Хотын нэгэн шөнийн амьдралыг сурвалжлахаар өнгөрсөн Баасан гаригийн шөнийг сонголоо. Баасан гариг бол шоу цэнгээний өдөр, үдэш болдог . Энэ үдэш л оюутан залуус биеийн чилээгээ гаргахаар баар цэнгээний газар болон караокег зорьдог нь үнэн билээ. Баар,уушын газар ч баасан гаригийн орой ашгаа цөм хийдэг гэж ярьдаг нь бас ч үнэний ортой юмаа. Бааранд орох гэсэн залуус нэгнийх нь хаалгаар ороод л “Ширээ байхгүй байна. битүү хүнтэй байна” гээд гараад явцгаана.
Манай сурвалжлах баг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс сурвалжлагаа эхлүүлсэн юм. Биднийг 20.00 цагт очиход шөнийн ээлжинд гардаг цагдаагийн алба хаагчид ээлжээ хүлээн авч, машин тэргээ солилцон бужигнаж байв. Жижүүрийн өрөөнд дуудлагын утас тасралтгүй хангинаж, дуудлага хүлээн авагч дуудлагаа цаг алдалгүй тэмдэглэж аваад дүүргийнхээ харьяалагдах эргүүл, шөнийн ээлж рүүгээ байнга мэдэгдэнэ. 20.00 цагийн үед 45 дуудлага хүлээж авсан бол 21.40 цагийн үед 102 дуудлага хүлээн авч ачаалал нэмэгдсэн нь илт байв. Гэхдээ онц ноцтой дуудлага ирсэнгүй.
Ихэнх нь “Пабад, зочид буудалд зодоон болоод байна”, “Гудамжинд явж байгаад гар утсаа дээрэмдүүллээ”, “Такси барьж явж байгаад намайг зодоод зугтаачихлаа”, “Бааранд бүлэглэж зодлоо” гэсэн дуудлага тасрахгүй ирж байв.
Дуудлага хүлээн авагчийн хэлж буйгаар “Гэр хороололд ихэвчлэн согтуугаар гэмт хэрэг үйлдэгдсэн хэрэг бүртгэгддэг. Гэртээ агсам согтуу тавьж танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуу үедээ бөөгнөрч байгаад хэрэг төвөгт орох зэрэг дуудлага тасардаггүй. Дээр нь хулгай дээрмийн дуудлага байнга ирдэг” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам ихтэй дүүрэг бөгөөд янз бүрийн хэрэг их гардаг ачаалал ихтэй дүүрэг юм. Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь 6,7,8,9,10,11,24,25,26 дугаар хороог хариуцдаг бөгөөд 25239 өрхийн 153563 хүн амтай аж. Эдгээр хороодод 9 хэсгийн байцаагчтай бөгөөд нэг хороонд нэг байцаагч яагаад ч хүрэлцдэггүй талаар цагдаа нар зовлонгоо тоочив.
Энэ хэлтэст нэг хоногт ачаалалтай үед 80-90дуудлага ирдэг. Зарим шөнө 150-д хүрч машин хүрэлцдэггүй гэнэ. Шөнө нийт 5 машин ээлжинд гардаг ч биднийг ажилласан шөнө гурван машин ажиллав. Нэг нь эвдэрсэн, нөгөө нь ээлжийн амралттай байгаа гэсэн шалтгаанаар гараагүй юм. Нэг машинд офицер,цагдаа хоёр үүрэг гүйцэтгэдэг юм байна.
Баасан гаригийн орой “золгүй байдлаар нас барсан” гэх дуудлага орж ирлээ. Шүүх шинжилгээнийхэн задлан шинжилгээ хийж, урьдчилсан байдлаар архины гүн хорлогонд орсон гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
22.00 цагийн байдлаар 14 хүн эрүүлжүүлэгдэв
Сурвалжлах баг Цагдаагийн 2 дугаар хэлтсээс гараад цагдаагийн 1 дүгээр хэлтэс орлоо. Шөнийн 22.00 цагийн байдлаар 98 дуудлагатай байв. Жижүүрийн өрөөнд 21 дүгээр хороолол орчимд хөл хөдөлгөөн ихтэй байна гэдгийг хяналтын камераар хараад сууж байлаа. Тус хэлтэст дүүргийн нийт 13 хороо харьяалагддаг бөгөөд 128 мянган хүн амтай бас л ачаалал ихтэй байдаг гэнэ.
