Нэгэн цагт их гүрнүүдийн дарангуйллаас гарлаа хэмээн баярлаж байсан улс орнууд эргээд шинэ колоничлолын золиос болохоо мэдэж байсан болов уу.
Хэрцгий дарангуйлал энэ дэлхийд тогтоод удлаа. Гэхдээ энэ колоничлолын зураглалыг их гүрнүүд биш, үндэстэн дамнасан корпорациуд зурж байна. Тэд өмнөх зуунаас эхлэн тугаа хатгасан. Одоо хэсэгчилж идэхээр шүлсээ савируулж байна.
Одоогоос 30-аад жилийн өмнө тэд дэлхийг эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Эхлээд чөлөөт зах зээл, нээлттэй эдийн засаг гэсэн чихэнд чимэгтэй үгсээр буурай орнуудын тархийг угаасан. Дараа нь мөнгө өгөх гэж буй сайн дүр эсгэн, их гүрнүүдийн дарлалаас дөнгөж ангижирсан улсууд руу цөмрөн орсон юм. Гаднаа тусархуу, боловсон царайлсан үндэстэн дамнасан корпорациуд үнэндээ их гүрнүүдээс ч хэрцгий бөгөөд харгис. Тугаа мандуулсан тусгаар улсын эрх ашгийг ч уландаа гишгэнэ.
Бүр дэлхийн хэмжээний байгууллагуудыг ч хүссэнээрээ хөдөлгөж дөнгөнө. Өдгөө тэд цэнхэр дэлхийг харцаараа хөдөлж байна. Энэ тодорхойлолт хэтрүүлэг биш гэдгийг Монголд амссан.
Хэтэвчийг нь хөндвөл хошуугаа унжуулж, гомдол эрсэн тэднийг дэлхийн том байгууллагууд өөгшүүлжээ. 200-гаад орныг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага үндэстэн дамнасан корпорациудыг өрөвдөж, өмөөрөх атлаа тусгаар Монгол Улс руу ширэв татаж байна. Үндэстэн дамнасан корпораци, байгууллагууд хүзүү, сээрээрээ хэлхэгдэж, хүч хавсран Монголыг хавчиж байна.
Одоо тэд цэнхэр дэлхийг харцаараа хөдөлгөж байна
Монголын төр хувийн хэвшлийнхээ дайсан болсон ханшийн савлагааг дарах гэж оролдсон нь тэдний бухимдлыг төрүүлжээ. Тиймээс л том компаниуд хэтэвч нэгт холбоотноороо дамжуулан Монголын дотоод хэрэг, бүрэн эрхт байдалд халдав. Монгол Улсын эрх ашиг, төр, түмний шийдвэрийг хүндэтгэж байгаа ч юм алга. Энэ өчүүхэн улс яаж ч чадахгүй гэсэн янзтай хайр, найргүй довтолсоор. Ингэхэд тэдний “Монгол руу цутгаж байна” хэмээн сайрхдаг мөнгийг нь эх орноороо дамжуулж, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалах гэсэн нь зөв санаа.
Бизнесийн зузаан туршлагатай тэд биднийг монгол хэмээн басаж, Африкт ашигласан аргаараа хулхидах гэж байгаад бүтэлгүйтсэн нь хэдхэн жилийн өмнөх явдал. 2009 онд гэхэд л манайд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үндэстэн дамнасан корпораци тухайн үеийн манай улсын УИХ-ын дарга болон гишүүдэд хандан албан бичгээр хүртэл дарамталж байсныг тэр бүр олон хүн мэдэхгүй. Шаардлага, шантаажны яг алийг нь гэж тодорхойлоход хэцүү уг албан бичигт “Монгол Улс салаа замын уулзвар дээр байна. Хөрөнгө оруулагчдыг дэмжих эсвэл алс улсаас хараат байхыг сонгох хэрэгтэй” хэмээн далайлгаж байв. Хариуд нь манай албаныхан “Тусгаар Монгол Улсын дотоод хэрэгт гаднын компани оролцох эрхгүй” гэсэн хариулт өгсөн байдаг.
