Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хутагт, хувилгаадын үнэн учир


 

 Хутагт, хувилгаадын үнэн учир
“Хорвоогийн явдлын учир шүтэн барилдлаганд буй. Шүтэн барилдлагын дээд нь лам багшийг шүтэхэд оршино. Хүмүүн бүгдээр гэгээрэгсдийг шүтэж ирсэн хэдий ч гэгээн багш нь жанч халахын цагт өөр нэгэн хуурмаггүй дээдсийг номын ширээнд залж ирсэн уламжлалтай. Харин багш дээдсийнхээ дараах төрлийг эрж хайх, хойд дүр нь энэ мөн хэмээж хэн нэгнийг тодруулдаг уламжлал ер байсангүй.” Бурхны шашин дэлгэрсэн аль ч оронд, мөн Төвдөд ч анхандаа тийм заншил үгүй байв. Гэвч хожуу Гармаа Мижиддоржэ, удаа нь Ялгуулсан Гэндүнжамцыг тодруулан залснаар энэ үзэгдэл газар авчээ. Шашныг хүчлэн дэлгэрүүлэх, сүсэгтэн олныг байнгын амьд шүтээнтэй болгох, энд тэнд тодорсон хувилгаадын ид шид, увдисын тухай цуу яриа, ер бусын эрдэм, чадлын гайхамшгаар орон орны ухвар мөчид хүмүүсийг урхидан сөгдүүлэхэд энэ нь шалгарсан арга, хэрэгсэл болж ашиглагджээ. “Энэ хувилгаан Энэтхэгт тодрохдоо ийм гайхамшгийг үзүүлжээ. Хожим Төвдөд тодрохдоо ижилгүй ид шидтэн болжээ. Монголд тодорсон дүр нь тийм тийм гавъяа, чадлаараа гайхагджээ” гэх мэтээр олон дүрээр тодорсон хутагтуудын намтар, түүх зузаарч Ази дахины бишрэл, хүндэтгэлийг хүлээж маргах, эргэлзэх боломжийг бүрэн хаажээ. Гэвч бүх нийтээр төөрөлдөн байсан мөнхүү цаг үед энэ үзэгдэлд шүүмжлэлтэй хандаж чадсан ихэс дээдэс мөн байжээ. Жишээ нь Хам Рала хутагт бээр “Би болон над мэтийн хувилгаадын язгуур нь урьдын лам одож түүний уг сууринд эд баялгийн ирэх үүд хаагдваас идэх, уух, өмсөх, зүүхээс өөр санах, санаашрах зүйлгүй шадар сойвон бээр шинээр тодорсон нэгэн нялх хувилгааныг өсгөвөөс эд баялгийн хишгийн үүд дахин нээгдэх тул бидний идэх, уух, өмсөх, зүүх бүгд аяндаа цуглах болно. Багшийн нялх хойд дүрийг ардаа үүрвээс бас ч бусдаас илүү их эрхтэй нэгэн болох байх хэмээн тооцоод хүний балчир хүүхдийг элдвээр дээдлэн хуурмагийг үйлдэгчид л хутагт, хувилгаадыг тодруулдаг боллоо. Чингэж өмнөх ламын хойд төрөл гэж эндүүрэн сүсэгтэн олон аврал эрж өнгөтэй, өөдтэй, үнэтэй цэнэтэй бүхнээ барин ирцгээх болно. Эд баялаг ихэдсэнээс ихэнхид нь эрдэм, ухаан хорогдоод харин ч гэм согог бүгд нь арвидаж бусдыг өөд татах нь бүү хэл өөрөө ч тамаас өөр одох газаргүй болж байна. Ийм байдлыг үүдэж бүтээсэн хүмүүс, оролцогчид нь ганцхүү шуламс болон хилэнцийн нөхөр болохоос их ачтан огт биш юм” хэмээжээ. Бодвол Хам Рала хутагт бээр намтраа бичиж асан цаг үед хойд дүрээр тодорсон хутагт, хувилгаад хэмээгдэгсдийн дундаас цөөнгүй зарим нь эрдэм ном, буян ачлал, сахил санваар, гэгээрлийн зам, мөрөөс хальтран гарч нүгэл, тамын зүг рүү лавшран одоод байсан бололтой... 
