Эрдэнэт үйлдвэр “Топ 100 татвар төлөгчийг тэргүүллээ” гэсэн мэдээг өглөө оройгүй сонин, телевиз, сайтуудаар нэг тараалаа.
Хоёрхон сарын өмнө л “хувийн хэвшлийнхэн орсноор үйлдвэр дампуурахад хүрсэн” гэдэг худал мэдээллээр тархи угааж байснаа ийнхүү илчлэв. Үнэхээр л Эрдэнэт үйлдвэр мөхлийн ирмэг дээр байсан юм бол, хувийн хэвшлийнхэн ороод хамаг техникийг эвдэлж, баялгийг сороод авчихсан юм бол, төрд зуун хувь авангуутаа, Х.Бадамсүрэнг захирлаар томилонгуут Монголын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлэх боломж бий гэж үү.
Жил бүр хамгийн өндөр татвар төлдөг “Оюутолгой”-г хүртэл даваад гарч иртэл шилдэг шинэ менежмент нэвтрүүлсэн билүү. Х.Бадамсүрэн захирлын тансаглал, орлогч захирлууд, зөвлөхүүдийн нэмэгдэл, цалин хангамжийн асуудлаа л арай гэж баталж амжих хугацаа. Гэтэл хууль шүүхийн өмнүүр орж төр зуун хувь авсан шийдвэрийн тайлбараа “Эрдэнэтийг хувийн хэвшлийнхэн аваад хамаг баялгийг нь цөлмөж байна” гэж хийсэн. Харамсалтай нь энэ инээдмийн жүжгийн тайлал нь ийм богонохон хугацааны дараа “Топ 100-г тэргүүлсэн” мэдээллээр ил боллоо. Элэг хөших нь дээ, эрх баригчид минь...
Ш.Даваа
sonin.