Бас одоогоос хэдхэн сарын өмнө “Бид нэг завин дээр суусан хамтрагчид” хэмээн хундага тулган, баярлаж явсан. Гэтэл одоо цайг нь уучихаад аягийг нь хөмөрч байна. Тэгээд бүр Монголын эдийн засаг эвхэрсэн энэ үед хар амиа бодон, хамрагчаа ус руу түлхлээ. Өнөөдрийг хүртэл Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчиддаа хэтэрхий зөөлөн хандаж байсны нэгэн илрэл энэ.
Улс орны улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг нь хүчээр дарж, хараат болгох, дарлан мөлжихийг колончилол хэмээн үздэг. Тэгвэл үндэстэн дамнасан корпорациудын энэ үйлдэл маргаангүй соёлтой колончилол болж таарч байна. Үүнийг неоколоничлол буюу шинэ колоничлолын эрин ч гэж нэрлэдэг. Дэлхийг захирч буй шинэ колоничлолд Монгол шиг жижиг улсууд зүүгдэж, харцаар нь дарцаг шиг хийсч явдаг.
Тэгээд ч 10 тэрбум ам.долларын эдийн засагтай Монгол Улс бүү хэл цэнхэр гарагийг нэгтгэсэн олон улсын байгууллага хүртэл тэдний үг, нүдний харцаар нь хөдөлж байна. Тэгэхээр тэд ингэж дураараа аашлахаас аргагүй. Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц үндэстэн дамнасан корпорациуд асар их хүчтэй болохыг онцолсон. Тэдэнд их мөнгө бий, бас тэдний ард их гүрнүүд бий хэмээн өгүүлжээ.
Нээлттэй эдийн засаг хүчээ авсан 1980-аад оноос дэлхий дахинд баян, хоосны ялгаа гаарч, эдийн засгийн өсөлт саарч, санхүүгийн систем туйлын хэврэг, бас тогтворгүй болсон. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, санхүүгийн салбар нь улам эмзэгшиж байхад үндэстэн дамнасан корпорациуд асар хурдтай томорч, улам хүчирхэгжсээр. Үүнийг ганцхан тооноос харж болно. “PwC” байгууллагын судалгаагаар 2016 оны байдлаар дэлхийн топ 100 компанийн зах зээлийн нийт үнэлгээ долоон жилийн дотор бараг хоёр нугарч, 8.4 их наяд ам.доллараас 15.5 их наяд ам.долларт хүрсэн юм.
Энэ жагсаалтыг сүүлийн таван жил тэргүүлж буй “Apple” компани л гэхэд 2009 онд 94 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байсан бол одоо 604 тэрбум ам.доллар болтлоо томорсон. Тус компани энэ хэдхэн жилийн дотор бараг 6-7 дахин тэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Их 20” улсын тоонд багтаагүй л бол дэлхийн ямар ч улс ДНБ-ий хэмжээгээрээ “Apple”-ийг давахгүй нь. Бас бидний “сайн” нөхөр хэмээн саймширдаг “Rio Tinto” группийн зах зээлийн үнэлгээ 53 тэрбум ам.доллар буюу манай нийт эдийн засгаас даруй тав дахин их.
- Бүр дэлхийн хэмжээний байгууллагуудыг ч хүссэнээрээ хөдөлгөж дөнгөнө.
- Тусгаар Монголын төр хувийн хэвшлийнх нь дайсан болсон ханшийн савлагааг дарах гэж оролдсон нь тэдний бухимдлыг төрүүлжээ.
- Тэдний “Монгол руу цутгаж байна” хэмээн сайрхдаг мөнгийг нь эх орноороо дамжуулж, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалах гэсэн нь бидний буруу гэж үү.
