Өнгөрсөн жил сүр дуулиантайгаар И-март гурав гаруй сая хүн амтай бяцхан зах зээлд дайран орсон нь тэдний төсөөлж байгаагүй ашгийн амжилтыг гаргаж уг компаниас энэ сарын 29-нд хоёр дах салбар дэлгүүрээ нээх гэж байгаа.
Яагаад тэд салбар дэлгүүрээ шинээр нээх гэж байгаа вэ гэдэг хариултанд тэд зорьж байсан ашгийн хэмжээг 100 хувиар давуулан биелүүлсэн учир хоёр дах салбараа нээх болсон гэж компаний зүгээс хариулт хэлж байх юм. Цаашид ч төслийнхөө хүрээнд Монголд том хэмжээний долоон дэлгүүр, 20 гаруй супермаркетыг нээхээр төлөвлөсөн байдаг.
Тэгвэл Солонгосын компаний ашиг ингэж өссөн бол энэ хэмжээгээр борлуулж болох байсан зах зээлээ алдсан Монгол наймаачдын амьдрал яаж эргэсэн бол гэсэн асуултаар нийтлэлээ эхлүүлье. Энэ удаа хойд солонгосын цөмийн бөмбөгийн асуудлаас болж тэд Хятадтай муудалцаж энэ нь Солонгос компаниудын Хятад дахь зах зээлээс хөлөө татахад хүргэсэн нь төсөөлж ч байгаагүй Монгол болон өөр бусад хөгжингүй буурай орон руу анхаарал болсон шалтгаан юм. И-мартаас гадна Солонгосын толгой группийн нэг болох LOTTE бас Монголд өөрсдийн ашгийг хөөхийн тулд монголд Лоттериа буюу хурдан хоолны төвөө нээхээр зэхэж байна.
И-март Монголын зах зээлд орж ирснээр боловсон үйлчилгээ, цэвэр тохьтой худалдан авах орчныг бий болгож бидэнд олон улсын нэртэй ‘Шинсэгэ’ Самсунгийн аргагүй л салбар компани ямар гэдгээ харуулсан.
Монголын худалдан авагчид ч гэсэн шинэ соёлтой үйлчилгээ болон тохьтой орчныг нь таашааж шинэ мартаас хэрэглээний бараагаа авдаг болсон.
Гэхдээ энэ март яаж оршин тогтнох нь хамаагүй, бидний зах зээлийг бусад орныхон бүхий л салбараар эзэлж дууслаа гэдэгт анхаарлаа хандуулж бичихийг зорьсон.
Шударга өрсөлдөөний хуулиар хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг нь үнэн. Гэхдээ жирийн Монгол хүн энэ том том газруудтай өрсөлдөх чадвар хэр байх билээг тунгаах хэрэгтэй. Биднийг Хятад орныг үзэн ядаж харааж байх хооронд Солонгос улсын толгой компаниуд Монголын зах зээлийг атгах өдөр нь өнөө маргаашгүй болсон харагдана.
Яг одоогийн байдлаар БНСУ-д зөвхөн том сүлжээний дэлгүүр салбар дээр л жишээ авч үзэхэд энэ том том хүнс барааны мартуудаас болж жирийн Солонгос иргэдийн ганзагын наймаа эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс эдийн засгийн хямралд автаж улмаар хувийн аж ахуйн нэгжийнхэн эргээд энэ хэдэн март том групуудээ үзэн ядаж амьдардаг гэж хэлэхэд хилсдэхгүй.
Үүнд БНСУ-ын шударга өрсөлдөөний хорооноос том мартуудыг сар бүрийн хоёр дах, дөрөв дэх долоо хоногийн ням гарагуудад амрахыг тушааж байгаа.
Зах зээлийн механизмд шаардлагатай гэж үзвэл улсаас хязгаарлалт хийж болдгийг бас сануулмаар байна. Солонгос улсын хүн амын тоо Монголоос хэд арав дахин их байхад энэ улсын иргэд өөрсдийн орны хэдхэн толгой групп компанид зажилагдаж бас хэд хэдэн групп нь дампуурвал Солонгос улс нь дампуурчих гээд байдаг хэцүү байдалтай улс орон юм.
Өнөөдөр энэ Солонгос гэдэг орны жирийн ард иргэд том том группуудээсээ болж хэцүүхэн байдалд ихээр ороод амьдарч байгаа. Ой модон дунд байгаа модыг ширхэглэж харах биш бүтнээр нь дээрээс нь харж дүгнэлт үнэлгээ хийдэг байгаасай. Миний хэлэхийг хүссэн зүйл бол улс төрийн ямар ч эрх мэдэлтнээс илүү энэ компаниуд Монголын маань зах зээлд орчихвол манай жирийн нарантуул, хар захаас өгсүүлээд жижиг дунд бизнес эрхлэгчдийн маань амьдрал доройтох болно. Мэдээж хэрэглэгчийн хувьд чанартай бараа хямд үнэ хамгийн чухал ч гэсэн буцаад ирэх үр дүнг бид Монголчууд хамтдаа үүрэлцэх болно.
(Mэдээллийн эх сурвалжийг солонгосын эдийн засгийн өдөр тутмын сонингоос) http://mbnmoney.mbn.co.kr/news/view?news_no=MM1002959189