Цагдаагийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн ард түмний аюулгүй байдал болон эрдэнэт хүний амь насыг аварсан олон сайхан гавьяатай үйл явдлууд ар араасаа тохиосоор байна.
Хэдхэн хоногийн өмнө Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч залуу жорлонд унасан нярайн амийг аварч, бүхэл бүтэн нэг хүнд амьдрал, нэг айлд азжаргал бэлэглэсэн баатарлаг гавьяа бүтээсэн бол мөн л орон нутагт хэсгийн төлөөлөгч гурван хүүхдийн амийг аварсан үйл явдал цахим сүлжээнд тарж эхлэв.
Тодруулбал, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох энэ сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд осгосон байдалтай байхад нь амь насыг нь аварчээ.
Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох “ Намайг очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр гурван хүүхэд хэвтэж байсан. Би ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй болтлоо осгосон зогсож байсан ба 4 настай, 5 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн” гэжээ.
Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийж 5 настай хүү Долгорсүрэнгийн Ганхуяг, 4 настай хүү Туулийн Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орж, 7 настай хүү Сугарсүрэнгийн Цэрэнрандалд анхны тусламж үзүүлжээ.
Одоогоор дээрх гурван хүүхдийн биеийн байдал сайжирсан ба хүүхдүүдийн эцэг эх, төрөл садан, Цахир сумын иргэд, төр захиргааны байгууллага хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж гурван хүүхдийн алтан амийг аварсан гавьяат үйлсэд талархал илэрхийлсэн байна.
Дээрх хүүхдүүд 12 цагийн үед голоос ус авах гэж очоод голын мөс цөмрөн улмаар усанд 40 орчим мерт урсаж голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр тогтоод байхад нь цагдаагийн алба хаагч 18.00 цагийн орчим аварсан байна.
Ийнхүү Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн сумын иргэн Г.Эрдэнэбат нартаа Архангай аймаг дахь цагдаагийн газрын нийт алба хаагчдаас талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсчээ.
О.Сайхан