дууны шүлгийг аравдугаар ангийн охин бичсэн. Мөн “Цэргийн бодол” дууны үг, аяыг бидний том ах бичсэн. Энэ дуу бүр энгийн. Энгийн, энгийндээ маш энгийн дуу. Зүгээр л нэг энгийн цэргийн хуаранд банзан гитар дээр зохиогдсон дуу. Энгийн хүмүүсийн зохиосон энгийн сайхан шүлгээр бүтсэн дуу хүний зүрх сэтгэлд хүрэх нь амархан байдаг. Тийм ч учраас “Хурд”-ын дуунууд хит болж өдий олон жил оршин тогтнож байна. Зарим дуу маань хуучрах тусмаа домог болж байна” гэсэн юм.
*** Үнэхээр “Цэргийн бодол” дуу бол хорин жилийн турш домог боллоо шүү дээ. Үүний тод жишээ нь уг дууг сонсох гэсэн үзэгч, сонсогчдын хүсэл тэмүүлэлээс шууд ойлгогддог. Огт хуучирдаггүй, хүмүүний сэтгэлд олон жил уянгалж байдаг дуу гэж бас байх юм. Энэ ч утгаараа “Цэргийн бодол” ерээд оноос өнөөг хүртэл маш олон шагнал авсан байдаг. Манай хамтлаг, дуучид ардчиллын хорин жилд ямарваа нэгэн цензургүйгээр чөлөөтэй сэтгэж, олон арван дуу урлан бүтээсэн. Тэглээ ч “Цэргийн бодол”-оос давж гарсан дуу бараг үгүй. Үнэндээ тэд энгийнээс энгийн “Цэргийн бодол” дуунд ялагдчихсан. Урлагийн тухай ярихад “Авъяас” гэдэг үг өөрийн эрхгүй аман дээр гараад ирдэг юм. Авъяас гэдэг нь аливаа үйлийг хийх гарамгай эв дүй бөгөөд өөр бусад хүмүүсийн бодож, сэтгэж, гүйцэтгэж чадаагүй, чухамхүү тэнгэрээс илгээсэн гэмээр тийм нэгэн ур чадвар юм. Алдарт “Зуун жилийн ганцаардал” романаа бичээд Нобелийн шагнал хүртсэн Колумбийн их бичгийн хүн Габриэл Гарсе Маркес нэгэнтээ “Энэ романыг бичихэд надад шууд тэнгэрээс хэлж өгөөд байх шиг байсан” гэж дурссан байдаг. Үүн лүгээ энгийн сайхан шүлэг бичсэн зарим хүнд тэнгэр тусалдаг байж мэдэх юм.
*** Энгийн хүний зохиосон энгийн шүлгийн тухай “Хурд”-ын Отгонбаяр өгүүлэхдээ “Би энгийн хүмүүсийн бичсэн энгийн сайхан шүлгэнд ая хийх дуртай. Бидний “Нулимсаа тэвчье” гэдэг дуу байдаг. Энэ дууны үгийг тун сонирхолтой байдлаар олж авч байсан юм. Яагаад сонирхолтой вэ гэхээр гудамжны хогон дээрээс олсон. Нэг цаас хийсч байлаа. Тэр үед хүүхдүүд бие биенийхээ өврийн дэвтэр дээр зураг зурж, шүлэг бичээд бие биенээ дурсаж яваарай гэж ерөөдөг байлаа. Ингэж хогон дотроос хийсч явсан цаасан дээрээс олдсон шүлгээр “Нулимсаа тэвчье” дуу маань төрсөн юм. Энэ дууны шүлгийг зохиосон эзэн нь олдоогүй. Ер нь аливаа нэгэн дууг бүтээхэд яг л өөртөө тохиолдсон юм шиг төсөөлж, тэр дүрдээ хувирч, яг л жүжигчин хүн дүрдээ ордог шиг зохиовол илүү их мэдрэмжтэй болдог. Энэ бол миний аргачлал...” гэсэн билээ.
Ерээд оны үед “Хурд” хамтлагийн үнэн үгтэй энгийн сайхан дуунуудын үг сонин, сэтгүүл дээр хэвлэгдлээ л бол тухайн сонин, сэтгүүл дээр хайчилсан дөрвөлжин нүх үлддэг байлаа. Уншигчид дууны үгийг тусад нь авч хадгалж буй нь тэр. “Хурд”-ын шилж сонгож дуу хийсэн шүлэгнүүд хүмүүний сэтгэлд ингэж л хүрдэг юм даа.
