Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Монголбанкинд хийсэн шалгалтын дүн бүрэн эхээрээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд шалгалт хийсэн. Шалгалтаар гурван их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Монголбанкыг шалгах ажлын хэсэг 2017 оны 3, 4 дүгээр сард Монголбанкинд байрлаж, 10 чиглэлийг баримтлан шалгасан байна.  

Ингээд шалгалтын дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-2012-2014 оны хооронд инфляцийн түвшинг зорилтот түвшнээс нь хэтрүүлсэн, нэг оронтой тоонд байлгах, 2013, 2014 онд найман хувиас хэтрүүлэхгүй байлгах зорилтыг 2012 онд 14 хувь, 2013 онд 12.5 хувь, 2014 онд 11 хувь болгож хэтрүүлсэн. 2015, 2016 онд долоон хувьд байлгах атал 2015 онд 11.9 хувь, 2016 онд 1.1 хувьтай гэсэн дүн гарсан.

-2012-2014 онд инфляцийн зорилтот түвшнээс хэтрүүлсэн байсан мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу, мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой Монголбанкны уламжлалт бус бодлогын хүрээнд банкуудаар дамжуулж аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрийн зээлүүдээс гадна Чингис бондын зарцуулалт, Хөгжлийн банкны төсвөөс гадна хөрөнгө оруулалтууд нөлөөлжээ.

Энэ хугацаанд Монгол банкны мөнгөний бодлого Засгийн газрын төсвийн бодлогын харилцах, харилцан уялдаа хамтын ажиллагаа дутагдалтай байсан. Инфляци өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаадын цэвэр актив буурч, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан нь мөнгөний бодлого хангагдахгүй хэвээр байсан.

2015-2016 онд инфляцийн зорилтот түвшингээс доогуур гарсан нь өмнөх жилүүдийн мөнгөний тэлэх алдаатай бодлогын улмаас хөрөнгө оруулалт, бизнесийн салбар зогсонги байдалд орж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улсын төсвийн хэт их ачаалал төлбөрийн тэнцлийн дарамтаас улбаалсан эдийн засагт нөлөөлсөн.

Мөнгөний нийлүүлэлт

-2012 онд 7.6 их наяд төгрөг

-2013 онд 9.5 их наяд

-2014 онд 10.6 их наяд

-2015 онд 10 их наяд

-2016 онд 12 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн байна.

Банкны салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл

2016 оны арванхоёрдугаар сарын 31-нээр хугацаа хэтэрсэн зээл 866.6 тэрбум, 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 1 их наяд 45 тэрбум төгрөгт хүрчээ. Чанаргүй зээл нийт банкны системд 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 879.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 864.3 тэрбум төгрөг болж буурсан байна.

Чанаргүй зээлийн өсөлт 2014 оны эцсээс 59 хувиар өссөн бол хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.5 дахин өссөн. Ялангуяа гадаад валютын ханшийн эрсдэлтэй зээлдэгч, гадаад зээлдэгчдийн эргэн төлөлт харьцангуй муу байна. Тухайлбал, 2015 оны эцэст төгрөгийн чанаргүй зээлийн хувь 4.2 хувь, валютын чанаргүй зээл 9.6 хувь байсан. 2015 онд нийт зээлийн үлдэгдэл 13.9 хувийг бөөний болон жижиглэн худалдаа, 13.4 хувийг барилга, 13.4 хувийг үл хөдлөх хөрөнгө, 11.3 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 27.9 хувийг иргэдэд олгосон хэрэглээний зээл, 11.6 хувийг эдийн засгийн бусад салбаруудад тус тус олгожээ.

2015 оны эцсийн байдлаар уул уурхайн салбарт олгосон нийт зээлийн 14.5 хувь нь чанаргүй, 29.4 хувь нь хугацаа хэтэрсэн ангилалд багтаж байсан бол 2016 оны сүүл 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт зогсох хандлагатай болсон. Орон сууцны борлуулалт удааширч, барилгын компаниудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь барилгын салбарын зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж байна. Барилгын салбарт олгосон нийт зээлийн 9.5 хувь нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн ангилалд багтсан. 2016 оны эцсийн байдлаар банкны системд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 2012 оны эцэстэй харьцуулахад 2.2 хувиас 7.3 хувь хүртэл буюу 5.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гадаад валютын зах зээлд Монголбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн улмаас Гадаад валютын орох урсгал 2013 оноос эхлэн тасралтгүй буурснаас үүдэж, гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум доллар байсан бол 2016 онд 1.3 тэрбум ам.доллар болж буурсан. Үүний зэрэгцээ төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1392 төгрөг байсныг 2489 болгож нэмэгдүүлсэн нөхцөл байдлыг үүсгэсэн.

АСЕМ велла хөтөлбөрт 125 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкнаас 4.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Үүний 3.7 их наяд төгрөг нь орон сууцны зээлийн хөтөлбөр байна. Үлдсэн 1 их наяд 167.9 тэрбум төгрөг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээл болоод байна.

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт 29.7 тэрбум төгрөгийн зээл 7 компанид олгосон. Засгийн газрын “Сайн хөтөлбөр”-ийн санхүүжилтэд, тодруулбал, “Сайн малчин” хөтөлбөрт 120 тэрбум төгрөг жилийн гурван хувийн хүүтэй, “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд 8 тэрбум 1 хувийн хүүтэй, “Сайн хувьцаа” хөтөлбөрт 374 тэрбум төгрөг нэг хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаасыг худалдан авсан байна.

АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилтэд Монголбанкнаас барьцаат зээл болон урт хугацаат санхүүжилтийн арга хэрэгсэл ашиглан санхүүжүүлсэн. Зочид буудлуудад зориулж, 108.4 тэрбум төгрөгийн зээл, ASEM Vella цогцолборт 125 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.

Эргэн төлөлт нь 2018 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж, 2020 оны арванхоёрдугаар сард дуусна.

“Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 45 аж ахуйн нэгж 369.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Үндэсний аудитын газраас 2015 онд Аудитын нийслэлийн шалгалт хийсэн.

Шалгалтын танилцуулгын дүнг энд дарж үзнэ үү

Б.Анир

 

Нийслэлийн гэр хороолол гадаад байгууллагуудын бизнесийн том “БОЛОМЖ ” болж хувирлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.