Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай юу. Зарим иргэд бол дэмжихгүй, зарим нь дэмжсэн байр суурьтай байна?
-Үндсэн хууль нь манай улсын хувьд монгол орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын оршихуйн хамгийн том эх сурвалж болсон “Эцэг хууль” юм. Үндсэн хууль маш сайн хууль болсон учраас өнөөдрийг хүртэл бусад хууль буюу эрх зүйн үндсийг сахин хамгаалж үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Гэхдээ энэ удаад Үндсэн хуулийг өөрчлөхдөө дэлхийн улс орнууд үндсэн хуулиа хэрхэн яаж өөрчилдөгийг харах ёстой. Эрдэмтэн судлаачдын гаргасан судалгаагаар дунджаар 15-17 жилийн давтамжтайгаар хуулиа өөрчилдөг. Энэ утгаар нь авч үзвэл Үндсэн хууль 25 нас хүрч, 15-17 жилийн насжилтыг давсан байна. Тиймээс Монгол орны өөрийн өвөрмөц байдал, стратегийн байршил зэрэг олон зүйлээс шалтгаалж нийгэмд зайлшгүй хийх өөрчлөлтүүд бий болсон гэдэг нь тодорхой байгаа юм. Гэхдээ зарим хүмүүсийн яриад байгаа шиг Үндсэн хуулиас болж улс хөгжихгүй, болохгүй байна гэдэгтэй би санал нийлэхгүй. Харин ч үүргээ биелүүлж байгаа. Хөгжил дэвшлийг урагшлуулахын тулд эрхзүйн шинэчлэл, өөрчлөлтийг хийх шаардлага байгаа гэдэг талаас нь харах хэрэгтэй.
-Зөвлөлдөх санал асуулга ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. Санал асуулгад нийт 1500 гаруй хүн оролцоно гэсэн мэдээлэл байгаа. Энэ нь ард түмнийг төлөөлж чадах уу?
-Санал асуулгыг шинжлэх ухааны талаас авч үзвэл хоёр талтай. Бүх нийтээс санал асууж байгаад Үндсэн хуулиа өөрчилнө гэвэл өөрчилж болно. Гэтэл Үндсэн хуулийн ач холбогдол, хуулийн эрхзүйн чадамж, наслах хугацаа зэргийг урьдчилж хараад иргэнийхээ хувьд хууль зүйн том дүгнэлт өгөх чадвар хүн болгонд байх албагүй. Учир нь хүн болгон хуульч биш. Хүн бүр нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдоггүй. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоод, өөрчлөөд явдаг хүмүүс бий. Энэ бол ганцхан монголд ч биш. Дэлхийн аль ч улс оронд байдаг зүйл. Магадгүй одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулвал 25, 30 жил амьдрах даацтай, бүх алдаагаа зассан хууль батлагдахыг бид зорих ёстой.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал аль өнгөрсөн парламентийн үед яригдаж байсан. Гэвч олон нийт дордуулсан заалтууд орууллаа хэмээн шүүмжилж байсан. Одоо ажлын хэсэг хэрхэн яаж өөрчилж байгаа вэ?
-Нэмэлт өөрчлөлтүүд нь нийгэмд сайн үр дүн авчраагүй учир иргэд дордуулсан долоон заалт, Үндсэн хуулийн өөрчлөлтөд сайжруулсан заалт байхгүй хэмээн шүүмжилсэн нь тодорхой. Тиймээс бид одоо яаж сайжруулах юм, аль алийг нь буцааж хэвэнд нь оруулах юм, эсвэл шинээр ямар агуулга нэмэгдэх юм, ямар зохицуулалт хийх зэргийг маш олон талаас нь шинжлэх ухаан ч байдлаар тооцоо судалгаатай, алсын хараатайгаар харж хийх гэж байна.