Одоогоор энэ хэлтэст 34 хяналтын цэг ажиллаж байна. Ер нь ихэнх хэрэг ахуйн хүрээнд үйлдэгддэг бөгөөд архидан согтуурсны улмаас танхайрах, зодуулах, бусдыг элдвээр доромжлох хэрэг гардаг.
Өнгөрсөн онд стандартад нийцсэн Эрүүлжүүлэх байрыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэргэд ашиглалтад оруулсан билээ. Манайд ганц стандартад нийцсэн Эрүүлжүүлэх гэдгээрээ ихээхэн онцлогтой. Нэг ээлжиндээ 40-50хүнийг хүлээж авах хүчин чадалтай. Биднийг очиход 16 хүн эрүүлжүүлэгдсэн байсан бөгөөд хоёрыг нь ар гэрийнхэн аваад явчихсан. Харин 14-ийг нь хоригдсон байсан бөгөөд бүгд нам гүм унтсан байдалтай байв. Гэртээ агсам согтуу тавьсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гурван хүнийг эрүүлжүүлэхэд хийсэн байсан.
Эрүүлжүүлэх байрын эмч О.Баярмагнайн хэлж буйгаар “Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ. Шөнө 03 цаг гэхэд согтуу хүмүүс олноор ирдэг. Ер нь бол ачаалал ихтэй хонодог. Хоногтоо 40-50д хүрдэг. Бусад дүүргүүдтэй харьцуулбал, архидан согтуурах тохиолдол манай дүүрэгт их байдаг. Бүр давтангаар байнга орж ирдэг хүн ч бий” гэлээ.
Ер нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг байнга гардаг бөгөөд энэ он гараад нэг хүн хүчирхийллийн улмаас амиа алджээ. Гэхдээ шинэ хууль гарч ирсэн, мөн хүчирхийлэл үйлдвэл ямар ял зэм хүртэж, хариуцлага тооцуулах талаар дүүргийн хэмжээнд сайн ажил хийж, ярьсны улмаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулбал 11 хувиар буурсан гэдгийг албаны эх сурвалж онцлов.
Баянцээлээс 13 дугаар хороо уруудах замд амьдрал буцалж, өрнөж байлаа
Бид Сонгинохайрхан дүүргээс 00.30 цаг өнгөрөөж гараад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ирлээ. Шөнийн 01 цаг болж байхад ирэв. Яг л гэгээн цагаан өдөр шиг түм түжигнэж, бум бужигнаж байлаа. Ёстой л амьдрал буцалж, тэр хавиар амьдрагсад холхилдож, согтуус хөлчүүрхэж байв. Баянцээл, Сансарын туннел орчмоор өдөртөө 8-10 мянган иргэд дамжин өнгөрдөг хөл хөдөлгөөн ихтэй нутаг дэвсгэр юм.
Үнэндээ Сансарын туннелийн эсрэг талын уулзвар,Баянцээлээс уруудаад 13 дугаар хорооллын уулзвар ортол зам дагуу зогссон таксинд явах гэсэн машинууд ар араасаа зогсчихсон, хүн ч гэж олон харагдав. Энэ дагуу дөрвөн том баар, олон караоке байдаг болохоор үйлчлүүлэгчид нь их гэж жигтэйхэн. Тодруулбал, “ОАКЛАНД”, “Banana”, “Моника” гэх мэт. Яг л зах, худалдааны төв шиг санагдаж байсныг нуух юун. Идэр насныхан холхилдож ихэнх нь согтуурхаж хөлчүүрхсэн оюутан залуус. Нас бага болов уу гэмээр охидууд баарны гадаа янжуур зуучихсан, тас тас инээлдэнэ, архиндаа халамцсан эрчүүд хажуугаар нь зөрсөн хэн нэгнийг “П минь” хэмээн харааж цамнаж, үг өдөж, үйл зөргөлдөнө.
