Улс төрийн менежментийн ухаанд улс төрийн зах зээл дээр оршин тогтнох, хүлээн зөвшөөрөгдөх, улмаар нөлөөний хүрээгээ тэлэхийн тулд иргэдэд өөрийн үйл ажиллагааны зарчим, төлөвлөгөөг тодорхой танилцуулснаар тэдний дэмжлэгийг авч өрсөлдөгчөө буланд шахах урлагт зайлшгүй суралцах тухай онцолдог. Ялангуяа шийдвэр гаргах эрх мэдлийг бодитоор барьж буй засгийн газар өмнөх эрх баригчдын алдаа оноог цэгцэлж, өөрийн танхимын эхний үр дүнгүүдийг нотлох зорилгоор “Засгийн Газрын 100” хоног хэмээх хүлээлтийг сонгогчид болон хэвлэлийнхэнд үүсгэдэг.
Харамсалтай нь У.Хүрэлсүхийн Засгийн Газрын хийж буй үйлдэл, гаргаж буй мессежийг харахад тэдэнд үйл ажиллагааны нэгдсэн тодорхой стратеги байхгүй, барьж буй менежмент нь “тэгж байгаад болно доо. Тайван байцгааж байгаарай” гэх монгол маягийн хүлээлтийг санал болгож байх шиг. Чухам ийм тодорхойгүй хүлээлтэдолон нийт, хэвлэлээс ирэх хариу үйлдэл нь элдэв хэвлэлийн таамаг, хувь сайд нарын зан араншин, ур чадварын тухай шүүмж, гадаадын хөрөнгө оруулагчдын урт тээнэгэлзэл, сөрөг хүчний баярын өдрүүд байдаг билээ.
У.Хүрэлсүхийн Засгийн Газарт ямар нэр өгөх тухай нэлээд хэлэлцүүлэг хэвлэл болон сошиалаар хүчтэй явагдаж “Ардын Засгийн Газар”, “Бяртай Засгийн Газар”, “Эвлэрлийн Засгийн Газар” хэмээх олон нэр оноосон боловч бодлого нь тодорхойгүй, ганц тодорхой юм нь ерөнхий сайдын нэр болон их хурлын индэр дээр хэлсэн лоозон нь тодорхой учраас “Хүүкийн Засгийн Газар” гэдэг нэр л тунаж үлджээ. Мэдээж Хүүк-д болон түүний Засгийн Газарт нь давуу тал болон хангалттай хүч, нөөц бий. Сүүлийн хэд хоногт их хурал дээр өрнөж буй үйлдлүүдийг ажиглаад эмзэг цэгүүдийг нь оношлох гэж оролдох нь илүү төрийн тогтвортой байдалд тустай гэдэг утгаар бичлээ.
ХҮЛЭЭЛТ БА УНАЛТ
2016 оны парламентын сонгуулиар байгуулагдсан энэ их хурлын нэг онцлог нь 65 суудал бүхий маш хүчирхэг эрх баригчдын бүлэг үүссэнд байв. Өмнөх эрх баригч Ардчилсан намынхны зодоон, тогтворгүй байдлаас залхсан сонгогчид болон хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдэд нэг том хүлээлт бий болсон нь улс төрчид сайн удирдаад тус болж чадахгүй ч гэсэн ядаж тогтвортой Засгийн Газартай байх юм байна гэсэн их хүлээлт үүсжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараа 60 тэрбумын хэрэг гэгч “мандаж” мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн Газар унаснаар Хүүк-ийн Засгийн Засгийн газар байгуулагдаж тогтвортой байдлаа хангахын тулд бүх сайд нараа 100 хувь парламентаас бүрдүүлэв. 60 тэрбумын хэрэг гэгчийн эсрэг намын дотоод бослогоор гарч ирсэн У.Хүрэлсүхтэй хамт ерөнхийлөгч нэг тал болж эвсэл үүссэн мэт харагдаж, авлига, тэгш бус байдал, том төслүүдээ хөдөлгөх, монгол хүн эх орондоо эзэн байх тухай түүний гал цогтой үгс чуулганы индэр дээр цуурайтсанаар иргэд, бизнесийнхэнд шинэ хүлээлт үүссэн юм.
