Мөнөөхөн В.Ханка харин, хүн хуурсан гэдэг нь амьд сэрүүнд нь албан ёсоор илэрч баригдаагүй “азтай” хүн.
1817 онд Чехийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, хэл зохиол судлаач Вацлав Ханка гэдэг хүн Эльба мөрний эрэг дээрхи Кёнингхоф гэдэг хотын сүмээс 13 дугаар зууны үеийн гар бичмэл олж гэнэ гэсэн дуулиан Европ дахины эрдэмтэн мэргэд төдийгүй жирийн олны амыг ангайлгажээ. Хожим нь “Краледворын гар бичмэл” гэгдэх болсон 12 хуудас энэ зохиол 14 дуулалтай, түүний зургаа нь татарын буюу Монголын байлдан дагууллын үйл явдлыг харуулсан байж гэнэ.
Гар бичмэл олны хүртээл болж улмаар газар газрын эрдэмтэд түүнд үнэхээр болсон үйл явдлыг бичсэн байна хэмээн итгээд байн байн иш татах болов. Гар бичмэлийн хамгийн гол хэсэг нь, чехүүд дайлаар ирсэн монголчуудыг хиар цохиж, Европ дахиныг аюулаас аварсан тухай байлаа. Тухайлбал, 1241 оны хавар монголчууд Лигницагийн алдарт тулаанаас гэдрэг эргэж Судетээр дамжин одоогийн Чехийн нутаг Морави руу буцжээ. Лигницагийн тулааны дараа монголчуудын эсрэг Европын улсуудын холбоо задарсан учраас Моравийн нутагт тэднийг чехүүд ганцаараа тосон байлдсан гэнэ. Чехийн баатарлаг ард түмэн татаруудтай амь өрсөн тулалдаж тэднийг хиар цохисон учраас Оломоуц, Брно, Нове Место хотууд дайсанд автсангүй.
Оломоуц хотыг 6000-хан цэрэгтэй Ярослав Штернберк гэдэг баатар чех удирдан хамгаалж монголчуудыг ихэд дийлж тэднийг Европ руу дахин зүглэхгүй болтол нь хашраагаад сүүл хавчин зугатаалгасан байна. Оломоуцын тулааны үеэр чехүүд Монголын хааны нэг хүүг олзолж аваад бодийг нь хөтөлчихсөн байх жишээтэй. Нэр нь Хубилай гэнэ. Монголын байлдан дагууллын үеэр чехүүд ингэж сайн байлдсан, түүгээр ч барахгүй Европыг авартлаа үзэлцсэн гэх мэдээ баримт тухайн үеийн Чехийн болон бусад эх сурвалжид огт байдаггүй тул энэ гар бичмэлийг асар үнэтэй зүйл олдлоо, түүхийн том цоорхойг нөхлөө гэж их багагүй баяр хөөр болцгоов.
1241 онд Ярослав монголчуудыг дарсан нь Чехийн түүхэнд тохиолдсон хамгийн агуу үйл явдал хэмээн чехүүд өөрсдөө нэрлэж, сүүл үеийн ном судартаа алтан үсгээр дархлав. Түүгээр ч барахгүй 1841 онд Оломоуц хотод, тэрхүү баатарлаг үйл явдлын 600 жилийн ойг нийт чехүүд ёслол төгөлдөр тэмдэглэжээ. 19 дүгээр зууны дунд болон сүүл үе хүртэл “Краледворын гар бичмэл” Чехийн үндэсний сэргэн мандалтын нэг томоохон бэлэг тэмдэг болж байлаа. Тэгж байтал сүйд болов. 1870-аад оны сүүлээр тухайн үеийн слав судлалын толгой эрдэмтэн Я.Гебауэр, Я.Голл нар “Краледворын гар бичмэл”-ийн жинхэнэ эсэхэд эргэлзсэн санаа дэвшүүлж түүнийгээ ул үндэстэйгээр баталж эхэлжээ.
Улмаар энэ сэдвийг тойрсон маргаан эрдмийн төдийгүй улс төрийн хүрээнд тун далайцтай дэгдэж, явсаар 1914 он гэхэд мэргэжилтнүүдийн олонхийн хүлээн зөвшөөрснөөр, хуурамч юм байна аа гэдэг дээр тогтож дуусах нь тэр.
