Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, МБОИЗ-ийнхөн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, аймгуудын усны ай сав газрын мэргэжилтнүүд, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хамт олон, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд Баруун бүсийн усны ай сав газар болон усны барилга байгууламжтай танилцах сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Өнгөрсөн долоон хоногт баруун аймгуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа Гуулин тосгоны Гуулингийн усан цахилгаан станц, Тайширын усан цахилгаан станц, Дөргөний усан цахилгаан станц, Шүрэнгийн усан цахилгаан станц баригдах газар дээр нь очиж танилцсан юм.
Сургалтын гол зорилго нь Монгол Улсад ашиглагдаж буй УЦС-ын ашиглалт, байгаль орчны байдалтай газар дээр нь танилцах энэ сургалт өнгөрсөн сарын 24-30-ны хооронд зохион байгуулагдсан юм.
Бидний очсон эхний газар бол Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Гуулин тосгоны Гуулингийн усан цахилгаан станц байлаа. Монголын усан цахилгаан станцуудын анхных гэдгээрээ ихээхэн онцлогтой юм билээ.
1997 онд Монгол Хятадын хамтарсан компани барьж ашиглалтад оруулсан бөгөөд анхны хөрөнгө оруулалт нь 739,3 сая төгрөг болж байжээ. 2012 онд “Тайшир-Гуулин-УЦС” нэртэй төрийн өмчит компани болжээ.
Өнөөдрийн байдлаар Гуулин тосгон, Дэлгэр сум болон Завханы Шилүүстэй зэрэг сумыг 4-10 дугаар сарын хооронд цахилгаан эрчим хүчээр хангадаг. Өвлийн улиралд сул зогсолт хийдэг юм байна. Учир Завхан голоос усаа татдаг болохоор гол хөлддөг учир зогсдог гэнэ. Харин хавар тавдугаар сар гаргаад үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Өнөөдрийн байдлаар Гуулин тосгон, Дэлгэр сум болон Завханы Шилүүстэй зэрэг сумыг 4-10 дугаар сарын хооронд цахилгаан эрчим хүчээр хангадаг. Өвлийн улиралд сул зогсолт хийдэг юм байна. Учир Завхан голоос усаа татдаг болохоор гол хөлддөг учир зогсдог гэнэ. Харин хавар тавдугаар сар гаргаад үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Гуулингийн услалтын системийн ус дамжуулах сувгийг түшиглэн барьсан. Түрэлтийн хоолойн диаметр 1000 мм бөгөөд суурилагдсан хүчин чадал нь 400 КВт юм. Харин жилд үйлдвэрлэх эрчим хүч 540 ГВт.ц бөгөөд эвдрэл гэмтэл багатай ажилласаар байна.
Завхан голын усыг салаалан авч зөвхөн услалтын системд ашигладаг байсан бол тодорхой хувийг услалтын системд ашиглахаас гадна эрчим хүч үйлдвэрлээд Завхан голд буцаагаад нийлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, байгалийн усыг нь хэрэглэхээс өөр ямар нэгэн сөрөг нөлөө байдаггүй гэнэ. Өвлийн улиралд дизель түлшээр ажиллуулдаг бол зуны улиралд усаар хангадаг байна.
Одоогоор нэг менежер, долоон опертор ажиллаж байгаа бөгөөд сул зогсолтын үедээ 400 гаруй мянган төгрөгийн цалин авч, үйл ажиллагаа явагдаж эхэлсэн үедээ 800 мянган гаргаж цалинждаг гэнэ.
Энэ усан цахилгаан станц нь байгаль экологид ямар нэгэн сөрөг нөлөөгүй, экологийн доройтлын ул мөр илрээгүй байна. Харин ганц дутагдал нь усны нөөц байдаг гэнэ. Завхан голын усны түвшин нэмэгдвэл ус нэмэгдэж, татраад ирвэл багасах хандлагатай байдаг аж. Сувгийнхаа хог хаягдлыг талбай руу явуулалгүй цэвэрлэж авдаг гэнэ.
Тайширын УЦС жилдээ 37,0 сая кВтв.ц эрчим хүч үйлдвэрлэж байна
Тайширын усан цахилгаан станц нь Говь-Алтай аймгийн Улаанбоомын хавцалд 2004-2008 оны хооронд баригдаж ашиглалтад орсон. Говь-Алтай, Завхан аймгийн төв болон сумдыг цахилгаан эрчим хүчээр хангах, сумдыг эрчим хүчний шугамаар системтэй холбосон.
Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах урьдчилсан судалгааны ажлыг 1998-1999 онд Герман улсын Лахмейр компани хийж гүйцэтгэсэн бөгөөд ТЭЗҮ урьдчилсан судалгааны дүнд Тайширын УЦС-ыг байгуулах нь техникийн хувьд зөв шийдэл бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны талаасаа сөрөг нөлөөгүй учир барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Тайшир усан цахилгаан станц нь Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангаас 20,0 сая ам.доллар, Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хөгжлийн сангаас 13,0 сая ам.долларын зээлээр, Монголын талаас 5,9 сая ам.доллараар санхүүжигдэн хэрэгжсэн билээ.
Энэ усан цахилгаан станц нь аймгийн Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Яруу, Алдархаан зэрэг нийт 29 сумыг байнгын гэрэл цахилгаанаар хангаж байна. Нөгөөтэйгүүр энэ бус нутгийн эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна.
Тайширын усан цахилгаан станц байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийн байдлаар 115 сая Квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ.
Боомтын өндөр нь 58 м, боомтын урт нь 197 м, усан сангийн мандлын талбай 52,5 км2, сангийн эзэлхүүн 1020 сая м3, суурилагдсан хүчин чадал нь 11МВт бол жилд үйлдвэрлэх хүчин чадал нь 37,0 сая кВтв.ц байна. Ажиллах хүчин чадал нь жилийн дөрвөн улирлын туршид. Харин байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл байхгүй. Эрээн нуурын түвшин хуучин хүрч байсан түвшингээсээ илүү өндөр түвшинд хүрч нуурыг тойрсон эко систем сэргэсэн. Хиймэл Гэгээн нуур бий болсноор тухайн орчинд эко орчин бүрдэж, боомтоос доош орших Жаргалан, Тайшир сумын ард иргэдэд үер усны аюул байхгүй болсон. Түүнчлэн Улаанбоомын янгирын сүрэг идээшин амьдарч гадны аюулгүй тааваараа амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байна. Нууранд загас үржих таатай нөхцлийг бүрдүүлсэн. Одоогоор хоёр төрлийн загас байгаа бөгөөд нэг нь Монгол хадран боломжийн үржиж байна. Энэ загас хаана ус цэвэр байна тэнд үржих боломжтой гэж судлаачид үзжээ. Хоёр төрлийн загасыг нутагшуулаагүй бөгөөд өөрсдөө голоо дагаж иржээ.
Тайшир дээр голын урсацыг шилжүүлэх хоёр туннель байгуулагджээ. Нэг нь 325 метрийн урттай туннелийг дөрвөн сарын дотор л барьжээ. Энэ тунель доогуур хоёр машин чөлөөтэй зөрөх боломжтой аж.
Хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангаж ажилладаг бөгөөд ашиглалтад орсон цагаас хойш үйлдвэрлэлийн осол гараагүй гэнэ.
“Гуулин-Тайшир УЦС”-компанийн гүйцэтгэх захирал, усны инженер Д.Амартүвшингээс зарим зүйлийг тодруулав.
-Тайшир усан цахилгаан станцыг баригдснаас хойш Завхан гол татарсан гэж нэг хэсэг шуугисан даа. Одоо бол усны урсац сайн байгаа гэж байна?
-Тэр яриа гардаг жил гангийн улирал таарчихсан юм. Хоёр жил дараалан ган болохоор голын ус татралгүй яах вэ. Тухайн үед 400 гаруй гол горхи Монгол Улсын хэмжээнд ширгэсэн байдаг. Үүнтэй холбоотой Эрээн нуур ширгэж, Завхан гол татарлаа гэж ярьсан. Харин 2009 оноос хойш устай жилүүд үргэлжилж Тайширын усан цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлсэн. УЦС байгуулж том далан байгуулснаар Завхан гол удирдлагатай болсон. Ямар ч үер болж гамшиг үүссэн ч саваа эвдэж, зэрлэг үер явахаа больсон.
-Одоо энэ станцад хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Тайширт 32 хүн, Гуулинд найман хүн гээд нийт 40 хүн ажиллаж байна.
-Одоо нийт хэдэн хоолойтой бэ?
-Усан цахилгаан станцийн хүчин чадлын хувьд суурилагдсан хүч нь 11 МВт, гурван том хоолойны нэг нь 3,4 мвт-ын хүчин чадалтай. Жижиг нь 650 мвт-ын хүчин чадалтай. Оргил ачаалалд гурван хоолойг ажиллуулна. Одоогоор хоёрыг нь ажиллуулж нэг нь нөөцийн байдалтай байна.
“Тайшир” УЦС-ын механик инженер Ц.Базарсад “Хуучин тоног төхөөрөмж байхгүй. 2007 онд тоног төхөөрөмжийг угсарсан бөгөөд тухайн ондоо үйлдвэрлэснийг Хятадаас авсан. Тухайн үедээ гурван жилийн баталгаа өгсөн бөгөөд тэрнээс хойш 100 жилийн баталгаатай гэж хэлсэн” гэв.