Харамсалтай нь, шударга ёс тогтоох, том төслүүдээ хөдөлгөх зэрэг нийгмийн суурь шинэчлэлүүдээ эхлүүлэх нь битгий хэл төсвөө батлуулж, эхний хуулиа ч оруулж амжилгүй сангийн сайдаа ерөнхийлөгчийн хоригт алдчих дөхөв. Чухам үүн дээр хамгийн их “хохирч” буй хүн бол ерөнхий сайд бөгөөд түүнийг цаашдаа тогтвортой ажиллаж чадах, үнэхээр шинэчлэлийг эхлүүлэх, том төслүүдээ их хурлаар дэмжүүлэх чадвар байгаа эсэх дээр чуулганы хуралдааныг шууд үзсэн олон нийт, бизнесийнхэн, хэвлэлийнхний итгэл нуран унасан юм. Цаашид яг юу болох нь тодорхойгүй, ямар шийдвэр гарах нь мэдэгдэхгүй байгаа учраас бизнесийнхэн ямар ч барометргүй болж, хөрөнгө оруулагчид тээнэгэлзэж, алга ташиж байсан олон түмэн түүнд эргэлзэж эхэллээ. Энэ бол маш том эрсдэл бас уналт юм.
Монголын төрийн тогтолцоонд ерөнхий сайд өөрийн танхимаа шууд томилох эрх мэдэл дутаж, намын фракцууд болон хагас эрх мэдэлтэй ерөнхийлөгчийн ашиг сонирхлыг багтаасан зөвшилцлийн Засгийн Газар байгуулдаг үндсэн хуулийн гажиг бий. Гишүүн биш “шалдан” У.Хүрэлсүх түүнээс бүр ч тойрч чадаагүй парламентаас жирэмсэлсэн. Гэхдээ өөрийн төлөвлөгөөгөө тодорхой цаг хугацаатай, хэмжүүртэй танилцуулж олон түмнээс дэмжлэг авах боломж одоо хүртэл түүнд байсаар байна. Ядаж түүний Засгийн Газар эхний 100 хоногтоо хийх ажлын жагсаалтаа танилцуулах ажил хийгдэхгүй л байна.
ХАМАР ДЭЭР ГАРСАН МЭНГЭ ШИГ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “Ч.Хүрэлбаатар Энэ засгийн Газрын хамгийн эмзэг цэг боллоо шүү” гэж хэлсэн нь үнэн юм. Энд түүний болон ах дүү нарынх нь хотгор шанаганы уурхайн лицензийг зарсан асуудлын үнэн худал хамаагүй. Мэдээж шүүхийнхэнд хийх ажил бий. Гол нь сангийн сайдын уул уурхайн талаарх либерал байр суурийг дэмждэггүй бүхэл бүтэн “арми” нам хамааралгүй энэ чуулганд байгаа нь уржигдрын хуралдаанаас харагдсан нь үнэхээр У.Хүрэлсүхийн нэг эмзэг цэг юм. Ийм нөхцөлд ийм нэр хүндгүй сангийн сайдтай ерөнхий сайд том төслүүдээ чуулганаар оруулж батлуулна гэдэг бараг бүтэшгүй. Том төсөл гэдэг нь мэдээж нүүрс, алтны стратегийн оруудын менежментийг шийдэх, төмөр зам тавих, гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах зэрэг уул уурхайтай холбоотой асуудлууд яригдана. Энэ бүхэн дээр сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцоно, зарим ажлын хэсгийг удирдаж чуулган руу орно.
