Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн гэр хороолол гадаад байгууллагуудын бизнесийн том “БОЛОМЖ ” болж хувирлаа

Улаанбаатар хот Монгол улс шиг хүн амынх нь тал хувь нийслэлдээ шавааралдсан улс ховорхон байх. Одоо төр, засгийн хувьд улс орны гэхээсээ илүү нэг хотын асуудалд ажлынх нь, асуудлынх нь, төсвийн ихэнх зарцуулагддаг болсон. Улс орны угаасаа жижиг эдийн засагт нийслэл хүнд дарамт болж байна. Урд хөршийн нийслэл Бээжин 25 орчим сая хүн амтай гэдэг ч нийт хүн амтай нь харьцуулбал 2%, хойд хөрш Москва 15 сая хүнтэй ч нийт хүн амынх нь бол 7%, хуучин соц орнуудаас ирж суурьшсан, ажил эрхлэж байгааг оролцуулбал нийт 10%. Харин Монголд бол 50%. Энэ хачин хаана ч байхгүй гажиг л Монголын эдийн засгийг залгиж байна гэж хэлэхэд цаг нь оройтсон. Монгол улс ийнхүү нийслэлдээ хамраасаа дөрлүүлсэн энэ гажигийн гол шалтгаан бол ардчилал. Ардчилалыг хэрэгжүүлж байна гээд үндсэн хуульдаа Монгол улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гээд хуульчлаад өгчихсөн. Зүй нь хот байгуулалт, нийслэлд оршин суух ба нийт хүн амын тооны харьцаа зэрэг нь ардчилалд ч, социализмд ч, хүний эрх гэх мэтэд ч хамаагүй, өөрийн хязгаарлалт, зохицуулалттай тусдаа хууль, зүй тогтол, үл хамаарах бодлого байх естой. Нийслэлийн асуудал яагаад улс орны эдийн засагт дөнгө болж байгааг төрөөс хичнээн тэрбумаар нь жил бүр төсвийн хөрөнгөөр хичнээн олон сургууль, цэцэрлэг, хороо, цагдаагийн хэсгийн байр байшин барилга барихад үрж, тэдгээрт ажиллаж буй хүмүүсийн цалин, тэтгэмж, хангамжинд мөн хичнээн тэрбумаар нь зарж буйгаар жишээлэн дурдахад ойлгомжтой буй за. Гэтэл хөдөөд 325 сумын бүх сургууль, цэцэрлэгүүд дүүргэлт, ачаалал байхгүй, нийслэлд анги бүр 9-10 бүлэгтэй, нэг бүлэгт 50-60 сурагчтай, 2 бүр, 3 ээлжээр хичээллэж байхад сумын сургуульд нэг анги 2-3 бүлэгтэй, нэг бүлэг 30 орчим хүүхэдтэй, зөвхөн өглөөний ээлжээр хичээллэж байна. Өөрөөр хэлбэл нийслэл рүү ардчилалын “ачаар” эмх замбараагүй нүүдэллэж, төр нь бодлогогүй, замбараагүй байсны “ачаар” хөдөө нь эзгүйдэж, хаягдаж, нийслэл нь улс орны эдийн засагт хүнд дарамт болж хувирчихаад байна гэсэн үг. 1989 онд Монголын хүн ам 2 сая байхад Нийслэлд 300.000 орчим хүн амьдарч байсан нь нийт хүн амын 15% байв. Энэ харьцаагаа бариад явсан бол өнөөдөр нийслэл хот маань 450.000, ихдээ л 500.000 оршин суугчтай байх естой. Гэхдээ л Бээжин, Москвагийнхаас 0.5-7 дахин их харьцаа. Гэтэл Улаанбаатар 1 сая 500 мянга буюу байх ёстой хэмжээнээсээ даруй 3 дахин хэтэрчихсэн шавааралдсан хүн амтай хот болчихоод байж байна. Үүнийгээ дагаад агаарын хүнд бохирдол, гэмт хэрэг, ядуурал, ажилгүйдэл, замын түгжрээ, бухимдал гэх мэтээр хамаг л