Ийм хэмжээний бэл бэнчинтэй корпорациуд мөнгөө шажигнуулж ирээд л хөгжиж буй, буурай орнуудын эрх баригчдыг лообийдож дөнгөнө. “Тэд өөрсдийн дүрмээр тоглодог” хэмээн Жозеф Стиглиц эдийн засагч тэмдэглээд, шаардлагатай бол улс орнуудын Засгийн газарт авлига өгч, тусгай эрх эдлэх гэрээ (хөрөнгө оруулалтын гэрээ) хийдэг тухай бичжээ. Ялангуяа уул уурхайн компаниуд энэхүү бохир аргаар мэргэшсэн учраас өнөөдөр ихэнх улс “түүхий эдийн хавсарга” орон болсон байна. Иймэрхүү тусгай эрх, хөнгөлөлт эдэлснээр үндэстэн дамнасан уул уурхайн корпорациуд асар их ашиг олдгийг Жозеф Стиглиц хэлээд, харин тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулж шальдаггүйг онцолжээ.
Түүний хэлсэнчлэн, үндэстэн дамнасан корпорациуд, ялангуяа уул уурхайн компаниуд өөрсдийн гэсэн “тоглоомын дүрэм”-тэй. Тэд улс орнуудаас дүрмээр нь тоглохыг шаардаж, гэрээ байгуулдаг. Бас өөрсдийн гэсэн арга барилтай. Манайх шиг хөгжиж буй орнуудын эрх баригчид, албаны хүмүүсийн тархийг амархан угааж, шаардлагатай бол худалдаад авчихна.
Хэрцгий дарангуйлал энэ дэлхийд тогтоод удлаа
Тэдний тоглоомын дүрэм хэнд үйлчилдэг болохыг Латин Америк, Африкийн орнуудаас харж болно. Уран, газрын тос, алмааз, нүүрс гээд байгалийн баялгаар баян Африк тивийн ихэнх хэсгийг цөлмөчихсөн. Өргөн боломжийн нутаг гэгдэж байсан энэ бүс нутаг одоо ядуурал, өлсгөлөн, дайн самуунд нэрвэгдсэн дэлхийн хамгийн аюултай хэсэг болсон нь үн
Үндэстэн дамнасан корпорациуд хөрөнгө чинээ, хүч чадлаар ч дийлдэхээргүй хүчирхэг болчихоод байна. Засаг захиргаа, хууль дүрэм байдгийг умартаж огоорсон, байгаль орчноо шуналын сэтгэлээр золиосолсон тэднийг зогсоох хүч үнэндээ байхгүй гэхэд хэлсдэхгүй. Аль л баялагтай орнууд руу царцаа шиг дайрч уулыг нь эргүүлж, усыг ширгээгээд зутгаж оддог. Одоо тэдний хөлд үрэгдээгүй, хэтэвчийг нь түнтийлгээгүй газар нутаг цөөн үлджээ. Эх орноо цөлмүүлсэн иргэд бүү хэл элэг нэгтэн нь хүртэл тэднийг жигшдэг. Эх орноо уландаа гишгэсэн том корпорацийг улс үндэстнээрээ эсэргүүцэж буй ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн жилээс хүчээ авсан Өмнөд Солонгосын "Samsung Electronics" группийн удирдлага тойрсон дуулиан одоог хүртэл үргэлжилсээр. БНСУ-ын Тусгай прокуророос "Samsung Electronics" группийн ТУЗ-ийн дэд дарга И Жэ Ёныг баривчлаад байгаа.
Их хэмжээний авлига өгсөн хэрэгт сэжиглэгдсэн түүнийг баривчилснаар тус улсын эдийн засагт нөлөөлнө гэсэн болгоомжлол бий. Учир нь "Samsung Electronics" гэх энэ “вант улс”-ын БНСУ-ын эдийн засаг дахь нөлөө дэндүү их. Тус групп БНСУ-ын ДНБ- ий 15-20 хувийг дангаар бүрдүүлдэг гээд бод доо. Бас нэг жилд л гэхэд 1.1 их наяд ам.доллараар улсынхаа эдийн засгийг тэтгэдэг. Уг нь ийм дээрээ тулбал өмнөд солонгосчууд “Samsung”-ийг өмөөрмөөр. Гэвч хууль зөрчсөн, хэрээс хэтэрсэн үйлдэлтэй нь эрс тэмцэж байна. Гэтэл манай иргэдийн дорой буурайг, дээдсийн авилгад дуртайг нь ашиглан боловсон колоничлогчид дорд үзсээр байна.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