Хойд дүрээр тодорсон бүхэн өмнөх дүрийнхээ зэрэг, зиндаанд хүрч гэгээрэх нь ховордоод байгааг Төвдөд ч, Хятадад ч, мөн Монголд ч ариун явдалтай шударгуу хамба, гэвш нар шүүмжлэн илчилж, энэ тухай ном бүтээлдээ ч бичиж тарааж байсан баримт олон юм. 
Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхтэй холбоотой нэгэн баримтыг л энд жишээ болгон дурдъя. Жирийн нэгэн төвд хөвүүн Гунгаажалцан (1182-1251) ном эрдэмд шамдан суралцсаар бандид цолыг олж ном бүтээл туурвин цэцэн мэргэнээрээ гайхагдах болсон үед нь Монголын Годан ноён түүнийг Хөх нуурт урин ирүүлж бурхны шашин дэлгэрүүлэхийг даалгажээ. Түүхэн тэр цаг үеийн олон шашин сурталтай биеэр танилцаж тодорхой үзэл, үнэлгээтэй болсон Годан дэлхий дахиныг аажмаар нэгэн шашин сурталтай болгох нь зүйтэй гэж үзээд бурхны шашныг бусдаас нь илүүтэйд үзэн төрийн бодлогоор дэмжиж газар авахуулахыг зорьжээ. Энэ санаагаа Гунгаажалцанг урьж бичсэн захидалдаа ч мөн тодорхой дурджээ. 
Саж бандид Гунгаажалцан нь Төвд нутгийн дундуур урсагч Зан мөрний ойролцоох тосгонд төржээ. Тэрээр бага наснаасаа авга ах мэргэн шидэт хэмээгдсэн Дагважалцанг шүтэж ихийг сурсан ба мөн Энэтхэгийн олон мэргэдээс хичээнгүйлэн суралцаж бандид цол авч, улмаар Сажаа хийдийн ширээт лам болжээ. Тэрээр Абида бурхны хувилгаан гэгдэх болсон бөгөөд түүний өмнөх дүрүүд нь Шарваагийн манлай Субуди, Нагаржунын шавь Сайн төгс нээгч, Адъяа-Гара нэрт, Гой хэлмэрч нар болно. Саж бандидын хойд дүрүүд нь Юн багш Базар шири, мэргэн шидэт Хайдав Гэлэгбалсан, богд Содном-Чоглан, ялгуусан Лувсандондов, банчэн эрдэнэ Лувсанчойжижалцан, банчэн эрдэнэ Лувсан-Иш, банчэн эрдэнэ Лувсанбалдан-Иш нар гэгддэг ажээ. Сажа нь (Цайвар шороот) төрсөн нутгийн нь нэр. Бандид нь Энэтхэг оронд очиж хүртсэн цол. Чингис хааны ач, Өгөдэй хааны хүү Годан ноёны урилгаар Гунгаажалцан Хөх хот, Бээжинд залагдан Бурханы шашныг дэлгэрүүлжээ. Саж бандид уйгаржин монгол бичгийг сонирхон судалж байсан бол түүний ач хүү Пагва лам (1235-1280) Хувилай хааны даалгавраар монгол дөрвөлжин үсгийг 1260-1269 оны хооронд зохиож 1269-1368 оны хооронд 99 жил төрийн бичиг болгон хэрэглэж байв. Гунгаажалцаны зохиосон Субашид судрыг XIV зууны эхээр дөрвөлжин үсгээр хэвлэжээ. Энэ судар хожуу Цахар гэвш Лувсанчүлтэмийн (1740-1810) орчуулгаар Монголд тархжээ. Цахар гэвш 39 настайдаа Субашидыг орчуулж байхад Гунгаажалцаны хойд дүр болох III Банчэн эрдэнэ Балдан-Иш Төвдөөс Бээжинд залагдан ирж байжээ. 
