Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН амлалтаасаа ухарч, гадаад өрийг ард түмний халааснаас төлүүлж эхэллээ

МАН амлалтаасаа ухарч, гадаад өрийг ард түмний халааснаас төлүүлж эхэллээМАН 2016 оны сонгуульд өрсөлдөх Мөрийн хөтөлбөртөө “Бизнес дэх төрийн дарамтыг багасгаж, арилжааны зээлийн хүүг бууруулж, татвар нэмэхгүй” хэмээн цагаан дээр хараар бичсэнээ Монгол Улсын санал өгөх иргэн бүрт танилцуулж байлаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй гэснийг http://www.nam.mn/a/310 холбоосоор ороод хэнбугай нь үзэж болно.

Ард түмэн тэдэнд итгэсэн. Иймдээ ч парламентийн 65 суудлыг МАН-д хүлээлгэн өгсөн юм. Чухам их итгэл хүлээлгэсэн учраас тэд нөхдөд ийм том боломжийг нээн өгч, төрийн эрхийг атгуулсан хэрэг.

Гэвч МАН амлалтаасаа ухарлаа. Ерөөс монголчууд МАН-ын Мөрийн хөтөлбөрийг эсрэг утгаар нь уншин ойлгох ёстой байж. Тухайлбал, МАН-ын ухуулах хуудсан бичигдсэн үгсийг “Бизнес дэх төрийн дарамтыг нэмж, арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж хүүг нэмээд, татварыг олон талаар өсгөж, эдийн засгийн хямралыг өртгийг иргэдээр 100 хувь төлүүлнэ” гэж унших ёстой байсан бололтой.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд УИХ-ын хаврын ээлжит чуулган цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Олон нийтийн хүчтэй эсэргүүцлийг нэг чихээрээ оруулж, нөгөөгөөр нь гаргаад л эцэслэчихсэн.

Төсвийн байнгын хорооны танилцуулгад дурдсанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зарлага болон цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Дээрх өөрчлөлтүүдийг 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6.035 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8.75 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2.7 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна.

Ингээд УИХ-аар 2017 төсвийн тодотгол эцэслэн батлагдсанаар дараах долоон төрлийн татвар нэмэгдэхээр болсон.

1.Архи, тамхины онцгой албан татвар

Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оноос 10 хувиар, 2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн таван хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ.

2.Импортын тамхины гаалийн албан татвар

Монгол Улс импортын тамхинд таван хувийн гаалийн албан татвар ногдуулдаг ба Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу уг хувь хэмжээг 30 хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Энэ татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20, 2018 онд 26, 2019 онд 27 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

3.Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар

Энэ төрлийн татварыг буцаан нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 оны батлагдсан хэмжээнээс 118.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан байна.

4.Суудлын автомашины онцгой албан татвар

Суудлын авто машины татварыг нэмэгдүүлж, зарим хөнгөлөлтийг бууруулснаар улсын төсвийн орлого 2017 онд 37 орчим, 2018 онд 82 орчим, 2019 онд 98 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

5.Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно

Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байгааг 2018 онд 120 мянга, 2019 онд 160 мянга, 2020 онд 200 мянга, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар 2017 онд төсвийн орлого 43 тэрбум төгрөг, 2018 онд 88 тэрбум төгрөг, 2019 онд 84 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

6.Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх байсан ч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хугацааг есөн сараар урагшлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ногдуулсан. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр татварын орлого 2017 онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

7.Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх

Тодотголын хүрээнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг өөрчлөхөөр тусгасан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

Энэ тодотгол батлагдсаны дараа ч нийтийн эсэргүүцэл буураагүй, харин ч нэмэгдсэн атал МАН-ын Засгийн газар даанч авч хэлэлцээгүй. Одоо иргэд, татвар төлөгчид АН-ын 2012-2016 оны балаг, МАН-ын сонгуульт хугацааны ухаангүй, ухвар мөчид бодлогын горыг төлж, улсыг өрнөөс гаргах дарамтыг тэр чигээр нь нуруундаа авлаа. Одоо эхний ээлжинд Архи, тамхины онцгой албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нэмэгдэж, иргэд олигтой цалин авах ч татварын дарамтаас болоод амьдралд нь гарах эерэг өөрчлөлтүүд бүгд алга болно. Үүний хажуугаар татвар нуун дарагдуулах оролдлого өснө гэдгийг бүгд мэдэж байгаа.

АН 2012-2016 онд Монгол Улсыг чадал мэдэн самарсан. Тэр намыг томчуул халаасныхаа хэрээр улс орноос хулгайлж, илүү гарсныг нь харьд аваачиж нуусан нь ч илэрсэн. Өнөөдөр олон арван тэрбум доллар оффшор бүсэд байгаа. Тэрнээс гадна төсвөөс зувчуулсан нь илэрсэн маш олон хэрэг хачирхалтай байдлаар замхарч байна. Өөрөөр хэлбэл, Монголын баялгаар дэнчин тавьж гаднаас олж ирсэн их хэмжээний валютыг МАНАН-гийн томчуул хуваан завшсан. Одоо өрийг нь ард түмэн төлөх гэж байна. Төлөөд ч эхэлчихсэн.

У.Хүрэлсүхийн 3 эмзэг цэг
У.Хүрэлсүхийн 3 эмзэг цэг
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.