болохгүй бүтэхгүйн үүр уурхай нийслэл болчихоод байна. Энэ байдлаас Монгол улс салахгүй бол хөгжихгүй. Салах арга нь Улаанбаатарчууд маань орлоготой, орлогогүй, ажилтай ажилгүй, олсон хэдээ лизинг, өр, шир, автобусны мөнгөнд өгч, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж, балиар агаараар үр хүүхдээ өөрсдийгөө хордуулж, бөөн бөглөрөл, тагларал, бухимдал дотор амьдарсан болж хайран цаг, хугацаа, амьдралаа үрж байснаас хөдөө рүүгээ буцаж суурьших. Монголынхоо цэвэр агаараар амьсгалж, бухимдал, тагларалгүй, алхам тутамд зардал, мөнгө гэхгүй, үр хүүхдээ хорт утаагүй, чихэлдээнгүй анги танхим, хотынхоос илүү чадалтай мэргэжилтэй багш нарын гарт өгч амьдралдаа зөв шийдвэр гаргах цаг болсон. Хүний эрх, үндсэн хуулийн тэр заалтаас илүү эрүүл саруул амьдрал чухал. Одоо цаг өөр болсон. Хот гэхээр хөгжил, цэцэглэл, гэрэл гэгээ, мэдээллийн төв гэж ойлгодог байсан тэр үе өнгөрсөн зуунтай ард хоцорч, эсрэгээрээ эргэсэн. Тийм болохоор төр засаг нь ухаалаг харагдах, дарга даамлууд нь дараагийн сонгуулиа дотроо нуун хий хоосон гое зүйл ярьж, харьцаагаа хэт алдсан хотжилтын асуудлыг шийдэх нэртэй гадаад дотоодын элдэв хурал зөвлөгөөн хийж, төсөл ярьж, орон тоо, цалин шинээр гаргаж ирж татвар төлөгчдийн мөнгөөр тоглох хэрэггүй. Зүгээр л 1 сая 500 мянган хүнээ 500 мянга болгож бууруул. Үүнээс өөр хамгийн зөв шийдэл байхгүй. Сүүлдээ бүр явсаар Монголын нийслэлийн гэр хорооллын асуудал гадаадынхны, гадаадын элдэв байгууллагуудын бизнесийн том боломж болж хувирлаа. Тэдний хувьд нийслэл ингээд утаандаа хахаж цацаад, шавааралдаад байж байвал болж байна. Харин төр, засаг нийслэлийн хэт бөөгнөрөлийг багасгах естой. Үүний төлөө иргэдээ уриал, тайлбарла, ойлгуул. Нөгөө олон төрийн бус байгууллагуудын жинхэнэ хийх ёстой чухал ажил энэ. Үүн дээр хөдөл. Хамтар. Нүүгээд ирж чадсан юм буцаад хөдөө рүүгээ нүүж ч бас чадаж л таараа. Төр засаг 25 жилийн энэ алдаагаа өөрөөр засах боломж байхгүйг, үндсэн хуулийн тэр заалт алдаа байсныг ард түмэн одоо эрхбиш ухамсарлаж байгаа. Одоо Монголчуудын сайхан, эрүүл амьдрах газар хот биш хөдөө болсон шүү!!! Төр ч “Гэр хорооллын дахин төлөвлөлт, гэрийн давхрага, төслийн зуух, шахмал түлш” гэх мэт аргаа барсан, амьдралгүй, утгагүй зүйлсийг сэдэх шаардлагагүй. Тугалагыг алт болгох гэж буйтай утга нэг. Монголчууд нийслэлээсээ өөр газар нутаггүй юм шиг ингэж шавааралдах нь үндэстний гутамшиг, эмгэнэл болсон ч улс орны төсвийг үрэн таран хийсээр, ард иргэд нь агаар биш хороор амьсгалсаар.
Т.Батжаргал
Жигшүүрт хэрэгт цензур тавьж нуун дарагдуулах хэрэгтэй
Жигшүүрт хэрэгт цензур тавьж нуун дарагдуулах хэрэгтэй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.