Засгийн газрын ээлжит 17 дугаар хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгана
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан:
- Илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, зөрчлөө давтан гаргахгүй байх, энэ онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах тайлангийн үнэлгээнд хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх
- Энэ онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар зарлах
- Урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгах, зургадугаар сарын 15-ны байдлаар шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлэх, энэ өдрөөс хойш гэрээ байгуулахгүй байх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.
Зээлийн хэлэлцээрүүдийг дэмжив
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.
“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй үед эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.
Эхний хөтөлбөрийг 2015-2016 онд амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч эдийн засгийн өсөлт саарч, макро эдийн засгийн хүндрэл, хуримтлагдсан өр, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулах шаардлагатай болсон. Энэ үүднээс Засгийн газар Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэгтэй хамтран ажиллаж байна.
Энэ удаа Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлээр бодлогын 19 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.
Банкны салбарт 100 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлнэ
Банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсдэг. Энэ бүхнээс үүдэн Засгийн газар банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нь.
Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг бодлогын 12 арга хэмжээ авах юм.
Банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өсч, 2016 оны байдлаар эргэн доголдолтой зээл нийт зээлийн 14.2 хувь буюу 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өнгөрсөн оны эцэст өнгөрсөн зургаан жилийн хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулахыг дэмжив
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.
Нэг тэрбум ам.доллар хүртэл хэмжээний зээлийг БНХАУ олгох бөгөөд энэ зээлээр дэд бүтэц болон бусад салбарт төсөл хэрэгжүүлнэ. Зээлдэгч талын хүсэлт гаргаснаар зээлээр төслийн гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлэх зорилгоор ашиглана. Хэрэв төслийн гэрээнд төлөвлөх, худалдан авах ажиллагаа болон барилгын ажил тусгагдсан бол үүнийг зээлдүүлэгчийн санхүүжүүлэх хэмжээнд оруулж тооцно гэсэн утга бүхий нэмэлт өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна.
БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь долоон жил, зээлийн санхүүжилт 85 хувь, Засгийн газрын санхүүжилт 15 хувь байх зээл авах тухай ерөнхий хэлэлцээрийг талууд 2015 оны 11 дүгээр сард байгуулж, мөн сард УИХ соёрхон баталсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.