Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Minis” төслийн хүрээнд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Уухан инженеринг”(Wuhuan Engineering) компани амжилттай гүйцэтгэн өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Уг төсөл нь хий дамжуулах хоолой, нийлэг байгалийн хийн үйлдвэрийн цогцолбор байхаар төлөвлөгдсөн бөгөөд жилд 725 сая м.куб нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын авто бензин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байхаар төлөвлөөд байна. Үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих бөгөөд нийт 2.5 тэрбум ам.долларын өртөгөөр босгоно.
Түүнчлэн дээрх төсөл нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тус тус тусгагдсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол тулгамдаад буй түүхий нүүрснээс үүдэх агаарын бохирдлыг 80-аас багагүй хувиар бууруулж хотын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.
2015 оны мэдээллээр Улаанбаатар хотын гэр хороололд нийт 204.2 мянган өрх байснаас утаат өрхийн тоо 144 мянгад хүрч, түүхий нүүрсний жилийн хэрэглээ 583,5 тонн байсан байна. Нийслэлийн хүн амын өсөлтийг гурван хувилбараар тооцож үзэхэд 2030 онд Улаанбаатар хот 1.3-1.7 сая хүнтэй болох аж. Хэрвээ хүн амын өсөлт дагасан нүүрсний хэрэглээг буулгаж чадахгүй бол утаанаас үүдэлтэй аюул улам бүр нэмэгдэх тул дээрх төслийн эдийн засгийн үр өгөөж төдийгүй нийгмийн ач холбогдол их гэдгийг салбарын яам онцолж байна.
Нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯ-нд хүлээлгэн өгөх ёслолд УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж тэргүүтэй яамны төлөөлөл, Химийн процессын газрын дэд дарга Шао Дүнфэнг тэргүүтэй “Уухан инженеринг” компанийн төлөөлөл болон Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын “Minis” төслийн зохицуулагч Б.Ариунчимэг, төслийн туслан гүйцэтгэгч “Гранд Повер” ХХК-ийн төлөөлөл оролцлоо.