Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын дотоод сунгааг тойрсон “мөнгөн бороо”-ны асуудал босч ирлээ

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан Ардчилсан Намын дотоод сонгуулийг тойрсон гомдол санал намрын манан мэт суунаглаж эхэллээ.

Бүх гишүүдийнхээ саналаар тодруулсан гээд байгаа Х.Баттулга намынхаа гишүүдийн саналыг мөнгөөр худалдаж авсан гэх санал гомдол зөвхөн хамт нэр дэвшин өрсөлдсөн таван нөхрийнх нь хар сэр биш ажээ.  Тухайлбал,  Сэлэнгэ аймагт намын дотоод сонгуулийн үеэр ажилласан тус намын нарийн бичгийн дарга Дагдангийн Анхбаяр мөнгөний сонгууль болж байгааг ил цагаанаар анх жиргэсэн юм. Тэрбээр “Намын дотоод сунгаанд Сэлэнгэ аймагт ажиллалаа. МАН-тай өрсөлдөхөөс ч хэцүү юм боллоо. Мөнгөөр бороо орлоо. Намын жинхэнэ гишүүн гэж алга!” хэмээн анх нийтэд сонордуулсан. Мэдээж, энэ мөнгөн бороо ганц Сэлэнгэд орсон гэж төсөөлбөл гэнэн хэрэг болно. Дундговь аймагт Р.Амаржаргал тэргүүлж явснаа санал авах хугацаа дуусахаас хоёрхон цагийн өмнө гишүүдийн ирц гэнэт огцом нэмэгдэж, улмаар саналын тоогоор сүүл мушгиж явсан Х.Баттулга бусдыгаа тэргүүлсэн нь бас л нэг гайхшрал болоод байгааг тус намын нэгэн  мэдэгдсэн байна билээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл  Ерөнхийлөгчид нэр дэвшихээ түрүүлж мэдэгдсэн цөөн хүний нэг. Гэвч намыхаа бүртгэлд ирээгүй. Харин маргааш нь тэрбээр хэвлэлийн хурал зарлаж, хэлсэн ярьснаасаа яагаад буцах болов гэдгээ тайлбарлахдаа “Яг үнэндээ сонгуулийг луйвардаж санал худалдаж авах ажлын бэлтгэл хангагдчихсан байна. Өөрөөр хэлбэл хууль бусаар төрийн эрх мэдлийг авах ажил хангагдсан” гэж хэлэхдээ аль нэг намыг цохож хэлээгүй.  Мэдээж тэр энэ үгээ сөрөг хүчиндээ хаяглаж наахыг хичээж байсан биз. Гэхдээд тэр бусдын бус мэдэж байгаагаараа өөрийн намын жишээн дээрээ үндэслэж ингэж хэлсэн  байх. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгч шиг. Ил харагдах байдал нь ийм байсан ч үнэн хэрэгтээ өөрийн намын гал тогоонд  бэлтгэж байсан бантангийн амт давсгүй  болно гэдгээс ийм халхавч тайлбараар  тэр татгалзсан байхыг үгүйсгэхгүй.

АН-ын  нэр  нөлөөтэй хүчтэй өрсөлдөгчийн хувьд  тэр нам дотроо үүсээд байсан нөхцөл байдал, дотоод сунгааны дүр зургийг урьдчилан төсөөлж байсан учраас Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрээсээ татгалзахад хүрсэн байж мэднэ. Тэрбээр “Судалгаанд орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн байна” гэж хэлсэн. Хаанахын хэн хэдийд тийм судлагаа явуулаад ийм дүн гаргасан  юм бүү мэд. Тэгэхээр тэр намынхаа дотоод сунгааны үр дүнг мөнгөөр илэрхийлэгдэнэ гэдгийг гадарлаж байсан ч юм бил үү, хэн мэдлээ.

Ардчилсан намын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаанд тэргүүлж байна гэсэн мэдээлэлтэй байсан Р.Амаржаргал эцсийн  дүндээ Х.Баттулгын ард гишгэсэн нь санамсаргүй гэмээр үр дүн болов.  Ер нь олон нийтийн  дундах хүлээлт Р.Амаржаргал байсныг энэ намынхан мэдэхийн дээдээр мэдэж байсан байж таарна. Тийм болохоор  дараалсан олон  ялагдалд нь цэг тавьж  чадах ганц найдвэр гэж намынх нь гишүүд  итгэж харж байсан нь тодорхой. 

Харин тэр намаасаа гарч чадсангүй. Авсан хүн арван тамтай гэдэг шиг ялагдсан хүнд  хар сэр мэдээж байж таарна.  Тэрбээр, хэвлэл мэдээллээр олон үг дайж, үзэл бодлоо илэрхийлээгүй байна. Гэхдээ цахим ертөнцөд ялагдлын шалтгаанаа тов  тодохойгоор илэрхийлэв.

Тэрбээр “Ардчилсан нам дотоод сунгаагаа хийж дууслаа. Одоо нэгэнт үр дүн гарсан. Гэсэн ч Женко Х.Баттулга намын гишүүдэд асар их мөнгө тарааж, өөртөө санал өгүүлсэн гэх баримтууд ирж байна. Надад түүн шиг тараах их мөнгө байхгүй. Би зүгээр л төрдөө чин үнэнчээр зүтгье гэж бодсон юм” хэмээжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаанд  хамт өрсөлдсөн АН-ын бусад гишүүдийнх нь хувьд ч Женког мөнгө тараасан гэж хардаж байгаагаа ил далд сэм сэмхэн илэрхийлж, бүр хууль хяналтын байгууллагад ч хандана гэсэн яриа үүсгэж байгаа гэсэн мэдээлэл байна.

Энэ мэтээс харвал Ардчилсан намын дотоод сунгаа нэр дэвшигчдийн гэхээсээ илүүтэй бэл бэнчингийн шалгуур болж, мөнгөн бороо хаа сайгүй асгарсан юм биш үү.

М.Оргил

“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” барьж байгуулах Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авлаа
“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” барьж байгуулах Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.