“Краледворын гар бичмэл”-ийн хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрөхөд нэлээд үүрэг гүйцэтгэсэн хүн нь хожмын Чехословакийн анхны ерөнхийлөгч, чех үндэстний шүтээн болсон хүмүүсийн нэг Я.Масарик байсан гэдэг. Асуудалд баримталсан түүний гол байр суурь нь, эх оронч үзэл санаа худал хуурмаг зүйл дээр тулгуурлаж болохгүй гэдэг үзэл байлаа.
В.Ханкагийн “зохиол” үнэхээр хуурамч гэдгийг байж болох нэлээд олон арга хэлбэрээр баталсан бөгөөд, тухайлбал хэрэглэсэн бэхийг нь химийн шинжилгээнд оруулж үзэхэд орчин үеийн будаг байна гэдэг нь тогтоогдсон гэдэг.
XIX-XX зууны Евразийн судлалын толгой эрдэмтэн Г.В.Вернадский “Краледворын гар бичмэл”-д гарч буй үеийн үйл явдлыг “Монголчууд ба Орос орон” номдоо бичихдээ, “Монголчууд Унгар руу нэн даруй хөдлөх даалгавартай тул замдаа буй хотуудыг бүсэлж байлдан цаг алдах учиргүй байв. Тэд хоорондоо хэд хуваагдан Европын гүн тийш аялахдаа Моравийн нутгийг явуут дундаа гарт таарсанаа аваад өнгөрчээ. Богемийн хаан Вацлав Кладно хотын орчимд тэдний нэг баг цэргийг ухраасан боловч энэ нь монголчуудын ерөнхий стратегийг өөрчилж чадаагүй юм. Моравид шийдвэрлэх тулалдаан хэд хэд болсон гэдэг, тэрэн шиг худлаа юм байхгүй, харин ч наад тал нь нэг, цаад тал нь хоёр долоо хоногийн дараа гэхэд монголчууд энэ нутгийг хэдийнэ туулаад өнгөрсөн байлаа” гэсэн буй.
Энэ мэтээр В.Ханкагийн гар бичмэлийн хуурамч гэдгийг баталсан баримт олноор гарсан. Наад зах нь л гар бичмэлд гарч буй чех баатруудын нэрс бусад жинхэнэ эх сурвалжид огт гардаггүй, монголчуудтай нэгийгээ үзсэн Ярослав Штернберк гэгч ч мөн адил. В.Ханка нь 1818 онд байгуулагдсан Прагийн анхны үндэсний номын санд ажиллаж байсан бөгөөд уг номын санг үүсгэн байгуулагчдын нэг Кашпар Штернберк гүнг баатрын удам болгож тал засахын тулд ийм хүн зохиосон бололтой байдаг.
Мөн гар бичмэлд, олзлогдсон ханхүүг Хубилай гэсэн мэт илэрхий алдаа ч бишгүй байх аж. Ондоо хуучин гар бичмэлийн үндсэн эхийг арилгаж байгаад бичсэн, эртний чех хэл дээрх 6000 үгтэй бичмэлд 1000 гаруй алдаа буй, бичгийн хэв дээр үеийнхээс ондоо гэх мэт олон баримт хожим илэрсэн байдаг.
Мөнөөхөн В.Ханка харин, хүн хуурсан гэдэг нь амьд сэрүүнд нь албан ёсоор илэрч баригдаагүй “азтай” хүн. Слав хэл судлал насаараа оролдож, олон шүлэг бичсэн бөгөөд Оросын “Игорийн хорооны цэрэглэсэн тууж”-ийг (монгол хэлнээ манай Ц.Дамдинсүрэн гуай хөрвүүлсэн) герман хэл рүү орчуулсан гэдэг.
Прагийн номын сандаа номын санчаар, сүүлд нь Карлын Их сургуульд (манай Санжаасүрэнгийн Оюун төгссөн) слав судлалын профессороор ажиллаж байгаад 1861 онд далан настайдаа бие баржээ. Чехүүд харин түүнийг өнөөдөр “худалч” гэхээсээ илүү “эх оронч” хэмээн дурсаж хүндэлдэг гэнэм.