-Зарим нэг судлаачид Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэгш хуваарилалт алдагдсан хэмээн шүүмжилж буй. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулинд эрх мэдлийн хуваарилалтыг гүйцэтгэх засаглал, шүүх засаглалд хуваарилаад өгчихсөн байдаг. Өнөөдрийн байдлыг харахаар Монгол Улс парламентийн засаглалтай ч юм шиг, Ерөнхийлөгчийн хагас засаглалтай ч юм шиг харагддаг. Ерөнхийлөгч хууль санаачлах, хуулинд хориг тавих эрхтэй. Тэгсэн мөртлөө эрхээ эдлээд хориг тавихаар УИХ-ын гишүүд тавьсан хоригийг нь хүлээж авахгүй чуулганд унагаж байх жишээтэй. Энэ бүхнээс харахад 25 жилийн турш хэрэглээд шалгагдаад гараад ирсэн буруу зүйлийг засах нь маш зөв шийдэл. Парламентийн эрх мэдэл дэлхийн улс орнуудад ямар байдаг, дангаараа хууль тогтоох байгууллага гээд аваад үздэг нь хэд байдаг зэргийг сайн судлах хэрэгтэй. Дийлэнх нь хууль тогтоох Засгийн газраа, сайдуудаа томилдог үүрэгтэй нь хэд байдаг юм гэхээр магадгүй цөөхөн байх жишээтэй. Тиймээс сайн муу жишгүүдийг сайн харьцуулж харах хэрэгтэй.
-Үүнд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Өөрчлөлт оруулахыг судалж байгаа болохоос яг өөрчлөлт оруулна гээгүй. Өөрчлөлт оруулах субьект нь УИХ. Гэхдээ УИХ нийт гишүүдийнхээ гуравны хоёрын дэмжлэгийг авсан тохиолдолд өөрөө явах ёстой. Тэгээд тэр өөрчлөлт оруулахыг УИХ шууд шийдэхгүй. Бүх ард түмний санал асуулгыг асуугаад ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ их хурал дээр ярина. Дэлхийн улс орнуудад улс төр нь төгөлдөршөөд, улс төрийнх нь, парламентийнх нь чадвар сайжирч байгаа тогтсон жишгүүд байна. Жишээ нь, нэг томоохон тээврийн осол гарахад сайд нь "ёсзүйгээрээ би энэ алдааг гаргахгүй байх үүрэгтэй байсан, би анхаарлаа хандуулаагүйн улмаас огцорч байна" гээд огцордог тийм л цэвэр тунгалаг улстөрийг бий болгохын тулд эрх мэдлийн зөв хуваарилалтыг бий болгох хэрэгтэй. Үнэхээр хэн нь томилогдох ёстой юм, хэн нь сонгогдох ёстой юм гээд. Хотын даргын асуудлыг ч гэсэн эрхзүйн байдлын тухай хуулиараа аваад үзвэл хотын дарга юм хийх гээд байж байхад нь 45 нөхөр хуралдаад огцруулаад байгаа нь зөв үү буруу юу. Юм хийж чадна гэсэн хотын даргаа хотын иргэд нь сонгодог болчихвол тэр сонгогдсон хотын дарга өөрөө дөрвөн жилийн хугацаанд ард түмний өмнө илүү тогтвортой сайн ажиллах болно.
-Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь УИХ-ын гишүүн байна гэх заалт хэвээрээ байгаа юу?
-Өмнөх парламентийн үед орсон заалт боловч харамсалтай нь амьдрал дээр хэрэгжихгүй. 16 яамтай байхад 16-уулаа бараг УИХ-ын гишүүд байсан тохиолдол өнгөрсөн Засгийн газарт байж л байсан. УИХ-ын гишүүн хууль тогтоомж, санал гээд маш их ажилтай байж бүхэл бүтэн нэг Засгийн газрын яам хариуцах нь аль нэг ажил нь дутмаг явагдана гэж би хувь хүнийхээ үүднээс хардаг. Тиймээс 30 хувиас доошгүй байна гэдэг нь бодлогын яам байна уу чиглэлийн яам байна уу гэдгээр нь ялгаж өгч байна.
-Хоёр танхимтай байх санал яригдаж байсан?
-Олон улс оронд байдаг жишиг. Яг хуулиа боловсруулах буюу парламентийн үндсэн үйл ажиллагааг явуулах нэг танхимтай. Тэрэн дээр нь Үндсэн хууль, Улсын төсөв гэхчлэн томоохон хуулиудаа хэлэлцээд, эрхзүйн томоохон шинэчлэл зэргийг хоёр танхим нийлж шийдвэрээ гаргадаг байдаг. Гэхдээ Засгийн газар хэн нэгнийг дуурайхдаа гол нь биш монгол хөрсөнд буулгаж, судалж, өөрчлөлтийг хийвэл хийсэн шиг хийх нь зөв. Түүнээс дордуулсан өөрчлөлт угаасаа хэрэггүй. Түүнээс биш хийгээгүй нь дээр.
Б.Чимэг