Mонгол ардын намын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын зорилтод “Дундаж давхаргыг дэмжинэ. Чинээлэг дундаж давхаргыг бий болгохын тулд татварын таатай орчныг бүрдүүлнэ” гэсэн өгүүлбэр бий. Мөн үүнд нь итгэж УИХ-ын 2016 оны сонгуульд Монголын ард түмэн саналаа өгсөн. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд ч дээрх амлалтыг нь санаж, Засгийн газар руу нүдээ чилээн байж, чихээ тавин байж чагнаж, хүлээж буй.
Харин Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийгхэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар уг амлалт, мөрийн хөтөлбөрийн заалт талаар болсон. Учир нь, Олон улсын валютын сангаас “Татварын хувь хэмжээг нэм" гэдэг чиглэл өгсөн бөгөөд энэ дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс долоон төрлийн татварыг нэмж авах юм. Тэдгээрээс харин иргэдийн нуруун дээр хамгийн их ачаа үүрүүлэх төрөл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль. Уг хуулийн хүрээнд 1.5 сая төгрөгөөс 2.5 сая төгрөгийн цалинтай бол 15 хувийн татвар авна. Хэрэв 2.5-3.5 сая төгрөгийн цалинтай бол 20 хувь, 3.5 сая төгрөгөөс дээш бол 25 хувийн татвар хураана. Ингэхдээ босго цалинг 1.5 сая төгрөгөөс эхлүүлэх бөгөөд бүхий л цалингийн уг мөнгөн дүнгээс илүү гарсан хэсэгт нь 15, 20, 25 хувийн татвар авах юм.
Тэгвэл уг хуулийн хэрэгжилтийн нөлөө хэнд дарамт учруулах вэ. Үүнийг нь тооцож үзэх нь ээ, нийт ажил хөдөлмөр эрхэлдэг хүн амын найман хувьд нь нөлөөлнө. Тэрхүү найман хувьд уул уурхай, эрчим хүчний чиглэлийн ажилтнууд болон удирдах түвшний менежер, хувийн хэвшлийн удирдлагууд багтаж байгаа. Төрийн албаны удирдах албан тушаалтнууд тэдэнд оноох татвараа “Хүн амын цөөнх. Олонхид нөлөөлөхгүй. Аль ч оронд, тэр дундаа дэлхийн өндөр хөгжилтэй оронд шаталсан татварын тогтолцоо хэрэгждэг. Энэ нь шинэ зүйл биш” хэмээн тайлбарлаж буй.
Гэтэл бодит байдлыг харах нь ээ уул уурхайн салбарын эксковаторчин, машинист, уурхайчин гээд хүнд хөдөлмөр эрхэлж дунджаар 2.2 сая төгрөгийн цалин авдаг тэдний ‘“хувьд ар гэрээсээ жилийн 365 хоногийн 250 хоногийг нь алс хол өнгөрүүлдэг. Энэ хооронд нь эхнэр, хүүхэд нь аавгүй, нөхөр, хүүхэд нь ээжгүй жилийн 250 хоногийг өнгөрөөнө. Тэр хэрээр гэр бүлийн нэг гишүүн нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, үр хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийг хариуцаж, амьдралаа авч явдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарынхан өөрсдийн хүчээр, өөрсдийн авдаг цалингаараа амьдралаа авч явдаг гэсэн үг.
Мөн тэр хэрээр халуун хоол идэхгүй, тоос шороон дунд хүнд нөхцөлд ажиллаж, улмаар эрт тэтгэвэрт гарах, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах хэрэгтэй болдог. “Бaraнуур”-ын уурхай, "Хөтөл" цементийн үйлдвэр. "Оюутолгой" ХХК, “Тавантолгой" нүүрсний орд гээд уул уурхайн салбарт ажиллаж буй бүхий л ажилтан, ажиллагсдын хувьд энэ бол яах аргагүй хүнд сэдэв.
Дээр нь, удирдах албан тушаалтнууд болон инженер, төслийн менежерүүдийн хувьд өнгөрсөн хугацаанд өөрсдийн халааснаас төлбөрөө гаргаж, хилийн чинадад боловсрол эзэмшиж, дэлхийн төвшинд боловсрол эзэмшсэн чадварлаг мэргэжилтнүүд. Энэ хэрээр цалингийн сүлжээ нь өндрөөр бичигдэж, амьдралын баталгаагаа хангадаг. Ийм байхад төр тэдний хөдөлмөрийн үр шимийг татварын бодлогоор дарамтлаад байх нь хэр зохилтой вэ.
Цаашлаад Монголын төрийн бодлогын онцгой нэг сэдэв нь дундаж давхаргыг хүчирхэгжүүлж, эдийн засгийн бат бэх баталгаа болгохыг чухалчилж ирсэн. Харамсалтай нь, Монгол Улсын хүн амын 60 орчим хувийг бүрдүүлдэг дундаж давхаргынхны хувьд өнөөдөр эмзэг эдийн засагтайн дээр ядуусын эгнээ рүү хальтарч ороход ойрхон байгаа нь нууц биш. Үүнийг улстөрчид “Амьдралын баталгаатай дундаж давхарга гэдэг бол жилдээ 1-2 удаа гэр бүлээрээ хилийн чинадад зугаалж, амарч чаддаг. Эрүүл мэндийн үйлчилгээг хэнээс ч хараат бусаар авч, яаралтай тусламжийг төлбөр харгалзахгүй хүртэж чаддаг тийм хүмүүсийг хэлдэг” хэмээн ярих нь их байдаг. Гэтэл манай дундаж давхаргынхны нийгмийн баталгаа, амьдралын боломж үүний эсрэг эргэдэг. Гэр бүлийнх нь гишүүд гэиэт өвдлөө гэхэд мөнгөгүй, зээл хайдаг. Хилийн чинадад зугаалах нь бүү хэл амралтынхаа мөнгөөр эх орноо ч тойрон аялах чадалгуй байх нь бий. Ийм байхад Засгийн газар ч, Монголын төр ч эмзэг дундаж давхаргаа дэвслэх нь хэр зохилтой вэ.
Харин энэ долоо хоногт дээрх татварын шатлалтай холбоотой нэг сайн мэдээ дуулгасан улстөрч нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байлаа. Тэрбээр “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт татварын шатлалыг эргэж харах талаар УИХ-ын гишүүд санал тавьсан. Олон улсын валютын сантай хамтарсан гэрээндээ өөрчлөлторуулах чиглэлээр ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн” хэмээн хэлсэн юм. Эндээс харахад 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх татварын шатлалыг “хайчлах”, дундаж давхаргад очих ачааллыг бууруулах чиглэлээр УИХ ч, Засгийн газар ч тодорхой санаачилга гаргаж хэрэгжүүлж мэдэх бололтой. Мэдээж ажил хөдөлмөрийнхөө үр шимээр байрны зээлээ төлдөг, амьдралаа авч яваа иргэдээ Монголын төр дээдэлдэг л бол шүү дээ.
Г.ЭНХЛЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/