Энэ бүхнийг машин дотроос хэсэг хугацаанд харж суулаа. Яг энэ хэсэгт амьдрал үргэлжлэж өрнөх нь ойлгомжтой юм билээ. Хаяа хаяагаа дэрлэсэн үйлчилгээний цэгүүд олонтой. Байхгүй юм гэж алга, бүх юм байна. Жишээлбэл, хоолны газар, Эмийн сан, Баар, караоке, Ломбард, ТҮЦ, Зочид буудал гээд бүх зүйл нь нэг дор төвлөрч цэцэглэчихсэн газар юм билээ. Шоудах гэж байгаа хүмүүс мэдээж эхлээд хоолны газар орж хооллоно. Дараа нь бааранд орж ханаталаа бүжиглэнэ цэнгэнэ, наргина. Мэдээж мөнгө дууслаа бол гараад гар утас, эд зүйлсээ ломбарданд тавих ломбард нь байна. Дараа нь Эмийн сан орж хэрэгтэй зүйлээ аваад Зочид буудал руу ордог нь ойлгомжтой байх даа гэж бодогдов.
Шөнийн амьдрал Баянцээл орчимд л өрнөж байна. Ажилгүй залуус архидан согтуурч, энэ хавьд амьдарч байна уу даа гэлтэй. Зун цагт хөл хөдөлгөөн бүр ихтэй байдаг.
Баар, цэнгээний газруудын үйлчилгээний зэрэглэл нь арай өөр, өөр юмаа. Захын гэр хороолол дунд байрлах баар цэнгээний газраар үйлчлүүлж байгаа хүмүүс ширээн дээрээ ганц, ганц шил пиво тавьсан харагдах бол Баянцээл орчмын баар цэнгээний газраар арай өөр харагдаж байна билээ шүү. Ширээн дээрээ архи, пиво амттанг эгнүүлээд тавьчихсан. Зарим бааранд бараг пиво ууж байгаа хүн харагдсангүй дан архи виски. Хотын төв доторх бааранд бол зэрэглэл нь бүр илүү, юм нь үнэтэй, өнгө үзэмж сайтай. Үнэтэй виски, архи, тусгай үзүүлбэр үзүүлэх гээд өөр байдаг аж.
Баянцээл орчимд эргүүл хийж байгаа цагдаагийн алба хаагчид 00.00 цаг болоход автобусны буудал дээр үйлчилгээ явуулдаг ТҮЦ-дийг хаалгаж чадав. Харин баар, цэнгээний газрууд өглөөний 04 цаг хүртэл ажилладаг болохоор элдэв гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх талаас нь хяналт тавьж ажиллана. Шинэ содон шинж тэмдэг илэрч ноцтой асуудал гарахгүй бол гайгүй байдаг гэнэ шүү. Учир нь дээрх баар, цэнгээний газрууд тусгай зөвшөөрөлтөй бөгөөд элдэв асуудал гаргах нь бага байдаг бололтой.
Хууль сахиулахын их сургуулийн оюутнууд эргүүлж хийж байв
Шөнийн эргүүлд 8 чиглэлд 24 алба хаагч ажиллаж байлаа. Түүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн 224 сонсогч өдөр, шөнийн ээлжинд эргүүлд гарч байгаа аж. Нэг дүүрэгт 14-17сонсогч эргүүл хийж байгаа аж. Тэдний дунд энгийн хувцастай эргүүл хийж байгаа бол дүрэмт хувцсаа өмссөн сонсогч харагдав. Баянзүрх дүүргийн 1,2,3 дугаар хэлтэст цагдаагийн албатай хамтран “Оюутны 1000 эргүүл”хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд БХИС, ХСИС, ИЗОУИС-аас хамтран зохион байгуулж байгаа гэнэ. Гол зорилго нь 3000 оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ийнхүү ажиллуулж байгаа нь энэ аж. Эргүүл хийж байхдаа оюутнууд хулгай, дээрмийн гэмт хэрэг илрүүлэн ажиллаж байгаа гэнэ.