*** Отгонбаярын хувьд гэвэл дууны шүлэг маш их голж шилдэг. Ямар сайндаа л түүнд дуу болж мэндлээгүй шуудай дүүрэн шүлэг бий. Энэ тухай түүнээс асуухад “Шүлэг голно гэдэг нь миний өөрийн мэдрэмж юм болов уу даа. Шүлэг болгон дуу болдоггүй. Тийм учраас би дууны шүлгэнд маш өндөр цензур тавьдаг. Их сонин байдаг. Тэр мэдрэмжийг би одоо хэлж чадахгүй байна. Цензурдсан шүлэг маань аятайгаа яг л таардаг юм. Аливаа юм эвэндээ орно гэж байдаг даа. Эвэндээ ороогүй дуунууд Монголоор дүүрэн байна шүү дээ. Дууны эхлэл нь ямар байх вэ, өрнөл нь ямар байх вэ, төгсгөл нь ямар байх вэ, дахилт нь ямар байх вэ гэдгийг манай зарим хамтлаг, дуучид, ая зохиогч нар ерөөсөө ойлгохгүй байна. Ер нь аливаа дууны нэг л мөр бусдыгаа дагуулдаг. Ямар ч дуу хүмүүсийн төв мэдрэлийн системд хүрч тусах үг, аялгуутай байх ёстой. Жишээ нь Ойдов ах аа, та бид хоёрын хийсэн “Цоглог оюутан” байна. Оюутны тухай олон дуу байдаг.
Гэтэл “Цоглог оюутан”-ыг оюутан болгон дуулж байна шүү дээ. Ер нь дууны шүлэг гэдэг бол өөрөө сүнстэй, өөрөө аялгуутай байдаг. Чухам тэр сүнс, тэр аялгууг нь олж хөгжим зохиож чадвал тэр дуу амьдарна. Сүнсийг нь олж чадаагүй дуунууд манай хамтлаг, дуучдад маш их байдаг. Хүчээр баахан дуу зохиодог. Ганц бадаг шүлэг биччихээд л дараачийн бадгуудыг нь шууд хүчиндээд байдаг. Дууны шүлгийг ерөөсөө анхаардаггүй, ойшоодоггүй. Ингэж бүтээл хийж болохгүй. Шүлэг гэдэг бол тухайн хамтлаг, дуучдыг авч явдаг нэг түлхүүр юм шүү дээ. Тийм ч учраас одоо бидний гарах гэж байгаа альбом дууны шүлэгнээс болж маш их удаж байна. Надад дуу болж мэндлээгүй маш олон шүлэг бий. Ер нь шуудай дүүрнэ шүү. Би хадгалаад л байдаг юм. Анх зохиогдож байсан бүтээлүүдийн нооргууд хүртэл бий. Магадгүй хэзээ нэгэн цагт шуудай дүүрэн шүлгээрээ музей гаргаж бас болно шүү дээ. Хүмүүс энгийн сайхан шүлэгтэй дууг сонсоод ухаарал авдаг. Амьдрал руу урам зоригтой тэмүүлдэг. Ер нь сүүлийн үед энгийн үгтэй сайхан шүлэг төрөхгүй байна. Олдохгүй байна. Миний хувьд их зовж байна” гэж санааширсан юм.