Баруун бүсийн эрчим хүчний 25-30 хувийг Дөргөний УЦС хангаж байна
Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт Чоно харайхын гол дээр 2005-2008 оны хооронд Дөргөний усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулсан билээ.
ТЭҮЗ-г нь 1992 онд ОХУ-ын “Гидропроект” институт боловсруулж, урьдчилсан судалгаагаар Дөргөн УЦС-ыг байгуулах нь техникийн зөв шийдэл бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй учир барьж байгуулах зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Дөргөний усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 12 МВт, жилдээ 38,0 сая Квт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Гурван агрегаттай байх бөгөөд нэг нь 4МВт-ын хүчин чадалтай ажиллаж байна.
Баруун бүсийн эрчим хүчний хангамж 100 хувь ОХУ-аас хамааралтай байсан бол Дөргөний УЦС ашиглалтад орсноор 25-30 хувийг нь хангаж байна.
Дөргөний УЦС-ын завсарын албаны дарга Г.Дашдорж “2008 оны зургадугаар сард анхны машин ажиллаж эрчим хүчийг үйлдвэрлэж эхэлсэн. 2010 онд улсын комисс хүлээж авч албан ёсоор үйл ажиллагаагаа жигдрүүлсэн. Дөргөн сум аймгийн төвөөс алслагдмал дэд бүтэц хөгжөөгүй бөглүү сум байсан. Өнөөдрийн байдлаар 24 цагийн гэрэл цахилгаанаар хангагдсан. 2016 онд манай станц 47,8 сая квт эрчим хүч үйлдвэрлэж, 45,3 сая квт цаг эрчим хүчийг баруун бүсийн системд зарж борлуулсан байна. Жилд орон нутгийн төсөвт ус ашигласны төлбөрт 82 сая төгрөг, газрын төлбөрт 5 сая, мөн сум орон нутагт болж байгаа арга хэмжээнүүдэд тодорхой хэмжээний хандив тусламж өгдөг. Өнгөрсөн онуудад усны түвшин сайн нэмэгдсэн. Гэхдээ гантай жилдээ гол тасарч, үертэй жил усны түвшин нэмэгддэг. Ер нь бол баруун аймгуудын эрчим хүчийг дангаараа аваад явчих хүчин чадалтай. Нэг квт цагийг баруун бүсэд 35 төгрөгөөр худалддаг. ОХУ-аас 110 төгрөгөөр авдаг. Техникийн үзүүлэлтээр 35 жил тоног төхөөрөмж засваргүйгээр ажиллаж, усны барилга байгууламж 100 жил ажиллана гэж үзэж байгаа” гэлээ.
Түүнчлэн загас өнгөрүүлэх байгууламжийг төлөвлөж өгсөн. Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээнд тусгагдсан менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг бүрэн хийсэн байна.
Шүрэнгийн УЦС барихыг дэмжиж байна
Олон жилийн өмнө яригдаж төлөвлөгдөж байсан Шүрэнгийн УЦС-ыг барих асуудал өнөөдрийг хүртэл ярих хэлэлцэх сэдэв болсон хэвээрээ байна.
Уг нь Сэлэнгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт Шүрэнгийн усан цахилгаан станцыг барих асуудлыг мэргэжлийнхэн судалсаар ирсэн. Энд барих нь хамгийн тохиромжтой чухал гэж үзсэн.
Хэрвээ энэ станц баригдвал төвийн эрчим хүчний системийн ачаалалын горимд тохируулга хийх болон ОХУ-аас импортолж буй эрчим хүчний хэмжээг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой.
Энэ усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 245 МВт, жилд үйлдвэрлэх эрчим хүч нь 962 сая квт.ц, усан сангийн эзлэхүүн 4,200 сая м3, усан сангийн мандал 203 км2 байх гэнэ.
Өнөөдрийн байдлаар ТЭЗҮ нь хийгдээгүй бөгөөд урьдчилсан судалгаагаар энэ УЦС-ын нийт хөрөнгө 780 сая ам.доллар болохоор байгаа ажээ.
Өнгөрсөн сард Эрчим хүчний яам болон холбогдох газруудаас Буриад улсын ард иргэдтэй Шүрэнгийн УЦС-ын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийгээд ирсэн байна.
Энэ усан цахилгаан станцыг барихыг Монголын ард иргэд дэмжиж байгаа юм. Манайх ОХУ-аас 300 орчим Мвт цахилгаан эрчим хүч авдаг бөгөөд жилд 25-30 сая ам.долларын төлбөр төлдөг аж. Тэгэхээр жилд ийм их хэмжээний мөнгө гадагш нь урсгаж байхаар усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах нь зөв гэдгийг олон хүн дэмжсээр байна.
Одоогоор ТЭЗҮ болон БНБОҮ, БОННҮ-ний ажлын даалгаврыг боловсруулж, судалгааг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа аж.
О.Сайхан