“J” баар насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилсэн гэж торгуулав
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу захын хороолол дунд үйлчилгээ явуулдаг “Хишиг-Од” бааранд хэсэг хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлагын дагуу эргүүлийн алба хаагчтай бид очлоо.
Нэг давхарт нь караоке, хоёр давхарт нь баартай жижиг хоёр давхар байшин руу яваад оронгуут урдаас согтуу хүмүүсийн шуугилдаан, архи, пивоны эхүүн үнэр, элдэв үнэртэй халуун орчин угтлаа. Харанхуй орчинд, нүргэлсэн их хөгжмийн чимээнд удаан байхын эцэсгүй. Бүжгийн талбайд баахан хүмүүс бүжиглэж байгаа нь бүдэг бадаг харагдана. Баарны хамгаалагч болон зохион байгуулагчийг нь дуудаж гаргаж ирээд зодоон болоод байгаа талаар асууж тодруулахад “Ямарч зодоон болоогүй” гэв. Дуудлага өгсөн утас руу залгатал согтуу залуу үүдэн дээр “Би дуудлага өгсөн юмаа. Намайг зодоогүй. Харин миний мөнгөний хариултыг дутуу өгсөн учир цагдаад дуудлага өгсөн” гэж хэнэггүй зогсч байв. Энэ мэтчилэн худлаа дуудлага өгч цагдаагийн алба хаагчдад хүндрэл учруулж байх хооронд дараагийн дуудлага ар араасаа тасралтгүй ирнэ.
“J” бааранд насанд хүрээгүй хүүхдүүдийг архидуулж байна” гэсэн дуудлагаар дараагийн дуудлага руугаа явлаа. Дуудлага өгсөн хүний утас руу залгатал холбогдох боломжгүй гэв. Тус баарыг ажиллуулдаг эгчээс тайлбар авахад “Түрүүн хоёр жаахан охин нэг том хүн дагасан орж ирсэн. Би хөөгөөд гаргасан. Бүр гарахгүй үүдэнд бүжиглээд зогсоод байхаар нь харуулаа дуудаж байгаад хөөгөөд гаргасан. Одоо насанд хүрээгүй хүүхэд байхгүй байх. Та нар өөрсдөө ороод шалгаад үздээ” гэлээ.
Эргүүлийн хоёр цагдаа шалгагч машинаа авч ороод захын хоёр охиныг регистрийн дугаараар нь шалгаад үзэхэд насанд хүрээгүй охид байв. Охидуудыг Уянга, Отгончимэг гэдэг бөгөөд энэ жил 18 насанд хүрэхээр байв. Тэднийг эрүүлжүүлэх байранд аваачиж хийхийг эргүүлийн хоёр цагдаад даалгасан ч охидууд “Уучлаарай, цагдаа ах нараа бид хоёр одоо гэртээ харилаа. Бид хоёр бааранд ордоггүй, анх удаа орж ирээд цагдаад баригдчихлаа. Бид хоёрыг битгий эрүүлжүүлэхэд хий л дээ гуйж байна” гэж уйлж гуйсаар байгаад захиргааны арга хэмжээ буюу 20 мянган төгрөгөөр торгуулаад явав.
Харин “J” баарыг ажиллуулдаг эгч “нэрээ хэлэхийг хүсээгүй” “Энэ мэт гайнуудаас болж торгуулах юм байна л даа. Одоо угаасаа 250 мянгаар торгуулах нь тодорхой боллоо. Эднийг хүүхдүүд гэж харахгүй юм байна. Нүүр амаа будаж гангалсан хүүхнүүд л байна шүү дээ. Манай харуулууд ч ажлаа муу хийх юм. Хяналт шалгалт байнга тавихгүй юм” гэж гомдолсоор торгуулсан юм даа.
