Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХДХВ, ДОХ ба хүний эрх

Өвчин хэлж биш хийж ирдэг. Хэн ч эрсдэлтэй алхамд орохыг хүсэхгүй. Хүний хувь заяаг олж төрснийх эрүүл энх, саруул сайхан, айх аюулгүй амьдрахыг хүснэ. Тэгвэл өнөөдөр эдгэршгүй өвчин тусч түүндээ шаналж зүдэрч яваа олон мянган иргэн бий. Тэдний дунд ХДХВ буюу ДОХ-ын халдвараар өвчилсөн 249 иргэн бүртгэгдэж оношлогджээ. Гэхдээ энэ тоонд уг халдвар нь хүндэрч нас барсан иргэд ч багтаж байгаа юм.

ХӨСҮТ-ийн ДОХ\\Бэлгийн замаар дамжих халдварын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалагийн мэдээлснээр Монгол Улсад энэ оны байдлаар ХДХВ-ийн вирус тээсэн байх магадлалтай 570 иргэн байгаа. Тэдний 249 нь оношлогдсон бол өдгөө 321 нь халдвар тээсэн гэдгээ мэдэхгүй яваа юм. Тиймээс иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг хүссэн бөгөөд мөн эрт илрүүлэх ажлыг шат дараалалтай хийж байгаагаа ч хэлсэн юм. Манайд ХДХВ-ийн вирус илрүүлэх 80 гаруй цэг ажиллаж байгаа бөгөөд жилд дунджаар 400 мянган иргэн цусны шинжилгээ өгдөг байна. Гэхдээ эрсдэлт бүлгийнхэн шинжилгээ огт өгөхгүй байна. Тухайлбал, биеэ үнэлэгчид, бэлгийн цөөнх залуус болон хөдөлгөөнт залуус гадагшаа дотогшоо их явдаг иргэдийг шинжилгээнд хамруулах зэрэг ажлыг өрнүүлсээр байна. Тэгэхээр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг иргэд, түүнчлэн сүүлийн нэг жилээс дээш хугацаанд шинжилгээ огт өгч байгаагүй иргэд сайн дурын шинжилгээнд хамрагдах нь зөв юм шүү.

ХДХВ буюу ДОХ гэхээр манайхан амьдралыг залгидаг аймшигт хар тахал мэт бодож, төсөөлж ирсэн төдийгүй уг халдвараар өвчилсөн иргэнийг ялгаварлан гадуурхах, ад шоо үзэх, зэвүүцэх олон нийтийн сүлжээнд гутаан доромжилж нэр хүндэд нь халдах зэрэг байж боломгүй асуудлуудыг их гардаг болжээ. Дээрээс нь нийгмийг хөдөлгөч хүч болох хэвлэлийнхэн хүний зовлонгоор сенсаацлахаа урьдад болгодог болж. Өнгөрсөн жил “15 настай хүүхэд ДОХ тусжээ” гэж олон нийтийн сүлжээгээр нэг их шуугисан. Ийм мэдээлэл гаргаснаар үр дүн нь юу болох вэ гэдгийг тооцоолоогүй нь харамсалтай. Гэвч өнөөдөр уг халдвараар өвчлөхгүй мэт аашилж яваа хэн нэгэн бол хэзээ нэгэн өдөр таны гэр бүлийнхэн дотроос мөн дотны найз тань энэ халдварыг авчихвал яах вэ. Тиймээс аливаа асуудалд болгоомжтой хандаж, эрсдэлийг тооцож ирээдүйд гарах үр дагаварыг нь бодож олон нийтийн сүлжээнд мэдээлэлээ түгээх нь зүйн хэрэг болов уу.  
Тэртээ 1990-ээд оны үед энэ өвчний талаарх ойлголт шал өөр байлаа. Хаалттай нийгэмд хориотой сэдэв хэмээн ойлгодог байсан. Тухайлбал, бэлгийн замаар халдварладаг “бузар” өвчний вирусыг авсан хүн шууд үхдэг гэж нийгэмд ойлгуулж ирсэн. 
Тэгвэл өнөөдөр энэ өвчний чиг хандлага өөрчлөгдсөн. Хэдий төгс эмчлэгдэхгүй ч эмчилгээтэй архаг явцтай өвчин гэдгийг эмч нар хэлж байна. ХДХВ-ийн үед эрт илрүүлчих юм бол тусгай эмчилгээ нь бэлэн, эмчлэх эмч нь байгаа тул урт удаан хугацаанд амьдрах амьдралыг бэлэглэнэ. Хамгийн гол нь шинжилгээ, эрт илрүүлэлт чухал болчихоод байна. Өнөөдөр ХДХВ-ээр гадна өчнөөн нэр төрлийн өвчнөөр хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Тэгвэл яагаад ХДХВ болон ДОХ-ыг онцолж буруу ойлголтыг олон нийтэд өгөөд байдаг юм бол. Үнэндээ уг халдвар үхлээр төгсдөг өвчин биш болсон.