III Банчэн эрдэнэ Балдан-Ишийн (1738-1780) үед Төвдийн бурхны шашны ихэс дээдэс нь Монголд шарын шашныг улам хүчтэйгээр лавшруулан дэлгэрүүлэх зорилгоо Манжийн эзэн хааныг тахин шүтүүлэх зорилготой нягт уялдуулан хэрэгжүүлэхийг хичээх болсон байв. Энэ нь монголын цэрэг армид удаа дараа ялагдаж, эзлэгдэж байсан тангадууд, манж нар, хятадуудын зүгээс монголчуудыг номхруулах, хүн амыг нь цөөлөх, эд баялгийг нь барагдуулах, цэрэг дайны чадавхийг нь сулруулах замаар эртнээс нааш хуримтлагдсан өш хонзонгоо тайлах гэсэн хоруу санаа, бодлого байжээ. Мөнхүү үеийн Далай лам, Банчэн эрдэнэ нар “Манжийн хаан бол Жамсран сахиусын хувилгаан болох тул тэрээр монголчуудын хувьд бол Гэсэр хааны хойд дүр, лам тойн нарын хувьд бол Жамсран сахиус гэсэн үг” хэмээн сурталчилж Манжийн ноёрхлыг төрийн хийгээд шашин суртлын үүднээс зөвтгөж, цайруулж байв. Энэ нь цаагуураа Хятад төвийн улигт үзэлд нийцэж хятадууд, төвдүүд, монголчууд, манж нар бол угтаа гарал, үүсэл нэгтэй, төрийн ихэс дээдэс ба шашны ихэс дээдэс нар нь ч удам судар нэгтэй хэмээхийн илрэл, тусгал болж байлаа. Чингэж төр ба шашны ашиг, сонирхолд бүрэн нийцэж байсны учир Төвдөд төрсөн жирийн нэгэн хөвүүн болох Гунгаажалцан 1182 оноос 1778 оны үес гэхэд аль хэдийнээ хэд хэд дахин хувилан төрсөн, тодорсон амьд бурхан гэгдэгч Банчэн эрдэнэ болж дээдлэгдсэн, шүтэгдсэн, олон дүрийн нь намтар, түүх нь ид шид, гайхамшгуудаар дүүрч зузаарсан, лагшин биеэ дахин давтан солиод л мөнхөд байж байдаг шүтээн болчихсон байлаа. Ихэд төвдөчлөгдөж, асар ихээр хиртсэн, таних ойлгоход бэрхтэй болсон буддизм нь монголчуудын оюун санааны амьдралыг гэгээрүүлэх биш харин булингартуулах үйл, үрийг тарьсаар ирсэн нь дээрх мэт болой. 
Ардчилал бол хэрэг дээрээ хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн, үнэнд гүйцэгдсэн бүхнийг шинэчлэх үйл явц юм. Ард нийтийн оюун санааны ертөнцийг ч гэсэн хир буртгаас нь чөлөөлөх учиртай. Буруу суртлыг орхих, муу уламжлалаас салах, хоцрогдлыг арилгах, бүхнийг бүгдийг шинжлэх ухааны мэдлэгийн үндсэн дээр шинэчлэн эдүгээжүүлэх их хэрэгт төр, засаг, оюунлаг хүмүүс, сэхээтнүүд хичээнгүйлэн зүтгэх ёстой. Тэгж байж л бид үнэн боловсронгуй, орчин цагийн соёлтой нийгмүүдийг гүйцэж очих болно. 
Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэдэг. Тэгвэл Төвдийн төр, шашны ихэс дээдэс нар бүр үндэсний шашин-бизнесийн бодлогын хэмжээнд 20-50 дахин худалдаж идэж иржээ. 17 зууны дундуур Төвдөд дүрэлзэн ассан иргэний дайны галыг унтраах, шарын шашны урсгалыг ялалтад хүргэхэд Далай лам, Банчэн эрдэнэ нар чармайн зүтгэж гавъяа байгуулсан нь үнэн л дээ. Тэр хоёр цолыг Монголын ноёд олгосон нь ч үнэн. Их Монгол, Чингисийн Монголоос гарвалтай гэх энэ хоёр цолыг бодлогоор өргөж, дээдлээд амьд бурхад болгон титэмжүүлж, хойд дүрүүдийг нь тодруулан дуулиантуулж ашиглаж чадсан нь сөрөг гэлээ ч ихээхэн ухаалаг арга, мэх мөн юм шүү...
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
Эрхлүүлэх тусам эрээн бар шиг архирдаг хөрөнгө оруулагчид
Эрхлүүлэх тусам эрээн бар шиг архирдаг хөрөнгө оруулагчид
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.