Тэр орж ирж төсөл бүхнийг улдан эсэргүүцэх “эх орончид” хангалттай байхын дээр нам дотроосоо ч Ч.Хүрэлбаатарын хотгор шанаганы уурхайг дахин сөхөж том төсөл гацах нэг хөшүүрэг болох юм. У.Хүрэлсүхийн хувьд ажиллах чадвар, мэдлэг, шинэчлэлийн байр суурийг нь харгалзан Ч.Хүрэлбаатарыг сангийн сайдаар авч ажиллуулах боловч түүний унасан нэр хүнд, лицензийн хууль шүүхийн асуудлыг ч хамтад Засгийн Газрынхаа огцрох, эс огцрохын нэг дэнчин болгож тавьж байна. Ч.Хүрэлбаатар бол У.Хүрэлсүхийн хувьд хамар дээр гарсан мэнгэ шиг авч болдоггүй, хаяж болдоггүй үргэлж нүдний үзүүрт харагдаж байдаг нэг том эрсдэл хэвээр үлдлээ.
МЕССЕЖГҮЙ БАС ДЭД БҮТЭЦГҮЙ ПР
У.Хүрэлсүхийн шинэ сайдууд очсон даруйдаа хийсэн нэг том ажил нь хуучин сайд нарын хэвлэлийн төлөөлөгчдийг хөөж явуулсан “шинэчлэл” орно. Хамтад нь яамны хэвлэлийн бүтэц, сүлжээ, бодлогоо хамт “хөөгөөд” явуулчихсан нь зурагтаар шинэ сайд өөрсдөө микрофоны өмнө сүүтгэнэж байгаагаас харагдаж байна лээ. Ерөнхий сайд нь Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгуулийн штабт ажиллаж байсан залуусыг хэвлэлийн албаны даргаараа авсан нь нэг талаар “ялуулсан” залуусын ур чадварыг бодитой үнэлсэн ч юм шиг нөгөө талаар пр ийн хувьд ерөнхийлөгчөөс хамааралтай ч юм шиг тодорхойгүй. Ардчилсан намын ч бай, ардын намын ч бай хэвлэлийн бодлого дээр гаргадаг нийтлэг алдаа нь ялж ордон луу нүүсэн бол намын хэвлэлийн албаа оролцуулалгүй хаячихдаг, их хурал, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн хэвлэлийн албууд нэг сүлжээнд орж ажиллаж чаддаггүй “өрсөлдөгчид” болоод хувирчихдаг байдагт. Би өөрөө ч энэ алдааны бүтээгдэхүүн байсан учраас сайн мэдэж байна л даа. Одоо гэхэд МАН-ын хэвлэлийн алба, ерөнхий сайд, их хурлын хэвлэлийн алба нэгдэж ажиллахгүй дээрх алдааг давтаж байна.
Телевиз болон сайтуудаар сайд бүр нь тус тусдаа задгай яриа өгч байх боловч тухайн яамандаа хийх халаа сэлгээ, төсөв мөнгө, хориглох зогсоох тухай ярихаас биш ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ засгийн газраа байгуулахдаа хэлсэн шударга ёсыг тогтоох, авилгийг үгүй хийх зорилтыг өөрийн салбартаа хэрхэн хэрэгжүүлэх тухай ганц ч үг байхгүй. Яамдын хэвлэлийн дэд бүтцийг нэгтгэх, мессежүүдийг гаргах, чиглүүлэх ёстой Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Г.Занданшатар таг чиг. Энэ бүхний өртөг нь Засгийн Газар легитим чанараа алдаж, иргэд бухимдаж, хэвлэлийнхэн таамаг бичиж, бизнесийнхэн барометргүй болдог өртөг ихтэй байдгаараа эмзэг цэг болж байна.
Хожим нь энэ эрсдэлүүдийг удирдах, засаж янзлах цаг хугацааны болон нийгэм-соёлын боломжгүй болдог гэдгийг ардчилсан орнуудын хийгээд бидний өмнөх түүх ч хангалттай нотолдог билээ.
Улс төрийн менежер О.ЧУЛУУНБИЛЭГ