Уг нь хуулираа бол 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, зарж борлуулахгүй байх ёстой. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэх нь энүүхэнд аж. Хамгийн гол нь үйлчлүүлэхээр орж ирж байгаа хүүхдүүдийг хаалгаар оруулахаас өмнө бичиг баримтыг нь шалгаж оруулах үүрэгтэй харуул хамгаалагч нар нь ажлаа хийхгүй байна гэж буруугаа тохож байгаа харагдав.
Худлаа дуудлага өгөгсөд олон байв
Шуурхай удирдлагын 102 утас ачаалал ихтэй хоносон талаар дээр дурьдсан. Дуудлага ер тасрахгүй байв. Гэхдээ энэ шөнө онц ноцтой дуудлага бараг ирээгүй юм. Иргэд заримдаа их хачин сонин дуудлага өгдөг юм билээ. Тухайлбал, “Хашаанд нохой хуцаад амраахгүй байна”, “Цахилгааны утас тасраад тоггүй болчихлоо, үзээд өгөөч”, “Хашаанд машинтай хэсэг хүмүүс орж ирчихээд гарахгүй байна. Би гэртээ ганцаараа байгаа тул айгаад байна”, “Тэнгисийн хажууд би нэг хүүхэн авсан юмаа. Гэтэл нэг залуутай нийлж зодчихоод Приус машинд суугаад зугтаачихлаа”, “Бааранд түрүүвчээ алдлаа”, “10 гаруй залууст зодуулаад дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага ч өгч байв. Цагдаагийн 102 дуудлагад ирсэн дуудлага бүрийг шалгах үүрэгтэй байдаг аж.
Жишээлбэл, нэг залуу согтуугаар утсаа дээрэмдүүлчихээд эргүүл хийж яваа цагдаа нарыг олж өгсөнгүй хэмээн цамнаж харааж, загнана. “Цагдаагийн хэлтэс дээр очоод өргөдлөө гаргаж өгөөд наад асуудлаа шалгуул” гэхээр “Миний гурван хүүхдийн багийнх нь бүх зураг бий. Та нар зүгээр утас л олоод өгчих, өөр гомдол байхгүй ээ” хэмээн ээрч муурч, энд тэнд гишгэн тогтож чадахгүй болтлоо согтсон байгаа нь илт.
15 настай хүүхдүүд дээрэм хийж байгаад баригдав
“Английн Элчингийн хажууд гар цүнхээ шүүрүүлчихлээ” гэсэн дуудлага хүлээж аваад хэргийн газар руу хөдөллөө. Харин удалгүй “Дээрэм хийсэн хүүхдүүдийн нэгийг нь явган эргүүл гүйцэтгэж явсан алба хаагчид хөөж гүйсээр байгаад барьчихлаа” гэсэн мэдээлэл ирэв. Хэргийн газарт яваад очтол цагдаагийн алаг машинд жаахан хүүхдийг гавлаад суулгачихсан. Цүнхээ дээрэмдүүлсэн ах эгч хоёроос тайлбар аваад зогсч байв. Харин цүнхийг нь дээрэмдээд зугтаасан нэгийг нь барьж авч чадалгүй алдсан тухайгаа эргүүлийн ээлжийн ахлахад илтгэв. Дээрэм хийсэн хүүг машинаас гаргаж ирээд байцаав.
Түүнийг М.Төрбаяр гэдэг бөгөөд найз Т.Тэмүүжинтэйгээ хамт хуйвалдаж хүний цүнх булаахаар тохиролцжээ. Дээрэм хийх болсон шалтгаанаа “Хоолонд орох гэсэн мөнгө байхгүй. Мөн PC тоглоомын газар тоглоод өрөнд орчихсон юм. Тэгээд мөнгөө төлж үргэлжлүүлэн тоглох хүсэлтэй ийм арга сэдсэн” гэдгээ тайлбарлав.
Ингээд М.Төрбаяраас дараах зүйлийг тодруулав.
-Хүний цүнх дээрэмдье гэж та хоёрын хэн нь санаачилсан юм бэ?