Түүнээс гадна энэ халдварын талаар манайд тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал, ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол нь цаг алдалгүй эмчилгээ авахад их хориг саад болоод байгаа юм. Ийм байдлаас айсан халдвар тээгчид нуувчинд орж бүгдэг. Нийгэмд нээлттэй байж чаддаггүй. Байнгын айдас түгшүүртэй байдаг. Ар гэрийнхэн нь ойлгохгүй хөөх, найз нөхөд нь холбоогоо таслах, танилууд нь танихгүй царай гаргах үзэгдэл байдаг. Хүнийг шашин шүтлэг, өвчнөөр нь ялгаварлан гадуурах ёсгүй. Дээр нь хувь хүний нууцыг хуулиар хамгаалах ёстой. ХДХВ\\ДОХ-той хүмүүс удаан амьдрах боломж бий ч тэдэнд тулгарч байгаа саад бэрхшээл амьдрах насаас нь хороож байгаад үнэхээр харамсалтай. Үнэнийг хэлэхэд халдвартай хүмүүсийг вирус нь биш хүмүүс л алдаг. Элдвээр хэлж гутаан доромжлуулсан хүн сэтгэл гутралд орж амиа хорлох шийдвэр гаргадаг.

Чухамдаа бол ХДХВ\\ ДОХ нь өвчин болохоос гэмт хэрэг биш. Халдвартай хүмүүс та бидний л адил эрхээ эдлэх, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй. Тэд хэрэг хийсэн гэмтнүүд бишээ. Тэднийг айдас түгшүүрээс чөлөөлж амгалан тайван амьдрал бэлэглэснээр бид тэдэнд өвчнөө ялан дийлэх итгэл найдварыг өгнө. Тэд ажил хөдөлмөр эрхлэх,  инээх хөөрөх, идэж уух наргиж цэнгэх, нийгэмд нээлттэй чөлөөтэй байх эрхтэй. Хүнтэй адилхан хүн гэдэг үүднээс нь хүндэтгэлтэй хандаж, эрхийг дээдлэх ёстой. Хүний дархлал хомсдолын вирус хэмээх нэршил нь Хүн гэсэн үгээр эхэлж байгаа биз. Энэ өвчнийг дарахын тулд дэлхийд хэрэгжиж хэрэгжиж буй хууль эрх зүй нь хүн бүрт түгээмэл байдаг тэр л зүйлийг дээлэн хамгаалах ёстой. Энэ нь эмзэг боловч хязгааргүй боломж авчрах хүний эрхийг хамгаалж, тэгш байдал, нэр төр эрүүл энхийг хамгаалах явдал юм.

Хэрвээ та халдвар авснаа мэдэхгүй явж дараа дараагийн хүндээ халдааж яваа олон хүн бий. Тиймээс ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага ухамсар гэдгээ хэзээ ч битгий март.

О.Сайханцэцэг

Малчид малаа өвс тэжээлээр солих санал гаргах болжээ
Малчид малаа өвс тэжээлээр солих санал гаргах болжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.