*** Олигтой уран бүтээл хийхгүй, чухам л өмнөх дурсамжаараа амьдарч байгаа хамтлаг, дуучид олон байна. Зарим нь гавъяат авчихаад түүнийгээ эцсийн буудал гэж ойлгодог ч юмуу дэндүү сайхан тайвшралын замд орчих юм. Энэ тухай Отгонбаяраас асуухад “Юу ч хийхгүй. Тэгээд амьд мөртлөө үхсэн юм шиг дурсагдаж л амьдармааргүй байна шүү. Би жар, дал хүрсэн ч гитараа тоглосоор л байх болно. Амьд хөгжим хэзээ ч нас голдоггүй юм” гэж эрсхэн хэлж байна лээ. Тэрбээр Ганбаяр ах шигээ үе үе үндэсний үзэл цухалзуулж, хааяа бас болж бүтэхгүй хэн нэгнийг хатуухан шүүмжлээд авдаг үнэн үгтэй хүн. Түүнийг бас бусдаас ирсэн шүүмж хурцалдаг гэнэ. Жишээ нь толины өмнө зогсоод “Отгонбаяр аа, найз аа, ингэж болохгүй шүү” гэж өөртэйгөө ярьж, өөртөө тодорхой үүрэг даалгавар өгдөг гэж байгаа юм. Энэ ер нь өөрийгөө хүмүүжүүлэх их гоё арга байгаа биз. Хааяа бас толинд хараад өөрийгөө загначихаж баймаар юм байна шүү. Харин өөрийгөө зодож болохгүй. Тэгвэл нүд чинь хавдана. Зодно гэснээс “Хурд”-ын залуус Ганбаяр ахынхаа үгнээс огтхон ч гаждаггүй, энэ хирээрээ буруу үйлдэл, хорт зуршлаас ямагт хол явдаг юм байна. Ер нь манай хамтлаг, дуучдаас хамгийн ёс зүйн хүмүүжилтэй, захирах, захирагдах ёс журамтай хамтлаг бол “Хурд” юм байна шүү. Ийм сайхан ёс зүйн хүмүүжилтэй болохоор “Хурд”-ынхан гадуур дотуур элдэв юманд орооцолдоод, болсон болоогүй шүүмжлэлд өртөөд байдаггүй сайн талтай.
*** Отгонбаярт бас нэг гоц гойд чанар бий. Тэр нь юу гэвэл аливаа дуунд аялгуу хийхдээ дотроо маш ихээр бясалгадагт оршино. “Энэ дуу энэ дуучинд таарна, энэ дууны энэ хэсгийг ард түмэн, залуучууд дагаж дуулах байх” гэх мэтээр бүгдийг тунгаан бодож байж аялгуу зохиодог бөгөөд ухаандаа дуучин Сарантуяагийн дуулсан “Чи минийх” гэх дууны зөвхөн “Чи минийх” гэх дахилтын хэсгийг дагаж дуулах жишээтэй. Энэхүү бясалгал нь яг л нүдээ олсон байх бөгөөд олон талаас нь бясалгаж бичсэн түүний дуунууд хит болоод байдгийн нууц нь энэ болов уу. Тиймдээ ч “Хурд” хамтлагийн уянгын дуунуудыг мэдэхгүй, сонсоогүй, дагаж аялдаггүй монгол хүн гэж үгүй. “Хурд” хэдийгээр рок хамтлаг ч гэлээ Отгонбаярын зохиосон уянгын сайхан дуунууд “Хурд”-ыг ямагт чимэж, илүү алдартай болгосон билээ.
Урлаг, тэр дундаа дууны урлаг бол нүдэнд үл үзэгдэгч, зөвхөн мэдрэмж, бясалгал зэрэгт л баригдах нууцхан эрчим хүчийг агуулдагт оршино. Хэн бүхнийг эзэмддэг тэр урлаг хэмээх жирийн бус үзэгдэл, өвөрмөц ид шидийг зөвхөн онцгой чадвар л бий болгож чадах бөгөөд харамсалтай нь тэр онцгой чадвар нь цөөхөн хүнд заяагдсан байдаг. Үүнийг авъяас гэдэг юм.
*** Нэгэн зүйлийг онцолж хэлэхэд Монгол улсад нэгэн гэр бүлээс гурван гавъяат төрсөн тохиолдол бараг үгүй. Харин Намсрайжав агсан, Цогзолмаа гуай, энэ хоёрын хүүхэд жүжигчин Сувдаа нар гурвуулаа төрийн соёрхол хүртсэн явдал бий. Монголын төмөр замд насаараа ажилласан жирийн нэгэн ард Дамба гэдэг айлаас Ганбаяр, Отгонбаяр, Төмөрцог гэдэг гурван гавъяат төрж гарсан нь Монголд бол рекорд амжилтанд тооцогдоно. “Хурд”-ынханд зориулж би ийм шүлэг бичиж байлаа. Үүнийгээ Ганбаярын гавъяатын найран дээр уншсан. Олон хүн нижигнэтэл алга ташсан. Тэр бол “Хурд” гэдэг шүлэг.
Эгэлгүй гайхамшигийг бүтээхээр эвлэлдэн нэгдсэн мэдрэмж