-Тэмүүжин санаачилсан юм. Би уг нь хэрэггүй ээ, гэртээ харъя гэж хэлсэн ш дээ. Гэтэл яадаг юм хоёулаа мөнгөтөй болно шдээ гэж намайг дагуулаад гарч ирсэн.
-Чи хэдэн настай юм бэ?
-15 настай.
-Аав ээжтэй чинь холбоо барих утас байгаа юу?
-Утас байхгүй ээ.
-Цүнх булаагаад зугаатсан найзыгаа хаана байгааг мэдэхүү?
-Мэднэ, сая бид хоёрын гарч ирсэн тоглоомын газартаа л буцаж очсон байх. Угаасаа тэнд л байдаг юм.
-Чи ингэж дээрэм хийдэг юм биш биз дээ?
Үгүй. Харин Тэмүүжин өмнө нь нэг найзынхаа утсыг худлаа хэлж аваад голруулсан. Дараа нь нэг эгчийн утсыг хулгай хийж зараад мөнгө болгож байсныг мэдэж байна.
-Чи одоо хүний цүнх дээрэмдсэн хэрэгт хамсаатан боллоо. Одоо эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү дээ?
-Би яг авч зугтаагүй шүү дээ. Ахаа миний бие маш муу байна би ухаан алдаж унах гээд байна.
Ийнхүү тэр хүүг Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч явлаа. Эмэгтэй цагдаагийн алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж явахтай таарав. Эр зориг тэсвэр тэвчээртэй хүн л ар гэрээ умартаж энэ ажлыг хийдэг байхдаа гэж бодогдов.
Хөдөө аж ахуйн хүнд гаруудыг хөөж явуулав
Эргүүлийн цагдаа нар “Хөдөө аж ахуйн хүнд гарууд хөөж явууллаа” хэмээн ам уралдан ярьцгаав. “Хүнд гарууд гэж хэн билээ” гэсэн асуултанд “Яагаав нөгөө биеэ үнэлэгчид үдшийн цагаар ид ажлаа хийнэ шүү дээ. Өдөржин амарч амарчихаад үдэш хаанаас гараад ирэв дээ гэмээр олноороо гарч ирэхийг яана. Дээр нь таксины буудал дээр үйлчлүүлэгчээ булаацалдаж үсдэлцэж зодолдох нь энүүхэнд” гэж сонирхуулан ярьлаа.
Энгийн хувцастай эргүүлийн хоёр цагдааг дагаад Хөдөө аж ахуйн яамны тэр хавиар жаахан эргэлдлээ. Өндөр гадсан өсгийт өмсчихсөн, богино банзалтай, нүүрээ гял цал будчихсан эмэгтэйчүүд, охидууд “Яриа байна уу, хаашаа явах уу” хэмээн нэг нэгнээсээ өрсөж уралдаж гүйлдэнэ. Ихэнх нь 15-18 насных болов уу гэмээр охидууд харагдав. Тэдний дунд ахимаг насны эмэгтэйчүүд цөөнгүй байв. Энгийн хувцастай эргүүлийн хоёр залууг авах байх гэж бодсон байх. Араас нь “Яриа байгаа шүү” гэж шивнэх төдийд хэлээд дагаж гүйгээд азаартав. Цагдаагийн үнэмлэхээ гаргаж ирээд цагдаагийн алба хаагч байна гэхэд ум хумгүй зугтаасан даа. Дахиж үүгээр үзэгдэв захиргааны хариуцлага хүлээлгэнэ шүү гэхэд “Үзэгдэхгүй ээ, одоо харилаа” гэсээр үзэгдэхээ больсон юм даа.
Улаанбаатарын нэг үдэш иймэрхүү маягаар өрнөж, өнгөрөв. Хотын гудамжинд шөнө болдоггүй гэгчээр шөнийн 04-05 цагийн үед ч баар цэнгээний газраас нэгийг чирч гулдчин, газраа олж онож чадахгүй дайвалзах залуус, “Такси авах уу” гэсэн жолооч нарын орилоон, машины сигнал үл тасарч, чимээ аниргүй болно гэж байхгүй юм билээ.
О.Сайхан
Zaluu.com